Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0133/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х- овогт Б-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтэст үйлдвэрлэлийн эдийн засагч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х-  овогт Б-ын Б- /РД: /,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-иас зарласан “Цахилгаан соронзон фильтр акващит нийлүүлэх” тендерт оролцохоор баримт бүрдүүлэхдээ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 7 дугаар байрны 54 тоот гэртээ “Хаан банкны Дархан салбарын 32,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой гэх агуулга бүхий” тодорхойлолтыг компьютер ашиглан хуурамчаар үйлдэн тендерийн материалд хавсарган хүргүүлсэн болох нь:

Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Хаан банкны Дархан салбарын менежерээр ажилладаг. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай банкны нэр дээр “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-иас 1/158 дугаартай албан бичгээр “Н- Ө- у” ХХК нь тус байгууллагаас зарласан ДДС/22010105 дугаартай тендерт оролцохдоо гарган өгсөн манай банкны тодорхойлолт нь үнэн зөв эсэхийг тодруулж өгнө үү гэж шалгуулахыг хүссэн тодорхойлолтоо хавсралтаар ирүүлсэн байсан. Үүний дагуу манай банкнаас уг тодорхойлолтыг гаргасан нэгж болох Дархан салбарын төв тооцооны төвийн удирдлага болох Ц.Дэмбэрэлдагва, тоот боловсрлуулах ажилтан болох Б.Отгонтуяа нараас тодруулж асуухад яг ийм тодорхойлолт үйлдээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээрх 51/08/22/61 дугаартай тоот албан ёсоор гаргасан эсэхийг шалгахад тийм дугаартай тоот манай банкнаас гараагүй байсан. Харин 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай банкнаас 5108/22/37 тоот дугаартай албан бичгээр “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-д хандаж “Н- Ө- у” ХХК нь “Дарханы Дулааны сүлжээ” ТӨХК-иас зарласан тендерт оролцож байгаа бөгөөд шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд “Хаан банкны зээлийн бодлого бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд 23,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтойг тодорхойлж байна” гэсэн албан бичиг үйлдэж, уг тоотыг хийлгэсэн иргэнд нь хүлээлгэн өгсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,     

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би Хаан банкны Дархан салбарт төв тооцооны төвийн ахлах харилцааны менежерээр ажилладаг. “Н- Ө- ус” ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5108/22/37 дугаартай тодорхойлолт дээр би гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5108/22/61 дугаартай тодорхойлолт гарган өгч, гарын үсэг зураагүй. “Н- Ө- у” ХХК нь манай банкнаас зээл авахаар судлагдаж шаардлага хангасан зүйл байхгүй. Манай банканд огт зээлийн судалгаа хийгдээгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

           

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д хангамжийн хэлтсийн дарга албан тушаалтай ажилладаг. Энэ албан тушаал дээрээ 6 жил тасралтгүй ажиллаж байна. Манай байгууллагаас 2022 оны 02 дугаар сард Ялтсан халаагч угаах төхөөрөмж нийлүүлэх, Цахилгаан соронзон фильтр акващит нэртэй төслүүд зарласан. Манайхаас зарласан 2 тендерт “Н- Ө- у” ХХК нь материал бүрдүүлэн өгч, 2-ууланд нь шалгаруулалтад оролцсон. Эхний зохион байгуулсан “Ялтсан халаагч угаах төхөөрөмж нийлүүлэх” тендерт “Н- Ө- ус” ХХК-иас гадна өөр нэг компани орсон. Тэр хоёр компани 2-уул манайхаас зарласан тендерийн шаардлагыг хангаагүй учраас тэнцээгүй. Гэхдээ ямар нэгэн бичиг баримтын зөрчил бол байгаагүй, зүгээр шаардлага хангаагүй учраас тэнцээгүй юм. Харин дараагийн зарласан “Цахилгаан соронзон фильтр акващит нийлүүлэх” тендерт 3 компани оролцсон бөгөөд “Н- Ө- у” ХХК-ийн ирүүлсэн материалуудыг хянаж үзэхэд өмнөх тендерт оролцоод шалгараагүй шалтгаан болох Хаан банкнаас авсан түргэн хөрвөх боломжтой зээлийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолтыг сольж бичсэн тодорхойлолт байсан бөгөөд уг тодорхойлолт дээр хаан банкны албан тоотын хатуу дугаар нь доод буланд нь бичигдээгүй байсан учраас манай үнэлгээний хорооны гишүүд энэ талаар нь анзаарч тухайн тодорхойлолтыг үнэн зөв эсэхэд эргэлзсэн учраас Хаан банк руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тодорхойлолт үнэн зөв эсэх талаар тодруулга авахаар албан тоот хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

 

Гэрч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Н- Ө- у ХХК нь нөхөр бид хоёрын эрхэлдэг гэр бүлийн компани. Би уг компанийн захирлаар ажилладаг, манай нөхөр Б- нягтлан бодогч гэж явдаг. Бид хоёроос өөр хүн манай компанид ажилладаггүй. Манай компани Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас зарласан Цахилгаан соронзон фильтр акващит нэртэй тендерт оролцохоор материал бүрдүүлэн өгсөн. Ямар нэгэн тендерт оролцох материалыг манай нөхөр бүрдүүлдэг. Нөхрийн бүрдүүлсэн баримтууд болчих юм бол би тоот бичээд гарын үсэг зурдаг юм. Уг тендерт оролцохдоо ч гэсэн манай нөхөр материал бүрдүүлээд би түүнийг нь хянаад тоот дээр нь гарын үсэг зураад бүх материалаа цахимаар тендер зарласан байгууллага руу хүргүүлсэн. Манай компанийн хувьд Хаан банкнаас зээл авахаар судлагдсан зүйл байхгүй. Дарханы дулааны сүлжээ ТӨХК-иас 2 удаагийн тендер зарласан. Эхний зарласан тендерт нь манай компани нь бүх зүйлийг журмын дагуу хүргүүлээд явуулсан боловч тэнцээгүй. Тэгээд дараагийн “Цахилгаан соронзон фильтр акващит” нэртэй тендерт оролцох материалыг бүрдүүлээд явуулсан боловч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иас манай компанийн мэйл хаягаар “танай компаниас ирүүлсэн тодорхойлолтыг Хаан банкнаас хуурамч гэсэн байх тул танай компанийг тендерт оролцуулахгүй” гэсэн утгатай хариу ирсэн. Тэгэхээр нь би энэ талаар нөхрөөсөө асуухад манай нөхөр надад “би өмнөх тендерт оролцохдоо Хаан банкнаас авсан тодорхойлолтоо засаад өгөөд явуулчихсан юм, тэрийг мэдчихсэн юм шиг байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 29-ний 25 дугаартай “...Шинжлэгдэж байгаа 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5108/22/61 дугаартай Дархан Дулааны сүлжээ ТӨХК-д гаргасан тодорхойлолт нь дахин хуулбарлан хэвлэж тодорхойлолтод бичигдсэн бичвэрүүдийн утга санаа, тоог өөрчлөн бичсэн байна. Шинжлэгдэж байгаа 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5108/22/37 дугаартай Дархан Дулааны сүлжээ ТӨХК-д гаргасан тодорхойлолтыг хувилан олшруулж дугаарын арын 37 гэх тоо болон дотор талд бичигдсэн бичвэрүүдийн утга санаа мөнгөн дүнгийн тоог өөрчлөн бичсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-52-р хуудас/,

 

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Б-ы эзэмшлийн “Сони” маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-17-р хуудас/,

 

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

 

“Капитал Зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Sony” маркийн Core i3 процессортой 15.5 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютерын зах зээлийн үнэ цэнэ 150,000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57-р хуудас/ гэх шинжээчийэ дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь уг гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хуурамч бичиг баримт үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба тендерт оролцох санхүүгийн чадварыг нотлох зорилгоор хуурамчаар үйлдсэн банкны тодорхойлолт нь эрх олгосон баримт бичгийн төрөлд хамаарна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь тендерт оролцогч компанийн санхүүгийн чадавхтай холбоотой Хаан банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 1000 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Sony” маркийн Core i3 процессортой 15.5 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютерийн үнэ болох 150,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хуурамч бичиг баримт үйлдэхдээ компьютер ашигласан болох нь тогтоогдож байх боловч уг компьютерт шүүгдэгчийн зураг болон бусад хувийн мэдээлэл хадгалагдсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураах нь давхар уг мэдээллийг хураан авахад хүргэх тул эд зүйлийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг болон энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Б-ын Б-ыг эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Sony” маркийн Core i3 процессортой 15.5 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютерийн үнэ болох 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-д “Sony” маркийн Core i3 процессортой 15.5 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютерийг буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД