Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 60 айлын 37 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ХЙ57090615, Тайжууд овогт Пүрэвжавын Содномцэрэнгийн,

                Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Улаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэхэмжлэгч П.Содномцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Улаанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, 60 настай. Би 1976 оны 7 дугаар сард Худалдааны техникум төгсөөд Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Увс аймаг дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр 1976 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1978 оны 11 дугээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Дараа нь 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагчаар, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт Худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Худалдааны байгууллагууд зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Эд хэрэглээний хоршоодын холбоо гэх нэртэй болоход энэ байгууллагад хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болно. Одоо тэтгэвэрт орох нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, архиваас баримтууд гарч ирэхгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний дээрх 4 байгууллагад ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан З.Алтансүх, Ч.Цээсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч П.Содномцэрэн нь 1976 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Увс аймаг дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр, Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар, Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагч, худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар, Эд хэрэглээний хоршоодын холбоонд хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

             Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 372 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Тэс сумын Ахуйн үйлчилгээний төвийн 1981-1985 оны цалин, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 1989-1994 оны цалинг шүүн үзэхэд Пүрэвжав овогтой Содномцэрэнгийн цалин гараагүй болно. Увс аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Пүрэвжав овогтой Содномцэрэнгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.

            Түүнчлэн Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас П.Содномцэрэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1976 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Худалдаа бэлтгэлийн яамны харьяа төлөөлөгчийн газар мэргэжилтнээр ажиллуулав, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймагт шилжүүлэв, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тус аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар томилов, 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ар гэрийн гачигдлаар Ахуй үйлчилгээний ангийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар авч ажиллуулав, 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээд сургуульд суралцах болсон тул Улаангом хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр МУИС-ийн ХЭЗФ-ийн худалдааны эдийн засгийн 1-р ангид оюутнаар элсүүлэв, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр МУИС-ийн ХЭЗФ-ийн худалдааны эдийн засгийн анги төгссөн учир Худалдаа бэлтгэлийн яамны мэдэлд шилжүүлэв, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын санхүү төлөвлөгөөний хэлтэст эдийн засагчаар түр томилон ажиллуулав, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөр ажилд томилогдох болсон тул эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар тоимлон ажиллуулав, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгууллагын зохион байгуулалт өөрчлөгдсөн тул дээрх ажлаас чөлөөлөв, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний Аймгийн Эд хэрэглээний хоршоодын холбооноос хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилов, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн өөр газар шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв гэжээ.

             Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захиргаанаас 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.Содномцэрэнг шагнаж байсан баярын бичиг, нэхэмжлэгч нь Хоршоодын холбоо, Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээ, Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн хамт олонтой авахуулж байсан гэх гэрэл зургууд хэрэгт авагдсан байна.

              Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Алтансүх, Ч.Цээсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Алтансүх Миний бие нь 1984 оноос одоог хүртэл Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуульд пионерийн удирдагч, багшаар ажиллаж байна. Намайг тус сургуульд пионерийн удирдагчаар ажиллаж байхад П.Содномцэрэн нь 1981 онд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Улмаар П.Содномцэрэн нь 1985 оны хавар шалгалт өгөөд намар нь Улаанбаатар хот руу Монгол Улсын Их сургуульд суралцахаар явсан. Тухайн үед Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлаар Д.Түмэнжаргал, Т.Рагчаасүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ч.Цээсүрэн Миний бие нь 1965-1985 онуудад Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуй үйлчилгээний газарт худалдагч, оёдолчин гэх зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг Тэс сумын Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажиллаж байхад П.Содномцэрэн нь 1978 онд тус байгууллагын даргаар томилогдон ажиллах болсон. Улмаар 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас Улаангом сум руу шилжсэн. Тухайн үед Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний даргаар П.Содномцэрэн, Энэбиш гэх хүмүүсажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

             Нэхэмжлэгч П.Содномцэрэн нь Хоршоодын холбоо, Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээ, Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн хамт олонтой авахуулж байсан гэх гэрэл зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

            Хэдийгээр П.Содномцэрэнгийн 1976-1995 онуудын цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймаг дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр, Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар, Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагч, худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар, Эд хэрэглээний хоршоодын холбоонд хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захиргаанаас 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнаж байсан баярын бичиг, гэрч З.Алтансүх, Ч.Цээсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч П.Содномцэрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1976 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Увс аймаг дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр 2 жил 4 сар 23 хоног, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар 2 жил 10 сар, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 3 жил 10 сар 17 хоног, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагчаар 2 сар 20 хоног, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт Худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар 2 сар 26 хоног, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Эд хэрэглээний хоршоодын холбоонд хариуцлагатай нарийн бичгийн даргаар 4 жил 4 сар 15 хоног, нийт 13 жил 11 сар 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайжууд овогт Пүрэвжавын Содномцэрэнгийн 1976 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Увс аймаг дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр 2 жил 4 сар 23 хоног, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Нийтийн ахуйн үйлчилгээний ангийн даргаар 2 жил 10 сар, 1981 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаангом сумын 10 жилийн 2 дугаар сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 3 жил 10 сар 17 хоног, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагчаар 2 сар 20 хоног, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт Худалдаа нийтийн хоолны үйлчилгээний хэлтсийн даргаар 2 сар 26 хоног, 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Эд хэрэглээний хоршоодын холбоонд хариуцлагатай нарийн бичгийн даргаар 4 жил 4 сар 15 хоног, нийт 13 /арван гурав/ жил 11 /арван нэг/ сар 11 /арван нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Содномцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ