Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00041

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 2018        11             14                                           2018/ДШМ/41

 

М.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Хохирогч: Д.Насанжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: Х.Заяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолтой М.Нд холбогдох 201722000213 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт М-ын Н, 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: Р................./.

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Агийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогт М-н Н-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч М.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Нд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, М.Нд ял эдлэх, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Ганхуягаас 1.929.092 /нэг сая есөн зуун хорин есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Насанжаргалд, 999.245 /есөн зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сайнтогтох, С.Батсайхан нарт олгож, хохирогч Д.Насанжаргалд Д.Сайнтогтох, С.Батсайхан нар нь 18.545.663 /арван найман сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Н, иргэний хариуцагч Б.Ганхуяг нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Аллион” маркийн автомашины зүүн урд талын дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Б.Ганхуягт буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгаж, Эрүүгийн 201722000213 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Нгийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Насанжаргал давж заалдах гомдолдоо: ... Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор, дараа нь яллагдагчаар татагдан оролцож байгаад гэрчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргасан Г.Алдархүү гэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бусдыг Хатгал тосгон руу өөрийн машинаар авч явахаар зохион байгуулж улмаар маргааш өглөө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өглөөний 05 цагт миний насанд хүрээгүй охин Б.Аг гэрээс нь сэм авч явж шүүгдэгч М.Нгаас мөнгө шаардан гаргуулж түүгээрээ насанд хүрээгүй хүүхдүүдийг согтууруулах ундаанд уруу татан архи, пиво уулгаж мөн өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас машин жолоодох чадваргүй болж улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ууж согтуурсан насанд хүрээгүй этгээдүүдэд тээврийн хэрэгслээ шилжүүлж жолоодуулснаас зам тээврийн осол гаргаж миний охины амь насыг хохироосон. Гэвч Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-аар тус хуульд орсон өөрчлөлтөөр Г.Алдархүү нь дээрх ноцтой үйлдэлдээ ямар ч хариуцлага хүлээлгүй ял завшсан. Шүүхэд хэрэг шилжин хянагдах явцад хохирогч бидний зүгээс Г.Алдархүүг иргэний хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан ба ингэх хууль зүйн үндэслэл байсан. Хэдийгээр Г.Алдархүүгийн аав Ганхуяг гэгч нь тухайн машины өмчлөгч боловч осол гаргах үед Г.Алдархүү нь эзэмшиж байсан, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хариуцлагаа хүлээхээр даатгалын компанитай гэрээ байгуулан машиныг эзэмшиж байсан байдаг юм. Энэ дээрх Ганхуяг, Алдархүү нарыг хамтран хариуцагчаар татах үндэслэл болж байхад шүүх ийм арга хэмжээ аваагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд “Хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэсэн, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэйг тусгасан байна. Хохирогч Д.Сайнтогтох, С.Батсайхан, талийгаачийн ээж болох миний бие эд хөрөнгийн бус хохиролд буюу сэтгэл санааны хохиролд 14,884,863 төгрөг, мөн өөрийн Япон улсад ажиллаж байсан хугацааны цалинд орсон өөрчлөлтийг хоёр улсын тухайн үеийн мөнгөний ханшаар тооцож байгуулсан албан ёсны гэрээг нотариатаар гэрчлүүлж шүүхэд гаргасан байхад хайхрамжгүй хандаж 3,660,800 төгрөгийг төлүүлэхгүй орхисон. Сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлж гаргаж байгаа талаар нотлох баримтгүй, тодорхой тооцоог гаргах боломжгүй байна гэж дүгнэсэн. Миний хувьд хоёр охинтой хүн. Гэтэл нэг нь ингэж зуурдаар хорвоог орхисонд маш их гомдолтой байгаа. Төрсөн дүү нь одоо найман настай. Талийгаач эгчтэйгээ л тоглож өссөн, сэргэлэн цовоо охин байсан. Гэтэл огцом өөрчлөгдөж дуугүй, ноомой, хичээл сурлагандаа ач холбогдол өгдөггүй байдалтай болсон. Бидний сэтгэлийн энэ гомдол, гутрал, харамсал сэтгэл санааны хохирол биш юм гэж үү.

Иймд миний гомдлыг хянан үзэж М.Н, Б.Ганхуяг, Г.Алдархүү нараас миний өөрийн цалин болох 3,660,800 төгрөг болон сэтгэл санааны хохирол болох 14,884,863 төгрөг гаргуулан хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Б.Ганхуяг давж заалдах гомдолдоо: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 8.6.1-д “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн,... ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж заасан байхад Б.Ганхуяг намайг өөрийн эзэмшлийн ХӨВ 0560 дугаар Аллион маркийн машиныг шүүгдэгч М.Нд ашиглах боломж олгосон гэж үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Ганхуяг миний хувьд иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн намайг буруутгаж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Мөн Ганхуяг миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг М.Н өөрөө хүсч гуйж байж жолоо барьж явсан Заяазанаас машины жолоог шилжүүлэн авч унаж яваад миний эд хөрөнгийг унагааж тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болтол эвдэж хохироосон бөгөөд миний хувьд тухайн гэмт хэргийн хохирогч байсан боловч миний эд  хөрөнгө эвдэж, гэмтсэн асуудлыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан байдаг.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагч Б.Ганхуягт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодит үнэнийг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлхөний сайр” хэмээх газар засмал зам дээр 05-60 ХӨВ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас онхолдож, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Агийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор  ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хохирлыг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Насанжаргалын давж заалдах гомдлын талаар:

Хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө  ...аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”,  мөн зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан ч сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлыг мөнгөөр хэрхэн үнэлэх талаар тодорхой хуульчлаагүй. Иймээс Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасныг үндэслэн хохирол, хор уршгийг тодорхойлно. Бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг тодорхойлоход хохирогчийн гаргасан нотлох баримт чухал үүрэгтэй бөгөөд  нотлох баримт гаргаагүй тохиолдолд шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох боломжгүй.

Япон улсад ажиллаж байсан хугацааны цалинд орсон өөрчлөлтийн хувьд  Монгол төгрөгийн Япон улсын иентэй харьцах ханшны талаарх баримтгүй учир гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг ...нийтэд зарлана.” гэж тус тус заасан учир  Монгол төгрөгийн Японы иентэй харьцах ханшны талаарх нотлох баримтыг  үндэслэн цалингийн хэмжээг тодорхойлно.

Анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэн тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй тул хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан валютын ханшны талаарх баримтыг үнэлээгүй болно.

Иргэний хариуцагч Б.Ганхуягийн давж заалдах гомдлын талаар:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан. Иргэний хариуцагч Б.Ганхуяг нь 05-60 ХӨВ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний хариуцагчийн мэдүүлгээр, Г.Алдархүү нь уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй эзэмшигч болох нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр тус тус нотлогджээ. “Тоёота аллион” маркийн 05-60 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий  Г.Алдархүү бусдад жолоо шилжүүлсний улмаас уг осол гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч М.Нг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх, энэ үндэслэлээр иргэний хариуцагчийг гэм хор нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй.

Б.Ганхуяг “миний хувьд тухайн гэмт хэргийн хохирогч байсан боловч миний эд  хөрөнгө эвдэж, гэмтсэн асуудлыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан” гэж гомдолдоо дурдсан байх боловч энэ талаараа нэхэмжлэл гаргаагүй  байна. Эд хөрөнгөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь Б.Ганхуягт нээлттэйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хохирогч, иргэний хариуцагчийн  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

        ШҮҮГЧИД                                                       Т.ГАНБАТ

                                                                                Б.СОСОРБАРАМ