Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 0363

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 26 өдөр

 

 

 

 

 

         Дугаар 128/ШШ2020/0363

 

 

 

 

 

             Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Х” ХХК

Хариуцагч: АмгтгКхда,

Хамтран хариуцагч: Боажс,

Нэхэмжлэлийн шаардлага: “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч АмгтгКхдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Боажсын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Х******* *******” нэртэй газарт МV-02******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон.

Тухайн талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 онд манайд олгосноор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Үүнд:

1. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулсан.

2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ боловсруулсан

3. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас байгаль орчны ерөнхий үнэлгээг манайд гаргаж өгсөн.

4. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулж баталгаажуулсан.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа “Х******* ******* чулуун нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж БОАЖЯ-ны ХБОБНУГ-т хүргүүлсэн ба 2019.08.29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх жагсаалтад орсон байсан, БОТБ-ын үнэлгээг 2019 онд мэргэжлийн байгууллагаар хийлгэж баталгаажуулсан, БОАЖЯ-аас БОТБ-ын үнэлгээг үндэслэж Байгаль орчны ерөнхий үнэлгээг гаргуулсан, тусгай зөвшөөрлийн талбайд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан, Уурхайн тосгон барих асуудлаар орон нутгийн Засаг даргын тамгын газарт албан хүсэлтээ хүргүүлсэн боловч хариуг ирүүлээгүй байдалтайгаар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, шаардагдах ажлуудыг хийж их хэмжээний зардал, хөрөнгө, цаг хугацааг зарцуулан ажиллаж байсан.

Гэтэл АмгтгКхдын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр манай компанийн ашигт мштгмалын МV-02******* дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа/ эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны мөнежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд компанийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна.

Манай компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн талбайдаа уурхайн болон олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах саналыг хүлээж байгаа, нэгэнт эхлээгүй үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчил гарах боломжгүй юм.

Гэтэл хариуцагч байгууллагаас тухайн шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас гаргасан 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаар "...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй...” гэх дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа . ” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн хуульд заасан үүрэг болох цуцлах үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс тодруулах, сонсгох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна.

Иймд үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой төрийн захиргааны байгууллагаас шаардагдах албан бичгүүдээ хийж өгөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэж байгаа, хуульд заасан зөрчил гараагүй байхад дүгнэлт гарсан нэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарлах нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасныг зөрчсөн, уг заалтыг буруугаар хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тусгай зөвшөөрөл гэж юу вэ гэхээр ашигт малтмалын тухай хуультай холбоотой, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хуультай бичиг баримт боловсруулах ажил хийгддэг. Тухайн талбайг улсын комисс очиж хүлээж авах ёстой. Улсын комисс хүлээж авах хүртэлх хугацаанд эдгээр бичиг баримтуудыг боловсруулсан байх шаардлагатай байдаг. Хамгийн сүүлийн бичиг маань Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр байсан өнгөрсөн оны 08 дугаар сарын 30-ний хурлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан хурлаар орж дүгнэлт гарах байсан. 21-ний өдөр тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул хасагдсан. Газрын суурь судалгааны ажил болох, газар зохион байгуулалтын тайлан, газрын нэгдмэл сангийн суурь судалгааны тайлан, шинжлэх ухааны академийн цэвдэг судлалын тайлан, геологийн хүрээлэнд хийгдсэн геофизикийн судалгааны ажлын тайлан энэ бүх тайлан судалгааг 100% бэлэн болгосон байсан. 2019 оны 04 дүгээр улиралд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан. 8 дугаар сарын 30-ний хурлаар орсон бол ерөнхийдөө тухайн газар орон нутагт очиж хүлээж аваад уурхайг эхлүүлэх байсан. Тусгай зөвшөөрөл цуцалснаас болж бүх ажил зогссон маш харамсалтай байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Ц.Цгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016.04.22-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Х******* *******” нэртэй газарт МV-02******* тоот тусгай зөвшөөрлийг олгогдсоноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компани нь тухайн талбайд ашиглалт олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа тул байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил дутагдал гаргаагүй байхад төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам дүгнэлт гаргахдаа нөхцөл байдлыг зөв тогтоож, хуульд заасан шаардлагатай ажиллагааг хийж нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хамтран хариуцагчаар татаж өгнө үү.

... Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсэг байгуулах тухай тушаал дээр 2019 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн А/425 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь байнгын гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан боловч байнгын үйл ажиллагаа явуулахгүй байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад ингэж дүгнэсэн гэхээр О:Бы хэлсэн энэ бүрэлдэхүүнд мэргэжлийн бус хүмүүс орсон тусгай хамгаалалтын орон нутгийн удирдлагын газар, цав газрын удирдлагын хэлтсийн дарга, ойн усны тусгай хамгаалалтын дарга гээд яг мэргэжлийн хүмүүс ороогүй байна. Дүгнэлт өөрөө үндэслэлтэй гарсан гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хэлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа нөхөн сэргээлт менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Энэ дүгнэлт өөрөө үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манай компани байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсвэл нөхөн сэргээлт байгаль орчинд менежментийн үүргээ биелүүлээгүй байх үндэслэл болон нотолгоо байхгүй. Дүгнэлтэд байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэдгээ тогтоож чадаагүй учраас энэ хуулийн заалтыг барих үндэслэлгүй юм. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 4 дүгээр зүйлийн 2.5, 28 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг үндэслэж шийдвэрлэсэн байсан. Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д болон захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим байх ёстой. Хуульд үндэслэсэн шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Энэ хуулийн заалт нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл ардчилсан хууль, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан. Төрийг төлөөлөөд гаргаж байгаа шийдвэр нь үндэслэлтэй байх ёстой. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан байна. Энэ нь юугаар тодорхойлогдох вэ гэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагад юуг хориглох талаар болон хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхийг хориглох ёстой. Хууль зөрчсөн шийдвэр мөн үү гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанаар явцад ажиглагдаж, нотлогдож байна. Хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхгүй байхыг шаардсан байдаг. Хуулийн заалтыг шийдвэр болон дүгнэлтэд барьж үндэслэсэн байгаа боловч энэ хуульд заасан дагуу дүгнэлт гаргахдаа хяналт, шалгалт хийж тогтоогоогүй Х******* ******* ******* ХХК-гаас мэдээлэл авахгүйгээр цуцалсан байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа юм. 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг барьж ажилласан боловч нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг заасан байх ёстой. Агуулгын хувьд алдаатай гэж үзэж байна. Гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд шууд хамааралтай байхаар заагдсан, зорилго дүгнэлт тодорхойгүй байсан. Байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэсэн дүгнэлтээр тусгай зөвшөөрөл цуцлах шийдвэр гарсан боловч ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байгаа учраас шаардлагад нийцэхгүй энэ хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Эрх зүйн акт өөрөө хууль ёсны шаардлага хангахгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон” гэв.

 

Хариуцагч АмгтгКхда Д.Д-с шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Х******* *******” нэртэй 5178.83 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын МV-02******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн/хуучин нэрээр/ даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д олгожээ.

Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2103 тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Х” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах” Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/2103 тоот албан бичгийг тус тус үндэслэн ДҮГНЭЛТ гаргасан байна.

Боажсын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр “Х” ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаар бүхий дүгнэлтэд “Х” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул ашигт малтмалын ашиглалтын МV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 421 дугаар шийдвэр гарсан болно.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд “Х” ХХК-ийн гаргасан АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаар “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч АмгтгКхдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 22-ний өдөр ашигт малтмалын газарт ирээд кадастрын хэлтсийн даргын 322 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн гурван тэс суманд байрлах Х нэртэй газар ашигт малтмалын А зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрөл нь 2019 оны 08 сарын 21-ний өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 427 дугаар шийдвэрээр цуцлагдсан. Учир нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 оны 08 сарын 21-ний 2019/13 дүгнэлт ирсэн. Х компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөхцөл учруулж болзошгүй тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байсан. Манайх өөрөө ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэгч агентлаг юм. Ашигт малтмалын тухай хуульд олборлолтын тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хуулиар зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа мөн нөхөн сэргээх байгаль орчин менежментийн дагуу заасан үүргээ биелүүлээгүй энэ талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан байдаг учраас энэ хуулийн зүйл заалтыг үндэслээд кадастрын хэлтсийн даргын 421 дүгээр тушаал гарсан. Тусгай зөвшөөрлийг чинь цуцлах үндэслэл бүрдлээ гэсэн мэдэгдлийг манай компанид хүргүүлээгүй гэсэн нь захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, сонсох ажиллагаа буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн заалтыг хэрэглэсэн. Байгаль орчны дүгнэлт газар дээр нь очоогүй шалгаагүй, нягтлаагүй дүгнэлт ирсэн бол нотлох ажиллагаа хийгдээгүй цуцалсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа хуулийн заалтын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Төрийн захиргааны төв байгууллага буюу яамны дүгнэлт зөв гарсан болон буруу гарсан гэсэн дүгнэлтийг шалгаж тогтоох чиг үүрэггүй” гэв.

 

Хариуцагч Боажсын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/17 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Гурвантэс сумын Засаг даргын 1/302 тоот албан бичиг зэргийг тус тус үндэслэн “Х” ХХК-ийн эзэмшдэг МV-020781 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж “...56 1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан.

Боажс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/5820 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх хууль тогтоомжийн дагуу гаргасан дүгнэлтийг хүргүүлснээр Ашигт малтмал, газрын тосны газар тус компанийн эрхийг цуцалсан байна.

... Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт хотын захиргааны байгууллагын санал ирсэн бол Байгаль орчин аялал жуулчлалын яам дүгнэлт гаргахаар зохицуулсан байдаг. Хотын захиргааны байгууллага гэдэгт Засаг дарга, Тамгын газар, Сум дүүргийн захиргааны байгууллагууд ордог. Энэ маргаанд Гурван тэс сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга нараас тусгай зөвшөөрөл цуцлах тухай саналууд ирсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байна гэж үзсэн. Яамнаас ажлын хэсэг гаргасан ажлын хэсэг бол байнгын ажиллагаатай хэсэг байдаг.Энэ ажлын хэсгээр дүгнэлт гаргуулж дүгнэлтийг Уул уурхайн яам болон, Газрын тосны газарт хүргүүлсэн. Энэ дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай дүгнэлт гаргахдаа тухайн газар дээр ажиллах болон урьдчилан мэдэгдэнэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй байдаг. Нутгийн захиргааны байгууллагаас санал ирсэн байх ёстой гэсэн хуулийн шаардлага тавьсан. Шаардлагыг биелүүлж дүгнэлтийг хүргүүлсэн. Яамнаас саналыг буцаах зохицуулалт байдаггүй тул дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 302 дугаар[1] шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Х******* ******* нэртэй 5178.88 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-02******* тоот тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д олгожээ.

Боажсын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Х ХХК нь  MV-02******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй” гэсэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/13 дугаартай дүгнэлтийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байна[2].

Улмаар АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 427 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-02******* дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ[3].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш ашиглалтын үйл ажиллагааг эхлээгүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь тусгай зөвшөөрлийн талбайд очиж судалж үзээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийлгүйгээр байгаль орчинд хортой нөлөөлсөн, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргасан, мөн хариуцагч АмгтгКхда нь ... дүгнэлт үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг нягтлан шалгаагүй, маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус” гэж маргажээ.

Хариуцагч Боажсын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дүгнэлт гаргахдаа тухайн газар дээр очиж шалгах тусгайлсан зохицуулалт хуульд байхгүй бөгөөд мөн нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэсэн, тус дүгнэлт нь хуульд нийцсэн” гэж, хариуцагч АмгтгКхда, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ирүүлсэн дүгнэлтийг манай байгууллага хянах чиг үүрэггүй тул хүчин төгөлдөр дүгнэлтийг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулашгүй ажиллагаа явуулсан тул мэдэгдэх ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

1/ “Боажсын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгалийн обьектийг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэхэд хуулийн зохицуулалт чиглэхээр заасан болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл, хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь маргаан бүхий дүгнэлтийг гаргах эрх хэмжээтэй байна.

Байгаль орчин, жуулчлалын сайдын А/425 дугаар тушаалаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэйгээр байгуулагдан ажилласан ажлын хэсэг нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчинд хортой нөлөөлсөн буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/”-г гаргасан эсэх, эсхүл хортой нөлөөлж болзошгүй эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргахаар байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, ашигт малтмалыг ашиглах буюу “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох...” үйл ажиллагааны явцад байгалийн обьект хөндөгдөх нь зайлшгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгогдсон дүгнэлт гаргах эрх хэмжээ нь тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг ашигт малтмалын газарт бий болгох үр дагавартай байх тул хариуцагчаас өмнө нэгэнт олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гаргах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй эсэхийг зайлшгүй шалгаж тогтоосон байх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т төрөөс байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “байгалийн баялгийг ... зохистой ашиглах нөхцөлийг хангах” зарчмыг баримтлахаар зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал олборлох эрх болон нөөцийг бүрэн ашиглах үүргээ хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг шалган тогтоох нь “дүгнэлт” гаргах урьдчилсан нөхцөл болохоор байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон, хэргийн оролцогчдын тайлбараар “Х” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-02******* тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрэгжүүлж /ашиглалт олборлолтын үйл ажиллагааг эхлүүлээгүй/ байсан болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Т/19-08-06 дугаар дүгнэлтээр тус компанийн MV-02******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чулуун нүүрсний ордын 1В-ээс 7В, 1С-ээс 9С блокуудыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хэлэлцэж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Т/96 дугаар тушаалаар уг тодотголыг хүлээн авсанд тооцсон, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн Засга даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаар албан бичигт “...MV-02******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2018 онд уул уурхайн ашиглалт олборлолтын ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн”[4] гэснээр тус тус тогтоогдож байх тул ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх нөхцөл үүсээгүй байна.

Мөн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/87 тоот албан бичигт “MV-02******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Х” ХХК-д тус газраас 2018-2019 онуудад хяналт шалгалт хийгдэж байгаагүй”[5] гэсэн байх ба Боажсын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн гишүүдээс “... Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103[6], Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/302[7] тоот албан бичгүүдээр ирүүлсэн MV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг үндэслэсэн, ... ажлын хэсгийн зүгээс Засаг дарга нарын ирүүлсэн саналыг хуулийн үндэслэлтэй гэж үзсэн болно”[8] гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлснээс үзвэл хариуцагч нь “байгалийн баялгийг ... зохистой ашиглах нөхцөлийг хангах” талаарх төрийн үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэн авч үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмалыг ашиглуулахдаа зохистой ашиглуулах замаар байгаль орчныг хамгаалах чиг үүргийг төр хэрэгжүүлэхээр зохицуулсан гэж үзэхээр байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгалийн баялгийг зохистой/байгаль орчинд хоргүй байдлаар/ ашиглаж байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр түүний ашигт малтмал ашиглах эрхийг хязгаарлах боломжтой гэсэн агуулга урган гарч байна.

Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалтын үйл ажиллагааг эхлээгүй байх ба хариуцагчаас “Х” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “орон нутгаас ирүүлсэн саналыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас мөн тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжих “нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд, мөн талбайд хэрэгжих “хайлуур жоншны ордыг ашиглах төсөл”-д ерөнхий үнэлгээ хийж, нарийвчилсан үнэлгээг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг үүрэг болгосон[9] албан бичгийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-д хүргүүлж байсан атлаа 2 сарын дараа өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн дүгнэлт гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дүгнэлт хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбар үгүйсгэгдэв.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын “дүгнэлт гаргах” үйл ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй хэдий ч “удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалтыг эхлүүлэх”, “хяналт шалгалтын үндсэн дээр зөрчлийг тогтоох”, “мэдэгдэх, оролцоог хангах”, “гомдол гаргах боломжоор хангах” зэрэг үндсэн болон суурь зарчмуудыг төрийн эрх бүхий байгууллага баримтлах ёстой, ийнхүү хуулиар нарийвчлан журамлаагүй нь хяналт шалгалт хийлгүйгээр дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдах үндэслэл болохгүй.

Энэ тохиолдолд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан төрийн захиргааны байгууллагын үндсэн болон тусгай зарчмыг баримталж ажиллах шаардлагатай буюу мөн зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмын хүрээнд шаардлагатай ажиллагааг хийх замаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэх боломжтой.

Гэтэл Боажсын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа “Х” ХХК нь бодит байдалд үйл ажиллагаа явуулж байсан эсэх, байгаль орчинд ямар хор, хохирол учруулсан, эсхүл учирч болох байсан болохыг тогтоогоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий дүгнэлт ...болзошгүй гэх агуулгаар гарсан” гэж тайлбарлах боловч байгаль орчинд хортой нөлөөлж буй эсэхийг шалган тогтоох үүрэгтэйн адил хортой нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг мөн тогтоосон байх шаардлагатай.

Иймд нэхэмжлэлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2/ “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаас үзвэл, маргаж буй асуудлаар дүгнэлт гарсан тохиолдолд хариуцагч АмгтгКхда нь тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байх тул хариуцагчаас маргаан бүхий 427 дугаар шийдвэрийг буруутгах боломжгүй.

Гэвч маргаан бүхий 427 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Боажсын А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/13 тоот “Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлт хууль бус болох нь тогтоогдож байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа тухайн тохиолдлыг нарийвчлан зохицуулсан заалтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэнийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, уг үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тайлбар, баримтуудыг гаргуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Гэтэл хариуцагч АмгтгКхда нь MV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн огноотой дүгнэлтийг мөн өдөр хүлээн авсан атлаа маргаан бүхий акт мөн сарын 21-ний өдөр гаргасан  байх тул хуулиар тусгайлан үүрэг болгосон дээрх ажиллагааг хийгээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдэл хүргүүлээгүй тухайд маргаагүй, харин “байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт үндэслэлтэй эсэхийг манай байгууллага хянах эрх хэмжээгүй” гэж тайлбарлан маргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн тайлбар, баримтыг хянаж үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.

            Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн АмгтгКхдад холбогдуулан гаргасан “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн АмгтгКхда, Боажсад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боажсын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/13 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлт, АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөг болон хариуцагч тус бүрээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

                                                                     

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дэх талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 220-247 дахь талд