Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 24

 

Б.Тамирын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Од, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0744 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Б.Тамирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаар шийдвэрээр: 2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тамирын “2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу 903.582 /есөн зуун гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Тамираас нөхөн гаргуулж, Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Д.Золзаяа, тус төвийн Магадлалын хэлтсийн мэргэжилтэн Д.Одбаяр нарт олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2016/0744 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 605 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “2008 оны Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Тамирын “2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 209/2011 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 3 дахь заалтыг дугаарыг 2, 4 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Б.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон "Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс" нь гуравдагч этгээд Ц.Цацралын үйлчилгээтэй гурван давхар барилгыг архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж давхар бүрт консоль нэмж барьсан. Газрын хэмжээг томруулсан, зэргэлдээх орон сууцны барилгатай зөвшөөрөгдөх зай хэмжээг ойртуулж барьсны улмаас зэргэлдээх байрны оршин суугч буюу нэхэмжлэгчийн орон сууцны нарны шууд тусгалыг хаасан гэх зөрчлүүдтэй барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Ингэснээр нэхэмжлэгчийн орон сууцны өрөө тасалгаан дахь нарын шууд тусгалын үргэлжлэх хугацаа зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Дээрх зөрчлүүдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хот байгуулалтын хяналтын Улсын байцаагч Ж.Нэргүйн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн мэргэшсэн инженер Т.Энхтүвшингийн дүгнэлт, газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогдсоор байтал анхан шатны шүүх үүнийг батлагдаагүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй гүйцэтгэлийн зураг гэгчээр консоль нэмж барихыг зөвшөөрсөн мэтээр шийдвэрт дурдсаныг давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үгүйсгэж тус бүр нотлогдсон.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх үйлчилгээний барилгыг хүлээн авсан Улсын комисс нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2, 9.1.4-т зааснаар шаардлага хангаагүй барилгыг хүлээн авч акт үйлдсэн болохыг давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт тогтоосон. Магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийг хянаж тогтоосон боловч эсрэгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг ямар ч үндэслэл дурдалгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингэхдээ зөрчигдөж байна гэж үзсэн 2008 оны барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.1.4 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн орон сууцны зонхилох өрөө тасалгаанд тусах нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа БНбД (Эрүүл ахуйн норм) -ийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг хангаж байгаа эсэх талаар 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч тус бүр харилцан адилгүй дүгнэсэн байтал анхан шатны шүүх ганцхан Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн гол үндэслэл болгосон. Яагаад ганц энэ дүгнэлтийг гол үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн, бусад дүгнэлтүүдийг ямар учраас дүгнээгүй талаар огт дурдаагүй.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анзаарч бусад дүгнэлтийг ямар учраас үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт заагаагүй нь учир дутагдалтай байна гэж үзсэн боловч тус дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дахин хянаж үзээгүй. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа үндэслэл болгож буй уг шинжээчийн дүгнэлтийг хэрэглэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тул давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд дээрх дүгнэлтүүдийг хянаж үзэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 6743 дугаар захирамжийн дагуу барилгын хөгжлийн төвөөс гаргасан 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр үйл баримтын тухайд хуулийн дагуу, маргааны зүйлд оновчтой хариулт, маргаж буй гол асуудлын талаар зөв дүгнэлт өгч чадахуйц шинжээчийн дүгнэлт гарсан гэж үзэж байна.

1. Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн тухайд:

Шүүгч нэхэмжлэгчийн орон сууцны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг тооцоолж гаргуулах даалгавар шинжээчид өгсөн. Шинжээч дүгнэлт гаргахдаа БНбД 23-04-07-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-р зүйлд заасны дагуу график аргаар буюу компьютер программ хангамжийн тусламжтайгаар дүгнэлт гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл барилга огт баригдаагүй байхад уг барилга Архитектур төлөвлөлтийн даалгавар, Ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу баригдсанаар нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа хэр байх тухай урьдчилсан тооцоолол хийхдээ энэ аргыг хэрэглэх ёстой. Гэтэл манай тохиолдолд барилга аль хэдийн баригдсан бөгөөд бодит байдал дээр Ерөнхий төлөвлөгөөний зураг төслөөс өөрөөр буюу томруулж, давхар бүрт консоль нэмж, барилгын суурийн талбайг томруулж барьсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхад анхны Ерөнхий төлөвлөгөөний зураг ашиглаж, компьютерээр зураг үйлдэж дүгнэлт гаргасан байдаг. Иймд энэ шинжээчийн дүгнэлт нь одоогийн бодит байдалтай огтхон ч хамааралгүй хийсвэр дүгнэлт болсон тул шүүх шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм.

2. Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн тухайд:

Уг шинжээчийн дүгнэлтийг хийхдээ БНбД-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5-д заасныг баримтлан газар дээр нь бодитоор хэмжилт хийсэн бөгөөд БНбД-ийн дагуу нэхэмжлэгчийн орон сууцны өрөө тасалгаанд тасралтгүй шууд тусах нарны тусгалыг хэмжиж 2 цаг 20 минут буюу БНбД-ийн 3.1, 3.3. 3.5 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Хэмжилтийг хийхдээ цонхны дотоод ирмэгээс дотогш өрөө тасалгаанд нарны туяа хугаралгүйгээр шууд тусаж байгаа цагийг тооцсон нь үндэслэлтэй байна. Дээрх хоёр шинжээчийн дүгнэлт нь нэг субъектээс гаргасан боловч хоёр өөр дүгнэлт байгаад нэхэмжлэгч Барилгын хөгжлийн төвд яагаад дүгнэлт өөр гарах болсон шалтгааныг тодруулж өгөхийг хүссэн. Хүсэлтийн дагуу Барилгын хөгжлийн төвөөс хариуг ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс БНбД 23-04-07-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу өрөө тасалгаанд тусах нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа 3-4 цаг байхад хангагдана гэсэн заалт зөрчигдөж байгаа гэж маргаж байгаа бөгөөд өрөө тасалгаануудын цонхон дээр тусах нарны гэрлийн шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацааны тухайд маргаагүй болно.

Хариуцагч тал гуравдагч этгээдийн үйлчилгээний орон сууцыг байнгын ашиглалтад оруулж захиргааны акт гаргахдаа анхны зураг төсөл буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар, Ерөнхий төлөвлөгөөний зурган дагуу бариагүй, барилгын суурийн хэмжээг томруулсан, дур мэдэн давхар бүрт консоль нэмж барьсан, зэргэлдээх орон сууцанд зөвшөөрөгдөх хэмжээнээс ойртуулан барьсан зэрэг зөрчилтэй барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсны улмаас нэхэмжлэгч миний орон сууцны өрөө тасалгаан дахь нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа БНбД (Эрүүл ахуйн норм)-ыг хангахгүй болж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын "Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс"-ын 2011 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 209/2011 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Тамир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 209/2011 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамжаар иргэн Ц.Цацралд үйлчилгээний барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар байрны урд талд “240 мкв” газар олгосон байна.

Нэхэмжлэгч нь уг 7 дугаар байрны 1 давхрын 47 тоотод амьдардаг бөгөөд “маргаан бүхий барилгыг барьснаар нарны тусгал хаагдсан, барилга хоорондын зай ойртсон, барилгыг газрын хэмжээнээс илүү гаргаж, анхны зураг төслийн дагуу бариагүй, барилга ашиглалтад оруулснаас өмчлөлийн хөрөнгөө ашиглах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргажээ.

Гуравдагч этгээд Ц.Цацралын тухайд 240 мкв газар эзэмших эрхтэй атлаа уг газрын хэмжээнээс илүү гаргаж, 378 мкв газарт барилга барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр[1], мөн барилга хоорондын зай 10.5 м байхаар тусгагдсан байхад 9.3 м болгон, барилга хоорондын зайг ойртуулан барилга барьсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 07-210-2625 дугаар албан бичгээр тус тус тогтоогджээ.

Энэ нь Барилгын тухай хуулийн /2008 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.4 дэх хэсэгт заасан үүргээ гуравдагч этгээд биелүүлээгүй, хууль зөрчиж, маргаан бүхий барилгыг барьсан, нөгөө талаас захиргааны байгууллага уг зөрчлийг хянан шалгаж, таслан зогсоогоогүй, хуулиар оногдуулсан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай байна.

Гэвч барилга барьсантай холбогдуулан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөөгүй болох нь “нутаг дэвсгэрийн байршлыг харгалзаж, нарны тусгал тасралтгүй үргэлжлэх хугацаа 2 цаг үргэлжлэхэд хангагдана, нарны гэрлийн хангамжийг хангаж байна” гэх шинжээчийн дүгнэлтээр[2] тогтоогджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тохиолдолд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй, шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох шийдвэр гаргахаар заажээ. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “шүүх өөр өөр шинжээчийн дүгнэлт гарсан байхад зарим дүгнэлтийг үнэлээгүй, нарны тусгалыг буруу тооцоолсон дүгнэлтийг үнэлсэн” гэх гомдлын тухайд:

Энэхүү маргаанд зөвхөн нарны тусгал хангагдах эсэх асуудлаар нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд анхан шатны шүүхээс цаг хугацааны хувьд хамгийн сүүлд гаргасан 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчээс энэхүү 2016 оны шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “нарийн хэмжилт хийгээгүй, талуудыг байлцуулаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шинжээч нараас холбогдох нарийн мэдлэгийн хүрээнд тооцоолол хийж, дүгнэлтийг гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт баримтаар тогтоогдсон, түүнчлэн дүгнэлт гаргах ажиллагаанд талуудыг оролцуулах үүргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт зааснаар хүлээгээгүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

Мөн түүнчлэн маргаан бүхий барилгыг ашиглалтад оруулсан актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх нөхцөл тогтоогдоогүй, захиргааны байгууллагын зүгээс анх гуравдагч этгээдэд барилга барих зөвшөөрөл олгохдоо зөвхөн “комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн” болох нь маргаан бүхий акт, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна.

Энэхүү үүрэг даалгаварт одоо нэхэмжлэгчийн маргаж байгаа нөхцөлүүд багатсан, “зэргэлдээх орон сууцны барилгын нарны ээвэрлэлтийг тооцож гаргуулах, газрын хэмжээ томорсон байгааг шийдвэрлэх, зураг төсөл өөрчлөгдсөнтэй холбогдуулан гүйцэтгэлийн зураг гаргаж шалгуулах” зэрэг үүргийг гуравдагч этгээдэд хүлээлгэж байжээ.

Гэтэл гуравдагч этгээдээс энэхүү үүргийг биелүүлээгүй, дур мэдэн барилга барьсан байх тул гуравдагч этгээдийн энэ үйлдэлд холбогдуулан нэхэмжлэгчээс хууль зөрчиж барьсан хөрш зэргэлдээ хөрөнгийн нөлөөлөл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурах эсэх асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “хуульд заасан үндэслэл байвал тэдгээрийг /хэргийн оролцогчийг/ нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно” гэж тус тус заажээ.

Энэ тохиолдолд гуравдагч этгээд нь маргаан бүхий барилгыг ашиглалтад оруулахаас өмнө зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх хуулиар оногдуулсан үүргийн хүрээнд нарны тусгалын асуудлаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх үүрэгтэй байсан.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нь шүүхийн зардлыг бий болгосон, түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн хүсэлтээр дахин шинжээч томилж, шинжээчийн ажлын хөлс төлөх үр дагавар үүсгэсэн байна.

Нөгөө талаар захиргааны байгууллагын зүгээс гуравдагч этгээд холбогдох үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгааг тухайн цаг үед нь шалгаагүй, хяналт хэрэгжүүлээгүй, барилгыг зохих журмын дагуу, стандартад нийцүүлэн бариулах арга хэмжээ аваагүй байгаа нь Барилгын тухай хуулийн /2008 он/ 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт нийцэхгүй юм.

Иймээс хариуцагч, гуравдагч этгээдийн хууль зөрчсөн байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийг шинжээчийн зардлаас чөлөөлж, хариуцагч болон гуравдагч этгээдээр шинжээчийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг зөв үнэлж дүгнэсэн боловч “үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн гишүүн тус бүрийн дүгнэлт нотлох баримтаар олдоогүй, ...хэдий ч биелэлт жагсаалт хэлбэрээр бүртгэгдсэн, ...гишүүд гарын үсэг зурж баталгаажсанаар нэхэмжлэгчийн үүрэг даалгавар биелэгдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна” хэмээн дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын гишүүд маргаан бүхий актад гарын үсэг зурахдаа “үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулах” гэсэн болзол тавьсан, харин үүнийгээ хэрхэн биелсэн талаар эргэж хариу шалгасан болох нь ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй, харин гуравдагч этгээдээс газрын хэмжээ хэтрүүлэн, барилга хоорондын зай зөрчиж, маргаан бүхий барилгыг барьсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон.

Мөн анхан шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, маргаан бүхий актыг хүчингүй болгох тус тусдаа ойлголтыг хольж, буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх болон тогтоох хэсэг зөрүүтэй, “шаардлага хангаагүй барилга хүлээн авч, акт үйлджээ” гэсэн атлаа ямар учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн зардлыг хэн хариуцах талаар шийдвэрлээгүй орхигдуулсан буруутай байна.

Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 744 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож” гэснийг, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 903582 төгрөгөөс 451791 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас, 451791 төгрөгийг гуравдагч этгээд Ц.Цацралаас тус тус гаргуулж, Барилга хөгжлийн төвийн Барилга захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Д.Золзаяа, Магадлалын хэлтсийн мэргэжилтэн Д.Одбаяр нарт тус тус олгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 79 дүгээр талд

[2] 2 дахь хавтаст хэргийн 198 дугаар талд