| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2022/0125/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/141 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0125/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Б-ийн Б-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, талбайн инженер мэргэжилтэй, “Богд Төмөр Ерөө гол” ХХК-ний Баянгол төмөр замд вагон үзэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум газар бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Б-ийн Б- /РД: /,
Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цацрал” төвийн зочид буудалд иргэн М.О-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, баруун бугалад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цацрал төвд ресейпшнээр ажилладаг юм. Манайх 4 ээлжээр ажилладаг ба 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт ээлж хүлээж авсан юм. Миний мэдэхээр 204 тоот өрөөнд 30 гаран насны залуу 2 хоносон гээд байж байсан юм. Тэр залуу дээр нэг хүн ирсэн, тэр хоёр нийлж архи уусан байсан. Орой 22 цагийн орчим өрөөнүүдийн хаалгыг хүн цохиод байна гэж өрөөнүүдээс дотоод холбоогоор хүмүүс хэлэхээр нь гараад очсон, энэ 204 тоот өрөөний залуу дээр ирсэн залуу өрөөний хаалга цохиод байсан, тэгэхээр нь яагаад өрөөний хаалга цохиод байгаа юм бэ, үйлчлүүлэгч нараас гомдол гаргаад байна гэж хэлсэн чинь 202 тоот өрөөний залуу надаас гал авсан юм гэхээр нь за би дотуур холбоогоор асуугаад өгье гэж хэлээд асуусан чинь 202 тоот өрөөний хүн галыг нь авсан байхаар нь өрөөнөөс аваад 204 тоот өрөөнд галыг оруулж өгөөд ирсэн залууг нь ингээд гараарай хүмүүс амраахгүй юм гээд хэлсэн чинь цаанаас нь намайг цохисон залуу босож ирээд над руу янз янзаар орилоод байхаар нь хүмүүс амарч байна гээд байж байтал тэр залуу амандаа идэж байсан хоолоо миний нүүр рүү нулимхаар нь би уурлаад ямар сэжгийн юм бэ гээд хэлсэн чинь шууд миний толгой руу 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би айгаад дор байж байсан чинь дахин араас ирээд хэрүүл хийгээд цагдаагаа дууд энэ тэр гээд байхаар нь цагдаа дуудаж энэ хүнийг өгсөн. ...Миний хоёр гарын булчин хөхөрсөн, тархи хөдөлсөн байсан. Би тэр хүнд гар хүрээгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохиролд 200,000 төгрөг дансаар өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...М.О-гийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун бугалгад цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.О-гийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 22-23/,
Камерын бичлэг үзлэг хийсэн “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00:45 цагт бичлэгийг гар утаснаас давхар хийсэн бичлэг байх ба нийт 1 минут 29 секундын бичлэг байх ба ...коридорт өрөөний хаалга онгорхой байх үед хүмүүс хоорондоо түлхэлцэж байгаа дүрс харагдах ба тодорхой сайн харагдахгүй, 00:21 цагт зүүн гараараа зүүн шанаагаа дараад шат руу бууж байгаа дүрс бичигдсэн байна” гэх тэмдэглэл / хавтас хэргийн 57/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.О-д хохирол төлбөр 260,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД