Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0106 |
Огноо | 2014-02-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0106
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 02 дугаар сарын 27 өдөр дугаар 106 Улаанбаатар хот
Ш.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.Г-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч Ш.Г-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн сайдын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хууль зүйн сайд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмараас давж заалдах гомдолдоо: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлд 23.1.1-т ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байх гэж тодорхой заасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Хууль зүйн сайдаас баталсан Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын ажлын байрны тодорхойлолтод хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих гэж тодорхой заасаар байтал түүний эрхлэх асуудалд хамаарахгүй мэтээр тайлбарласан байна. Тусгай сандлыг худалдан авах шийдвэр хэдийгээр Ш.Ганболдыг тэргүүн дэд даргаар томилогдохоос өмнө гарсан ч түүнийг БНХАУ-аас нийлүүлэн авах, тараах үйл явцад өрнөж байх үед Ш.Ганболд нь тэргүүн дэд даргын үүргээ гүйцэтгэж байсан.
Түүнчлэн түүний ажлын байрны тодорхойлолтод Тэргүүн дэд дарга нь хариуцсан ажлаа Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Хууль зүйн сайдад хариуцна гэж тодорхой заасан бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссоос тусгай сандлын талаар Хууль зүйн яаманд мэдэгдэх хүртэл асуудал хариуцсан албан тушаалтны хувьд энэ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй болно.
Тусгай зориулалтын сандлыг дээрх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд нь ашиглахаар худалдан авч, нийт цагдаагийн хэсгүүдэд тараан, хэрэглэх журмын төслийг боловсруулан Прокурорт хүргүүлсэн зэрэг нь нотлох баримтаас тодорхой байна.
Ш.Ганболд нь цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын хувьд тусгай сандал тараахыг яаралтай зогсоох, шуурхай эргүүлэн татах арга хэмжээ авах, ажлын байрны тодорхойлолтод заасан гол зорилго болох Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох бусад эрх зүйн актын хэрэгжилтийг ханган, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан арга хэмжээ, зөвлөмж, даалгаврын биелэлтийг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй.
Тиймээс ч Ш.Г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, үндсэн зорилтоо биелүүлээгүй, Хууль зүйн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлээгүй эс үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн.
Хууль зүйн сайдын тушаалын үндэслэл болсон албан тушаал бууруулах Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь заалтууд нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах хуулийн үндэслэл бүхий захиргааны акт юм.
Харин албан тушаал бууруулах эрх хэмжээ нь зөвхөн Агентлагийн дарга буюу Цагдаагийн ерөнхий газрын даргад хадгалагдаж байдаг тул Ш.Ганболдыг албан тушаал бууруулахын тулд тухайн эрхэлж буй албан тушаалаас нь Хууль зүйн сайдын тушаалаар чөлөөлсөн бөгөөд энэ нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл бус хуулиар Хууль зүйн сайдад олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан.
Иймээс ч Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 490 дүгээр тушаалаар Ш.Г-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөхөөр томилон, урьд авч байсан цалин хөлсийг хэвээр олгож байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Г нь Монгол Улсын Хууль зүйн сайдад холбогдуулан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү тушаалаар нэхэмжлэгчийг “ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалаас чөлөөлжээ.
-“ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Цагдаагийн ерөнхий газраас 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хятад улсын “ИЕПҮ” ХХК-иас 400 ширхэг, цагдаагийн албанд ашиглагдах тусгай тоноглол бүхий сандал худалдан авч, 2012 оны 11 дүгээр сарын 12-нд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст хуваарилан тараажээ.
Энэхүү тусгай тоноглол бүхий сандлыг хэрхэн яаж, ямар тохиолдолд хэрэглэх нь тодорхойгүй, хэрэглэх журмыг баталж мөрдүүлээгүй, түүнчлэн энэхүү сандлыг хэрэглэх нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд нийцэх эсэх нь эргэлзээтэй байхад Цагдаагийн байгууллага нь дур мэдэн албан хэрэгцээнд ашиглахаар харьяа байгууллагад хүргүүлсэн байгаа нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 7-д заасанд нийцэхгүй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үндсэн зарчмыг ноцтой зөрчжээ.
Нэхэмжлэгч Ш.Г нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаал эрхэлдэг ба түүний ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны үндсэн зорилтыг “эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх албаны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавих” гэж заажээ.
Энэ хүрээнд нэхэмжлэгч нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй атлаа дээрх тусгай тоноглол бүхий сандлыг хэрэглэх нь хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эсэхийг шалгаж тогтоогоогүй, тусгай тоноглол бүхий сандлыг хэрхэн, ямар тохиолдолд хэрэглэх талаар чиглэл өгөөгүй, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн “тусгай тоноглол бүхий сандлын тухай асуудал нь Тэргүүн дэд даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үйл ажиллагаанд хамаарахгүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Цагдаагийн байгууллага энэхүү сандлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэх болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/226 тоот албан бичиг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий бодлогын зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 оны/ 29 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Г нь тусгай тоноглол бүхий сандлыг хэрэглэх нь хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг зөрчих эсэхийг шалгаж тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд уг сандлыг хэрэглэхэд мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтны нэг мөн болно.
Гэтэл анхан шатны шүүх “тусгай зориулалтын сандал тараах үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.
Тусгай тоноглол бүхий сандал нь шалтай үл хөдлөх байдлаар бэхлэгдсэн, хүний хөлийг дөнгөлж, гарыг гавлаж, биеийг хөдөлгөөнгүй болгох зориулалттай сандал байх бөгөөд ямар эд материалаар хийгдсэн, хүн хэдий хугацаагаар суух боломжтой, хүний бие, сэтгэл санаанд ямар сөрөг үр дагавар учруулах нь тодорхойгүй байхад эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэргүйгээр, эмнэлгийн магадалгаа урьдчилан гаргуулахгүйгээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэхээр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 2-нд нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэнд ч хүнлэг бусаар хандах, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэхгүй байх” зарчимд нийцэхгүй.
Нэхэмжлэгчийн “уг сандлыг хэрэглээгүй, хэний ч эрх хохироогүй” гэх гомдлын
тухайд тусгай тоноглол бүхий сандал хүний биед ямар сөрөг үр дагавар учруулахыг шалгаж тогтоогоогүй, хэрэглэх дүрмийг батлаагүй атлаа цагдаагийн албанд хэрэглүүлэхээр тарааж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус болжээ.
Нэхэмжлэгчээс “уг сандлыг худалдан авах үед Тэргүүн дэд даргын албан тушаал эрхэлж байгаагүй, Хууль зүйн сайдаас ирүүлсэн 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн албан бичгийг мэдээгүй” хэмээн маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаал эрхэлж байгаагийн хувьд, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийн хувьд хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй тусгай хэрэгслийг харьяа байгууллагад тараахгүй байх үүрэгтэй байсан.
Мөн “Хууль зүйн сайдаас нэхэмжлэгчид энэ асуудлаар тодорхой даалгавар өгөөгүй, цаг хугацааны хувьд биелүүлэх боломжгүй” байсан гэх тайлбарын тухайд дээр дурдсанаар нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул Хууль зүйн сайд эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцсоныг буруу гэж үзэх боломжгүй ба урьдчилж үүрэг даалгавар өгсөн байхыг шаардахгүй.
Маргаан бүхий Хууль зүйн сайдын 6/24 дүгээр тушаал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зорилгод нийцсэн байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1-ийн 2, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 оны/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль зүйн сайд нь тодорхой хэргийг мөрдөн шалгахаас бусад асуудлаар цагдаагийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй ба энэ үүргийн хүрээнд хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй тусгай тоноглол бүхий сандлыг хэрэглэх үйл ажиллагааг шалгаж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
-“хууль буруу хэрэглэсэн” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах заалтыг хэрэглэсэн атлаа ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан” хэмээн маргаж байгаа боловч хариуцагчаас зөвхөн Төрийн албаны холбогдох заалтыг баримтлаагүй, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн ажлаас чөлөөлөх тухай заалтыг хэрэглэсэн байх тул агуулгын хувьд зөрчилгүй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын сайдад агентлагийн орлогчийг томилж, чөлөөлөх эрхийг олгосон байна. Энэ хүрээнд хариуцагчаас агентлагийн орлогч дарга буюу Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн байгаа нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлтийг аваагүй” гэх тайлбарын тухайд Ш.Г нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны зөвлөлөөс нэр нь дэвшигдэж томилогдоогүй, Хууль зүйн сайд дангаараа томилсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 3 дахь хэсэгт зааснаар болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 858 тоот албан бичгээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалтай холбоотой маргаан нь Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргаан биш болох нь тогтоогдож байна.
Хууль зүйн сайдаас Цагдаагийн төв байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэх байгаа эсэхийг хянах чиг үүргийн хүрээнд мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлж 6/24 дүгээр тушаалыг гаргасан байх ба нэхэмжлэгчийн тухайд Хууль зүйн сайдад ажлаа хариуцан тайлагнадаг, түүний шийдвэрээр хөдөлмөрлөх эрх нь үүссэн тул зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн /1993 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г “Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.