| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00605/и |
| Дугаар | 594 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 594
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ68100218, Хошууд овогт Рагчаагийн Хүдэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ноос ноолуурын холбооны гишүүн Ц.Батхуягт холбогдох,
Арьс, ширний урамшуулал 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Хүдэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн иргэн бөгөөд мал маллаж амьдардаг. Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1464 дугаар бүхий арьс ширний ченж Ц.Батхуягт 70 хонины арьс, 40 ямааны арьс, 2 адууны арьс, нийт 112 ширхэг түүхий эд хүлээлгэн өгч арьс шир бэлтгэлийн орлогын баримт, падаан бичүүлэн авсан. Гэтэл үйлдвэрлэлийн мэдээлэл үгүй гэсэн үндэслэлээр урамшууллын мөнгө ороогүй. Ченж Ц.Батхуяг руу удаа дараа ярьсан боловч манайд хамааралгүй гээд хүлээн аваагүй тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.Батхуягаас арьс ширний мөнгөн урамшуулал 250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Хүдэр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус шүүхэд арьс ширний урамшуулал 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Хүдэр нь хариуцагч Ноос ноолуурын холбооны гишүүн Ц.Батхуягт холбогдуулан арьс, ширний урамшуулал 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Хүдэр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 төгрөгийн тал хувь буюу 4075 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 4075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хүдэрт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ноос ноолуурын холбооны гишүүн Ц.Батхуягт холбогдох арьс, ширний урамшуулал 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Р.Хүдэр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 4075 /дөрвөн мянга далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Хүдэрт олгож, 4075 /дөрвөн мянга далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ