Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00175

 

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дүгээр шийдвэр,

     Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Ц-

          Хариуцагч: П.Б-д холбогдох

          А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013-03-12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 36,297,661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч П.Б-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: П.Б- бид 2 “А..” ХХК-ийн тус бүр 50%-г эзэмшдэг бөгөөд П.Б- компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг байсан. П.Б- “А..” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хууль зөрчиж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын болон ААН-н орлогын албан татвар, ажилтнуудын цалин хөлс, бусад харилцагч нарт их хэмжээний өр үүсгэн компанид хохирол учруулсан байна. Үүнд: нийгмийн даатгалын шимтгэл 9,480,047 төгрөг,татварын өр 23,332,095 төгрөг, цалин хөлсний зөрүү 5,840,184 төгрөг, Баярмаагаас өндөг, тахианы мах зээлээр авсан 1,776,650 төгрөг, Өрнөхөөс мах зээлээр авсан өр 6,087,000 төгрөг, Мөнхбатаас зээлсэн мөнгө 2сая төгрөг, компанийн хувьцааны 50% болох 12,624,500 төгрөг, нийт 61,140,476 төгрөг болж байна. Компанийн тухай хуулийн 84.3.2-н дагуу эрх бүхий албан тушаалтан гэдэгт гүйцэтгэх захирал хамаарч байна. Компанийн тухай хуулийн 84.4.4-г зөрчсөн тул өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээх ёстой. 61,140,476 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлээ ИХШХШТХ-н 106.3-т заасны дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр түр татан авч байна. 2016-07-28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг П.Б- төлөх үүрэгтэй. дүрмүүд болон тогтоолууд Хүчин төгөлдөр бус болох нь хэрэгт цугларан баримтаар тогтоогдоно. Иймд А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн тэмдэглэл болон дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр хийгдсэнээс гадна хувьцаа эзэмшигч Ц.Ц- миний гарын үсгийг хуурамчаар зурсан тул 2013-03-12-ны өдрийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна. П.Б- А.. ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа татварт 26,817,614 төгрөг, нийгмийн даатгалд 9,480,047.73 төгрөг нийт 36,297,661 төгрөгийн төлбөр үүсгэж компанийг хохироосон уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ц.Ц-, Д.Туяа, П.Б- нарын хооронд хийгдсэн 2003-10-25-ны өдрийн А.. ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн тухай хэлцэлийг хүчингүйд тооцуулах гэжээ. Энэ шаардлагаа нотлох гэж тухайн үеийн хурлын тэмдэглэлийг хавсаргаж өгсөн байна. А.. ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ямар хууль бус ажиллагаа явуулсан гэсэн нь тодорхойгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг ИХ-н 82.4-тт зааснаар сэргээлгэнэ гэдэг. 2003-10-25-ны өдрийн А.. ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхэд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байхыг шаардана. Энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр 2016-08-10-ны өдрийн 459 дугаар шийдвэр байгаа тул дахин энэ асуудлаар шаардлага гаргах эрхгүй. Ц.Ц-, Д.Туяа, П.Б- нарын хооронд 2003-10-25-ны өдөр хийгдсэн гишүүдийн хэлцэлийг хүчингүйд тооцуулах гэсэн шаардлага нь ойлгомжгүй байна. Ямар үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухайгаа дурдаагүй. Компанийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус ажиллагаа явуулаагүй. 2013-10-25-ны өдөр А.. ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурал болоогүй. Компанийн төлөх ёстой өглөгийг хариуцагч төлөх үндэслэл байхгүй. Гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй. 2003-10-25-ны өдрийн А.. ХХК-ийн дүрэм нь хүчин төгөлдөр хэлцэлийн үндсэн дээр батлагдсан байгаа. 2013-03-12-ны өдрийн А.. ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Дээрх дүрмүүдэд Ц.Ц- нь өөрөө гарын үсэг зурсан бөгөөд зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөн гэжээ.

      Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 142/ШШ2019/00099 дугаартай шийдвэр гаргаж, “....А.. ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003-10-25-ны өдрийн А.. ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, П.Б-гээс: Ч.Баярмаагаас өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас зээлээр авсан махны төлбөр 6.087.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Мөнхбатаас зээлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулах...” шаардлагаа Ц.Ц-  татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д заасныг тус тус баримтлан “...А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэл, А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн компанийн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, А.. ХХК-ийн 2013-03-12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох 26.817.614 төгрөг болон 9.480.047.73 төгрөг гаргуулах..”тухай Ц.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.010.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

       Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 480,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Ц.Ц- өөрийн нөхөр болох П.Б-г зөвхөн компанийн гүйцэтгэх захирлаар томилохыг хүлээн зөвшөөрч 2003-10-25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэдэг. Энэ нь дараах баримтуудаар нотлогддог. П.Б- компанийн гүйцэтгэх захирал болсноосоо хойш нэг ч удаа компанийн бичиг баримтыг нэхэмжлэгчид үзүүлж байгаагүй гэдэг. Тэр ч байтугай 2013-03-12-ны Компанийн Дүрмийг ганцаараа зохиож Бүртгэлийн газар бүртгүүлснийг Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. /ХХ2, 179/. Энэ нь П.Б- эхнээсээ л өөрийгөө энэ компанийн хувьцаа эзэмшигч болсныг Ц.Ц-эд мэдэгдэхгүй гэсэн нь харагдаж байна. Хэрэв Ц.Ц- 2003 онд П.Б-г компанийн хувьцаа эзэмшигчээр хүлээн зөвшөөрсөн бол П.Б- компанийн Дүрмийг 2013 онд шинэчлэн найруулахдаа Ц.Ц-ээс нуух шаардлагагүй байсан. /ХХ2, 154,157-161/ 1999-12-15-ны өдрийн Компанийн дүрмээр бол 2003-10-25-ны өдрийн байдлаар А.. ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Ц Ц- байсан. /ХХ2, 35/ Хувьцаа эзэмшигчийн хүсэл зоригийн илэрхийлэл /Иргэний хуулийн 39-р зүйл/ болсон Хувьцаа эзэмшигчийн шийдвэр байдаггүй. Бүртгэлийн газрын архиваас авсан лавлагаанд Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ зэргийг наториатаар батлуулсан хуулбарууд байдаггүй. Ц.Ц-ийн 100%-ийн хувьцаанаас хууль бусаар шилжүүлж авсан. Энэ бүгдээс харахад П.Б- хууль бус үйлдлээ нуухын тулд Бүртгэлийн газарт дутуу баримт бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Энэ нь 2003-10-р сараас дагаж мөрдсөн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, ҮТЕГ-ын даргын 2003 оны 182 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн. “Шүүх нэхэмжлэгчийг гарын үсэг зурсан өдрөөсөө эхлэн өөрийнхөө эрхийг зөрчигдөж байгааг мэдэх ёстой байсан 2016 оноос энэ эрхээ мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь зөв болжээ. А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Туяа нь оролцоогүй талаар гэрчийн мэдүүлэг өгчээ. Гэхдээ Д.Туяа нь уг хэлцэл дээрх өөрийнхөө гарын үсгийн талаар хуурамч, хуурамч биш талаар маргадаггүй, энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй мөн зохигчид энэ талаар маргаан үүсгээгүй байгаа тул тухайн хэлцэлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.” гэжээ. Гэтэл Компанийн 50%-н хувьцаа эзэмшигч байсан Д.Туяа 2017-06-15-ны өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “50%-н хувьцааг Цэрэнхүү гуайд ямар нэгэн мөнгөн төлбөрөөр худалдаагүй зүгээр шилжүүлж өглөө гэж хэлээд явсан.”, “...2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үзүүлэхэд, ХТ: Мэдэхгүй. Би энэ хуралд оролцоогүй энэ тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш байна.’’ гэж мэдүүлдэг. /ХХ2, 8-9/. Хурлын тэмдэглэлийн агуулга нь Д.Туяа өөрийн оруулсан 12,624,500 төгрөгийн хөрөнгөө компаниас авч гаран түүний оронд П.Б- 12,624,500 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцож байгаа мэтээр хийсэн хэлцэл байдаг. Уг хэлцэл дээрх Д.Туяагийн гарын үсгийг П.Б- хуурамчаар зурсан нь нотлогддог. Д.Туяагийн гэрчийн мэдүүлэг, Ц.Ц-ийн шаардлага, мэдүүлэгт хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэрэглэх ёстой ИХ-н 56.4-т заасныг хэрэглээгүй. Хариуцагч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт компанийн 50%-н хувьцааг худалдаж, аль эсвэл бэлгэнд авч байгаагаа тайлбарлаж чаддаггүй. Гэрч Д.Туяагийн мэдүүлэг ёсоор компанийн Дүрмийн санд өөрчлөлт ороогүй байхад П.Б- яагаад Дүрмийн санг нэмэгдүүлээд байгаа юм бэ? Д.Туяад компанийн хувьцаа огт байхгүй байхад П.Б- түүнээс компанийн 50%-г авч байгаа мэтээр хурлын тэмдэглэл үйлдсэн нь үнэхээр утгагүй юм. ИХ-н 198.1-д зааснаар П.Б- компанийн 50%-г шилжүүлэн авах ямарч боломжгүй юм. Мөн П.Б- өөрөөсөө нэг ч төгрөг гаргаж компанид хөрөнгө оруулаагүй, компанийн захирал байхдаа компанийн хөрөнгөөр 00, халуун усны газар барьсан гэдгийг гэрч С.Рэгзэдмаа, Б.Пүрэвсүрэн нар мэдүүлдэг. /ХХ3, хуудас 134-135, 138-139/ Компанийн хувьцааг П.Б- шилжүүлж авч байгаа бол хариу төлбөртэй байх ёстой. Энэ нь ИХ-н 243.1-д зааснаар зохицуулагдана. Гэтэл хоёр шатны шүүх энэ хуулийг хэрэглээгүй. ..Булган аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-8-10-ны өдрийн 459 дугаар шийдвэрээр “... Ц.Ц- нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тул түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ...” гэжээ. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.  Ц.Ц- нь эцгийнхээ хөрөнгийг өв залгамжлан авч 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэлээр П.Б-д компанийн 50%-н хөрөнгийг шилжүүлсэн өгсөн үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.” гэжээ. Ц. Ц- нь эцгийнхээ хөрөнгийг өв залгамжлан, өвийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин ИХ-н 530.1-д зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд бусдад худалдах ёсгүй байсан талаар маргасан. Компанийн 50%-н хувьцаа эзэмшигч Цэрэнхүү нь 2003-7-01-ний өдөр нас барсан. Түүний өв 2004-7-01-ний өдөр нээгдэх ёстой. Ц.Ц-ийн өв хүлээн авсанд тооцох өдөр нь 2004-10-01-ний өдөр байсан. (2004-07-01ний өдөр /өв нээгдэх өдөр/ дээр 3 сар буюу 90 хоног /Иргэний хуулийн 528.1-д заасан гурван сар/-ийг нэмбэл 2004-10-01 өдөр) Гэтэл шүүхүүд өв нээгдэх өдрийг талийгаачийн нас барсан өдрөөс эхэлж тоолон ИХ-н 528.1, 530.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн ИХ-н 191.1-д хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцлийг зааж өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх ИХ-н 191.1, 530.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ц.Ц- А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Компанийн Дүрмийг П.Б- хүсэл зоригийх нь эсрэг, хууль зөрчиж хийсэн болохыг 2016 онд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн төрсөн ах, эгч болох Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсэхэд анх мэдсэн байдаг. /ХХ1, 87-89/ Хөөн хэлэлцэх хугацааг ИХ-н 76.1, 76.2-т тодорхой заагаад өгчихсөн. Ц.Ц- өөрийнх нь эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн үеэсээ шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2013 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай болсон тул компанийн дүрмээ өөрчилснийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байсан гэх П.Б-гийн тайлбараар нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг шүүх хэрэгсэхгүй бслгосон нь үнэхээр гайхалтай. Ц.Ц- өөрийнхөө өмнөөс тогтоол, Дүрэм дээр гарын үсэг зурахыг П.Б-д итгэмжилж төлөөлөх эрх өгөөгүй байхад П.Б- хуурамчаар гарын үсэг зурсан болох нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /ХХ-2, 179/. Магадлалд ямар үндэслэлээр Ц.Ц-ийн өмнөөс гарын үсэг зурсан П.Б-г зөвтгөж байгаагаа тайлбарлаж чадаагүй байна. Харинч эсэргээрээ П.Б- өөрийнхөө тайлбарыг нотлох ёстой юм биш үү? Хавтаст хэрэгт энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, ялангуяа шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн нотолж чадахаар байна. П.Б- дараах хуулиудыг зөрчсөн байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2003-10-25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, компанийн Дүрмийн тухайд: 1. 1999 оны Компанийн тухай хуулийн 60.1-д заасныг зөрчиж Хувь нийлүүлэгчдийн хурал хийсэн. 2.           2003-10-р сараас дагаж мөрдсөн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, ҮТЕГ-ын даргын 2003 оны 182 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн. /Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл болох Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ тус тус байхгүй./ 3. Иргэний хуулийн 243.1-д заасныг зөрчсөн. /Хэрвээ П.Б- хувьцаа худалдаж авсан гэж үзэж байгаа бол/ 4. Иргэний хуулийн 191.1, 528.1, 530.1-д заасныг тус тус зөрчиж хэлцэл хийсэн. 5. Д.Туяаг хуралд суусан мэтээр бичиж Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээр түүний гарын үсгийг хуурамчаар зурсан. Компанийн хувьцаанаас 1 ширхэгч хувьцаа эзэмшдэггүй Д.Туяагаас хувьцаа шилжүүлж авч байгаа мэтээр тэмдэглэл үйлдсэн. Компанийн 100%-н хувьцаа эзэмшигч Ц.Ц- өөрийн хувьцаанаас шилжүүлж өгөх тухай хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байхад түүний хувьцаанаас 50%-г нь хууль бусаар П.Б- шилжүүлж авсан. 2013-03-12-ны өдрийн Компанийн Дүрмийн тухайд: 1. Дүрмийг ганцаараа зохиож Ц.Ц-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан. 2. Компанийн тухай хуулийн 59.1-д заасныг зөрчсөн.Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2003-10-25-ны өдрийн Компанийн Дүрэм, 2013-03-12-ны өдрийн Компанийн Дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Ц- 2016-12-05-ны өдөр П.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  “А..” ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2013-03-12-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, татварын 26,817,614 төгрөг, нийгмийн даатгалын 9,480,047 төгрөг нийт 36,297,661 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ямар нэг хууль бус ажиллагаа явуулаагүй...зарим асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа...дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж маргажээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч зарим шаардлагаа татан авсныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...2003-10-25-ны өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зурснаа зөвшөөрдөг.... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна... 2013-03-12-ны өдрийн дүрэм улсын бүртгэлд бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.    

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “... Ц.Ц- П.Б-г хувьцаа эзэмшигч бус, харин гүйцэтгэх захирлаар томилохыг хүлээн зөвшөөрч 2003-10-25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байгааг шүүх анхаараагүй... хариуцагч 2013-03-12-ны дүрмийг ганцаараа зохиож бүртгүүлсэн нь нотлогдоно... архиваас авсан лавлагаанд хувьцаа эзэмшигчийн шийдвэр, гэрээний нотариатаар батлуулсан хуулбар байдаггүй...Д.Туяагийн гарын үсгийг П.Б- хуурамчаар зурсан нь нотлогдож байхад шүүх дүгнэлт хийгээгүй...П.Б- 50%-г яаж авснаа тайлбарлаж чадаагүй....хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй...” гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

      1. Ц.Ц- 2016-12-15-ны өдөр шүүхэд хандаж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд хэд хэдэн удаа нэхэмжлэлээ өөрчилж, эцэст нь нэхэмжлэлийн шаардлагаа “...А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн тэмдэглэл болон дүрэм мөн 2013-03-12-ны өдрийн дүрэм тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нийт 36,297,661 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

     Зохигч талууд нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар мэтгэлцсэн, шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан тул хэрэгт буй баримт болон тайлбарын хэмжээнд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4-т нийцнэ.

     2. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаанд хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     а/. “А..” ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт буй баримтыг үндэслэл болгожээ.

     Компанийн тухай 1999 оны хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлд хурлын дарга гарын үсгээ зурна. Хурлын тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор батална. Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно. 

      “А..” ХХК-ийг анх 1996-04-30-ны өдөр Ш.Цэрэнхүү, Д.Туяа нар үүсгэн байгуулж, дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, Ш.Цэрэнхүү 2003-07-01-ний өдөр нас барсан талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцжээ.

    П.Б- 2003-10-25-ны өдөр “А..” ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигч болсон нь П.Б-, Ц.Ц- нарын гарын үсэгтэй тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-10-ны өдрийн 459 дугаартай шийдвэртэй хэргийг хянан шийдвэрлэх явцад өгч байсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байна.

       Тухайлбал, “А..” ХХК-ийн 2003-10-25 ны өдрийн хурлаар “...компаний хөрөнгө эзэмшигч, захирлыг сонгох тухай...” хэлэлцсэн, тэмдэглэл /хоёр хүний гарын үсэгтэй/-н хуулбар /хх2-н 77, 156/ хэрэгт авагджээ.

       Уг баримтад зурагдсан гарын үсэг нь Ц.Ц-, П.Б- нарынх мөн эсэхийг тогтоолгохоор зохигчийн хүсэлтээр /хх 2-н 149,151/ шүүх 2017-06-30-ны өдрийн 132/ШЗ2017/011446 дугаар захирамж /хх2-н 149-151/ -р шинжээч томилж, 2017-09-13-ны өдрийн албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлсэн /хх2-н 167/ -ний дагуу Булган аймгийн шүүхийн шинжилгээний алба 2017-09-15-ны өдөр 019 дугаартай дүгнэлт /хх2-н 168-179/ гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтээр 2003-10-25-ны өдрийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь зохигч нарынх болох нь нотлогдсон байх тул нэхэмжлэгчийн гомдол шийдвэр магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. 

      Түүнчлэн, хэрэгт дээр дурдсан тэмдэглэлтэй утга, агуулга, огноо ижил /хх1-н 211, хх2-н 20, 152, хх3-н 1/ боловч хоёр бус, харин гурван хүний буюу Ц.Ц-, П.Б-, Д.Туяа гэсэн нэртэй баримт авагдсан байх боловч энэ нь мөн нэхэмжлэлийг нотлохгүй байна. 

      Учир нь , Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-10-ны өдрийн 459 дугаар шийдвэрээс үзвэл, компанийн 2003-10-25-ны өдрийн хуралд “...Д.Туяа оролцоогүй...” талаар /хх1-н 88/ Ц.Ц- тайлбарласан бөгөөд энэ талаар Д.Туяа 2016-06-08-ны өдөр мөн /хх1-н 103,хх2-н 29/ тодорхойлжээ. Компанийн хувьцаа эзэмшигчээр П.Б- бүртгэлтэй байгаа талаар Д.Туяа маргаж байгаагүй тул 2003-10-25-ны өдрийн хуралдаанд Д.Туяа оролцсон эсэхийг тогтоох нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.   

      П.Б- “... хөрөнгөө оруулсан, компанийн хувьцаа эзэмшигч болсон...” гэж 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдаж, Ц.Ц-, П.Б- нар гарын үсэг зурсан нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж шүүх үзсэн нь баримттай байна. 

     “А..” ХХК-ийн хувьцааны 50 хувийг П.Б-д шилжүүлж, үүнтэй холбоотой дүрмийн өөрчлөлт хийсэн нь тэмдэглэлээр тогтоогдсон, хувьцааны 50 хувийг П.Б-д шилжүүлсэн тухай тэмдэглэлийг Компанийн тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул “...2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүрмийг хүчин төгөлдөр бус..” болохыг тогтоолгох шаардлагыг хангахыг хүссэн хяналтын гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.        

      б/. Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2011-10-06-ны өдрийн хуульд зааснаар Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой ба энэ хүрээнд дүрмийг бүртгүүлсэн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлвэл, 2013-03-12-ны өдрийн дүрмийн зохицуулалт хувьцаа эзэмшигчийн ямар эрх ашигийг хөндөж буйг нэхэмжлэгч заагаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.  

    Түүнчлэн, “А..” ХХК-ийн 2013-03-12-ны өдрийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн зарим үндэслэл нь иргэнд бус, харин бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул уг нөхцөл байдлыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. 

    Ц.Ц-ийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль, Компанийн тухай хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул гомдлыг хангахгүй орхино.

    Нэхэмжлэгч нь хариуцагчаас “...нийт 36,297,661 төгрөг гаргуулах...” шаардлагатай холбоотой гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаагүй тул энэ талаар тус шүүхээс дүгнэлт хийгээгүй болно. 

   3. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа “...компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох..” гэж тодорхойлохдоо үндэслэлээ зааглаж чадаагүй байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус “байх”, хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж “тооцуулах”, үндэслэлгүй хөрөнгөжих, үйл баримт тогтоолгох гэх мэт үндэслэлийн аль нь болохыг нэхэмжлэгч тал тодорхой тайлбарлаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш шийдвэр гарах буюу 2016-12-05-ны өдрөөс 2019-01-17-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч,нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нийт 19 удаа, зохигчийн хүсэлтээр 4 удаа, хариуцагчийн хүсэлтээр 1 удаа нийт 24 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хууль, Компанийн тухай хуульд нийцүүлэн тайлбарлах боломжийг шүүх Ц.Ц- түүний өмгөөлөгч нарт цаг хугацааны хувьд олгосон гэж дүгнэхээр байна. 

   Иймд шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56-60 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.   

   Өөрийн шаардлага,татгалзлыг нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

   Хоёр шатны шүүх Ц.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

   4. Харин шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчилсөн байхад анхан шатны шүүх түүнийг зарим “нэхэмжлэлээ татан” авсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүх залруулаагүй нь дутагдалтай болжээ. 

   Тодруулбал, Ц.Ц- анх шүүхэд хандахдаа П.Б-гээр 61,140,476 төгрөг төлүүлэх, компанийн хувьцааны 50 хувийг гаргуулах, захирлын үүрэгт ажлыг авах тухай нэхэмжлэл /хх1-н 1-2/ гаргажээ.

   2017-05-04-ний өдөр нэхэмжлэгч шаардлагаа “...Ц.Ц-, Д.Туяа, П.Б- нарын хооронд 2003-10-25-ны өдөр хийгдсэн хэлцэлийг хүчингүйд тооцуулах... П.Б-  захирлаар ажиллаж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байсныг тогтоолгох..” гэж өөрчилжээ. /хх1-н 180/  

  2017-05-29-ний өдөр нэхэмжлэлээ “...гишүүдийн өөрчлөлтийн тухай Ц.Ц-, Д.Туяа. П.Б- нарын хооронд 2003-10-25-ны өдөр хийгдсэн хэлцэлийг хүчингүйд тооцуулах...П.Б- захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байсныг тогтоолгох... 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх...” гэж /хх1-н 219/ гэж тодорхойлжээ.    

  2017-06-15-ны өдөр шаардлагаа “...А.. ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаарх хурлын тэмдэглэл /хх2-н 77/-ийг хүчингүйд тооцуулах... П.Б- захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль бус ажиллагаа явуулж байсныг тогтоолгох... 2003-10-25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх..” гэж /хх2-н 41,хх3-н 1/ өөрчилсөн байна.

  2018-07-30-ны өдөр 2017-06-15-ны өдрийн нэхэмжлэлээ нэмэгдүүлж, хариуцагчаас  нийт 40.679.142 төгрөг гаргуулахыг /хх4-н 41-42/ шаарджээ. 

   2019-01-14-ний өдөр шаардлагаа”...2003-10-25-ны өдрийн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах..2013-03-12-ны өдрийн дүрмийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж /хх 5-н 65-66/ тодорхойлсон байна.  

   2019-01-17-ны өдөр нэхэмжлэлээ эцсийн байдлаар тодруулахдаа “.. А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн тэмдэглэл болон дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох.. 2013-03-12-ны өдрийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох.. татварын 26,817,614 төгрөг, нийгмийн даатгалын 9,480,047 төгрөг нийт 36,297,661 төгрөг гаргуулах...” /хх5-н 77/ гэжээ. 

   Дээр дурдсанаас үзвэл, Ц.Ц- нь хэд хэдэн удаа П.Б-д холбогдох нэхэмжлэлээ нэмэгдүүлж, өөрчилсний эцэст “...А.. ХХК-ийн 2003-10-25-ны өдрийн тэмдэглэл болон дүрэм хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох.. 2013-03-12-ны өдрийн  дүрэм хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох... нийт 36,297,661 төгрөг гаргуулах...” шаардлага гаргасан байхад шүүх зарим шаардлагыг “татан авсан” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “...Нэхэмжлэгч Ц.Ц-ийн, П.Б-д А.. ХХК-ний захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулж байсан болохыг тогтоолгох, 2003-10-25-ны өдрийн А.. ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, П.Б-гээс: Ч.Баярмаагаас өндөг тахианы мах зээлээр авсны төлбөр 1.780.000 төгрөг, Өрнөхбатаас зээлээр авсан махны төлбөр 6.087.000 төгрөг гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан татгалзлыг, цалин хөлсний зөрүү 5.840.184 төгрөг, Мөнхбатаас зээлсэн 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагуудаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэсэн нэг дэх заалтыг давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг дэх заалтын хамт тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/00099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг тус тус хүчингүй  болгож, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 480,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ