Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 98

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж,  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                   

      Улсын яллагч                                         А.Золзаяа

                       Шүүгдэгч Г.Түмэнцогтын өмгөөлөгч     А.Ариунзаяа            

                             Нарийн бичгийн даргаар                       Б.Урангоо нар  оролцов.

 

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашбагад овогт Гомбын Түмэнцогтод холбогдох эрүүгийн 201618000184 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

         Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн 25 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 01 жил 10 хоногийн ялаар шийтгүүлж, уг ялыг нь тэнсэж, хянан харгалзсан, 2002 оны 07 дугаар сарын 19-ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар  02 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад, 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 10 жил, 6 сар, 5 хоногоор хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн  2008 оны 04 дугаар сарын 10-ны өдөр 124 тоот шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр ял нь хөнгөрч бүгд 1 жил 8 сар 18 хоногийн ял эдэлсэн, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлээд, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 36 тоот шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Ашбагад овогт Гомбын Түмэнцогт /РД:СЭ-62103011/

            Шүүгдэгч  Г.Түмэнцогт нь 2016 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 18-07 тоот Ч.Энхбаярын байшингийн цонхыг хагалан нэвтэрч хаш хөөрөг, алт, монетон өрөөсөн ээмэг, мөнгөн ээмэг, зүүлт, үнэртэй ус, нүдний шил, хумсны будаг, намын тэмдэг зэргийг хулгайлж нийт 1.591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 

       1.Шүүгдэгч Г.Түмэнцогтын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны  07-р сарын 01-нд сэжигтнээр өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оройн 22 цагийн үед гэртээ 0,75 граммын шилтэй “Монгол стандарт” архинаас талыг ууж байгаад хөдөө байдаг дүүгийнх рүүгээ явах гэж байгаад айлд ороод эд зүйл хулгайлж байгаад байшингийн эзэнд баригдсан. Би тухайн орсон гээд байгаа айлыг мэдэхгүй, урьд нь таньж мэдэхгүй айл байгаа юм. Тухайн айл руу орохдоо хашааных нь урд талд нь сул банз байхаар нь татаж салгаад дотогш нэвтрэн цонхыг нь нүдэж байтал хагарчихсан. Тэгэхээр нь явж ороод байж байгаад баригдсан. Би тэр айл руу ороод том өрөөний тавиур дээрээс хөөрөг, нүдний шил, үнэртэй ус, алт, монетон өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р хуудас/,

        2.Шүүгдэгч Г.Түмэнцогтын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 21-нд яллагдагчаар өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Алтанбулаг сумын Төхөм гэх газраас сумын төв рүү архи авах гээд 21 цагийн үед орж ирсэн. Тэгээд нэрийг нь санахгүй байна. Холбооны баруун талд байрлах дэлгүүрээс “Монгол стандарт” нэртэй 0,75 граммын архи аваад эзэнгүй мал амьтан ороод байдаг гражинд ороод ганцаараа архины талыг нь уусан. Тэр үед гадаа орой болсон байхаар нь гэр хол санагдаад таньдаг таксины жолооч Мөнх-Эрдэнэ гэх залуугаар гэртээ хүргүүлэх гээд гэрийг нь хайж байгаад нэг банз нь сугарсан хашаа байхаар нь орсон. Тэгээд би байшингийн гадна очоод цонхоор нь харахад гэрт хүн байхгүй шинжтэй гэрэл нь унтраастай болохоор нь цонхыг нь тогшиж үзэхэд хүн гарч ирээгүй. Ингээд хүн байхгүй байна гэдгийг мэдээд айлаас архины мөнгө олж архи авах гээд тэр айлын цонхыг гараараа цохиж хагалаад орсон. Гарандаа цамцаа тайлж ороож байгаад хагалсан учир гар зүсэгдээгүй. Айлын байшинд цонхоор нь ороход том өрөөний тавиур дээр нь хөөрөг, үнэртэй ус, нүдний шил, тэмдэг, жижиг савтай ээмэг, бөгж гэх зүйлүүд байхаар нь аваад торон дотор хийгээд орж ирсэн цонхоор буцаад яг гарах гээд зогсож байхад хүн дуугараад гаднаас гэрийн эзэн бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн ороод ирсэн. Тэгээд тэр 2 хүн намайг барьж аваад миний уутанд хийж хулгайлж байсан эд зүйлийг булааж аваад “чамайг цагдаад барьж өгнө” гээд цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон. Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан. гэх мэдүүлэг, /хх 38-39-р хуудас/,

 

        3.Шүүгдэгч Г.Түмэнцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. : 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-нд шилжих шөнө Энхбаярынх гэдэг айлаас хөөрөг, нүдний шил, үнэртэй ус, алт, монетон өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлүүдийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэгээд тэр дор нь хулгайлсан эд зүйлүүдээ буцаан өгсөн. Би тэр үед 1 шил 0,75 грамын стандарт гэдэг архины талыг ганцаараа уусан байсан. Архи уусан үедээ ийм асуудалд холбогдоод байгаа юм. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна.Урьд нь 4 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хамгийн анх хулгай хийхдээ эрүүл байсан. Бусдад нь согтуу байсан. Хөгшин эхийгээ асардаг тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.гэх  мэдүүлэг,

 

        4.Хохирогч Ч.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 04-ний өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд шинээр баригдсан байранд манаачаар ажилладаг юм. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед эхнэртэйгээ байраа эргээд 06 дугаар сарын 28-ны орой 00 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гэрэл асаалттай байхаар нь манай эхнэр намайг “чи гэрлээ асаалттай орхиод явчихсан юм уу” гэхээр нь би “гэрлээ асаалттай явсан юм байх” гэж бодоод байж байтал манай эхнэр гэнэт “гэрт хүн орчихсон байна” гэхээр нь би “юун хүн байхав дээ” гэж хэлчихээд хартал нэг хүн харагдсан. Тэгээд хаалгаа онгойлгох гээд зогсож байтал хаалга онгойлгоод нэг согтуу хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би “чи манайд яаж орсон, манайхаас юу авсан юм бэ” гэж асуусан чинь “би танай гэрээс юм аваагүй” гэж хэлэхээр нь халаасыг нь харсан чинь юм хийсэн байдалтай байхаар нь “наад авсан юм аа надад гаргаад ир” гэсэн чинь халааснаасаа манай хадам аавын хэрэглэж байсан цайвар өнгийн хөөрөг, миний хар өнгийн нарны нүдний шил хайрцагтай нь, манай эхнэрийн үнэртэй ус 2, манай эхнэрийн намын тэмдэг 2 ширхэг болон худалдааны 90 жилийн тэмдэг 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн хос ээмэг 2 ширхэг зэргийг гаргаж ирсэн. Намайг гэртээ орох үед Г.Түмэнцогт гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртүүлээд гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй ганцаараа байсан. Харин ямар хувцас өмссөн байсныг санахгүй байна. Хувцасны халаасанд нь манай гэрээс авсан эд зүйл байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандах нь зөв юм байна гэж бодоод хандсан. Г.Түмэнцогтын авсан эд зүйлсийг бүрэн бүтэн цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Надад ганцаараа явж байгаа гэж хэлсэн. Би хулгайд алдагдсан эд зүйлсээ бүгдийг хүлээж авсан. Цонх хагалаад орсон байсан. Тэрийг маань төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 19-р хуудас/,

       

      5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 07-р сарын 18-ны өдрийн  № 52 тоот актын дүгнэлт хэсэгт:

    1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 3 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1,2 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

    2.Шинжилгээнд тэнцэж байгаа 3 дугаартай гарын мөр нь хохирогч Н.Гэрэлтуяа, сэжигтэн Г.Түмэнцогт нарын гарын хээний дардас, санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.  ...гэх дүгнэлт /хх-ийн 26-р ху/,

        Шүүгдэгч Г.Түмэнцогтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 62-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 42-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 36-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 37-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 38-39-р ху/, шүүгдэгчийн ял шийтгүүлсэн тогтоол болон ял эдэлж байсан тухай баримт, /хх 50-58-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-6-р ху/,  гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 7-9-р ху/, Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссын акт, /хх 12-р ху/, эд зүйлийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 15-17-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, /хх-ийн 41, 45-р ху/, зэрэг болно.

         Шүүгдэгч  Г.Түмэнцогт нь 2016 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 18-07 тоот Ч.Энхбаярын байшингийн цонхыг хагалан нэвтэрч хаш хөөрөг, алт, монетон өрөөсөн ээмэг, мөнгөн ээмэг, зүүлт, үнэртэй ус, нүдний шил, хумсны будаг, намын тэмдэг зэргийг хулгайлж нийт 1.591.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Шүүгдэгч Г.Түмэнцогтыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссын акт, эд зүйлийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Г.Түмэнцогт холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Г.Түмэнцогтын үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан учруулсан хохиролоо сайн дураар төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан үедээ болон мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, хуульд заасан  ял оногдуулах нь  зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Түмэнцогт нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  болон шүүгдэгч нь хулгайн хэргээр 4 удаа ял шийтгүүлж байсныг тус тус дурьдах  нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ашбагад овогт Гомбын Түмэнцогтыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэнцогтын эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрвөн/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэнцогтод оногдуулсан 4 /дөрвөн/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Түмэнцогт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн   хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.

5. Шүүгдэгч  Г.Түмэнцогтод урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан,түүний өмгөөлөгч, хохирогч,  нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН