Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0130/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А- овогт Ц-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 64 дүгээр брак байрны 13 тоотод амьдарч байгаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод  оршин суух хаягтай,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэн хянан харгалзалцсан,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. А- овогтой Ц-ын Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн 7 дугаар баг, Сэргэлэнгийн 3 дугаар гудамжинд Тоёота Ист маркийн 14-73 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, гудамжаар явж байсан явган зорчигч А.С-г мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний тахилзуур ясны битүү сэлтэрхийтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд өөрийн охин 13 настай Солонгоогийн хамтаар гэрийнхээ ойролцоо “Итгэл” хүнсний дэлгүүр орчхоод буцаад гэрийнхээ гудамжны үзүүр тойроод явж байтал араас 2 машин ирж байхаар нь зам тавьж өгөхөд эхлээд явж байсан машин өнгөрөөд, ард нь явж  байсан саарал өнгийн жижиг машин намайг мөргөөд унагаасан... Миний хоёр хөл машины дор орсон байхаар нь хөлөө авсан, тэгээд хөл дээрээ зогсох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй байсан... Намайг мөргөсөн машины жолооч архи уусан согтуу байдалтай ганцаараа машинаас бууж ирсэн, машинд нь өөр хүн байгаагүй. Тэгээд би эмнэлэгт үзүүлэхэд миний хөл хугарсан байсан. Тэр үед зам цастай, гудамжны гэрэлтүүлэг ассан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би одоо осолд орсноос хойш ажлаа хийж чадахгүй байгаа болохоор 2, 3, 4, 5 дугаар сарын цалинг нэхэмжилнэ. Эм тариа, эмчилгээний зардалтай холбоотой 312,381 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Одоогоор 1,100,000 төгрөгийн хохирол барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

 

Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Б-тай 2018 онд танилцаад тэрнээсээ хойш нэг гэрт хамт амьдарч байгаа дундаасаа хүүхэдгүй... Зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ зөөлөн сэтгэлтэй, төлөв даруу зантай. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Би энэ машиныг 2 жилийн өмнө худалдаж аваад нэрээ шилжүүлж авч чадаагүй байгаа. Ер нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ээжийн хамт “Итгэл” дэлгүүр орчхоод буцаад гэр рүүгээ явах замдаа Сэргэлэнгийн 3 дугаар гудамж руу эргээд ороход араас 2 машин ирж байгаа харагдахаар нь би ээжтэйгээ зүүн гар тийшээ хашааны дагуу машинд зам тавьж өгөхөд эхний машин өнгөрөөд дараагийн машин манай ээжийг мөргөөд унагаасан, ... ээжийг мөргөсөн машины жолооч машинаас ганцаараа бууж ирэхдээ согтуу бууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Уг машиныг 2021 оны хавар Гансүх, Б- гэх эхнэр нөхөр хоёрт зарсан... Одоо уг машины төлбөр төлөгдөж дууссан ч гэсэн би нэр шилжүүлж өгч чадаагүй байна. Энэ миний машин биш Гансүх гэх хүн худалдаж авсан болохоор тэр хүний машин байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

“Дархан-Алтан жолоо” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “... Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-41 дүгээр тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаартай “...А.С-гийн биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны битүү сэлтэрхийтэй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.С-гийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

 

Яллагдагч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ганцаараа нэг шил 0.5л граммтай архи уусан юм. Тэгээд эхнэр Гансүхийг тосох гээд гэрээсээ машинаа унаад явж байгаад Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэн 2 дугаар гудамжинд явган зорчигч гэнэт өөдөөс гарч ирээд зогсож чадалгүй машиныхаа урд хэсгээр мөргөчихсөн... Манай эхнэр болох Гансүхийн эзэмшлийн Тоёота Ист маркийн 14-73 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хангамжийн 4 дүгээр гудамжнаас Сэргэлэнгийн 2 дугаар гудамж хүртэл 200-300 метр орчим газар жолоодсон... Би тормос гишгээд машин гулгахаар нь зүүн гар тал руугаа рулиэ дарахад тухайн явган 2 зорчигч хоёулаа дагаж зүүн гар тал руугаа гүйгээд урд нь гүйж байсан С- гэх эмэгтэйг мөргөсөн... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 64 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

 

Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Alcotest AL7510 гэх багаж ашиглан шалгахад 2.55 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.С- нь ажилгүй байсан 6 сарын цалин буюу 6,072,000 төгрөг, эмчилгээний зардал баримтаар гаргаж өгсөн 312,380 төгрөг нэхэмжилснээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг багасган, 2022 оны 2-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинг хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө сүүлийн 3 сарын дундаж буюу 920,266 төгрөгөөр тооцон нийт 3,681,064 төгрөг, эмчилгээний зардал 312,380 төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 1,100,000 төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогч А.С- нь хөдөлмөрийн чадвар алдахаас өмнө Жүр-Үр ХХК-д сүүлийн 3 сарын дунджаар сарын 920,266 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь хэрэгт авагдан нийгмийн дА-галын байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санА-ай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч, хохирогчийн харилцан тохиролцож зөвшилцсөн хугацааны буюу 2022 оны 2-р сарын 1-нээс 6-р сарын 1 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 3,681,064 төгрөг, эмчилгээний зардал 312,380 төгрөг, нийт 3,993,444 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгчийн төлсөн 1,100,000 төгрөгийг хасаж, 2,893,444 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч А.С- нь 2022 оны 6-р сарын 1-нээс хойш ажилгүй байсан хугацааны цалин болон, энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг 4 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн авч харилцан тохиролцсон, шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг 4 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. А- овогт Ц-ын Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гаас 2,893,444 /хоёр сая найман зуун ерөн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулж, Уран овогт Амгалангийн С- /Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Сэргэлэнгийн 3-47 тоот, РД:ВР80090804, утас: 88367673/-д олгож, хохирогч А.С- нь 2022 оны 6-р сарын 1-нээс хойш ажилгүй байсан хугацааны цалин болон, энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД