Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0146/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш- овогт О-ийн Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000185 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш- овогт О-ийн Б- /РД: /,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 31, 2022 оны 02 дугаар сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 11-62 тоот гэртээ эхнэр Г.Н-г хардаж зодсон, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зодохдоо эрүүл мэндэд нь зүүн бугалга, гуя, баруун бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн нүдний зовхины орчимд нэвчдэс бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би О.Б-той гэр бүл болоод 18 жил болж байна. Манай том хүү Б- нь миний төрсөн хүү биш Б-ын дагвар хүү юм. Б- бид хоёр дундаасаа 14 настай хүү Энхтайван, 9 настай Алтансувд нар төрсөн. Манай нөхөр Б- нь 2018 онд Солонгос улс руу ажил хийхээр яваад 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр буцаж ирсэн. Ингээд ирсэн цагаасаа хойш л байнга архи ууж архи уухаараа намайг ямар нэгэн шалтаг хайж эсхүл хардаж зодож цохидог. Одоо миний санаж байгаагаар 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг гэртээ согтуугаар зодож цохисон. Энэ үед манай том хүү Б- гэртээ байгаагүй, би Б-д хэлээд тухайн үед гэрт ирээд Б-ыг хориглож байсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг согтуугаар хардаж намайг толгой болон хоёр гар руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн үед манай хоёр бага хүүхэд уйлаад Б-ын гараас боль гээд бариад байхад л хөлөөрөө өшиглөж цохиж зодоод байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-15/,

 

Гэрч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай аав Б-, нь миний төрсөн аав, Н- нь миний төрсөн ээж биш байгаа юм. Намайг бага байхад сууж нэг гэр бүл болж байсан. Манай аав Б- нь архи уухаар их агсам согтуу зантай. Архи уухаараа л ээж Н-г зодож нүдээд байдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө би яг санахгүй байна. Баруун гарыг нь хөлөөрөө дэвсээд хугалж байсан. Тухайн үед нь би харж байсан. Аавыг болиулах гээд өөрөө зодуулж байсан ээжийг газар унагачхаад хөлөөрөө гаран дээр нь дэвссээр байгаад хугалж байсан. Одоо миний мэдэхээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ аав архи уучихсан ээжийг зодоод байна гэхээр нь би гэртээ очсон. Тухайн үед би эхнэр Нандин-Эрдэнийн гэрт байсан юм. Намайг очиход ээж буйдан дээр уйлаад сууж байсан. Хоёр гар нь нилээн хөхөрсөн байсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 27-ний өдөр ээжийг согтуу зодож нүүрэн хэсэг нь нилээн хавдаж цохиж зодсон байсан. Тухайн үед үүссэн гэмтэл бэртлийн талаарх зураг нь одоо ээжийн утас дээр байгаа. Манай аав Б- нь архи уухаараа их агсан, архи уух болгондоо ээжийг цохиж зоддог. Манай ээж Н- нь элэгний хавдартай, архи дарс уудаггүй. Аавтай хэрэлдэж маргаад байдаггүй. Аав хардаад л зодоод байдаг юм. Сүүлд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн гэртээ ээжийг зодсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

 

Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний харснаар 2022 оны 02 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Н- эгч манай ажил дээр ирсэн юм. Тухайн үед Н- эгчийн нүд болон нүүр нь нэлээн хавдаж хөхөрсөн байсан. Би яасан талаар нь асуухад Б- ах архи уугаад зодчихсон юм гэж хэлсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Н- эгчтэй би утсаар ярихад урд өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б-оо ах чинь архи уугаад зодож цохиод  эгч нь ээжийндээ ирчихсэн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

Гэрч И.-нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай хүү Б- бараг өдөр болгон архи ууж байгаа, ингэхдээ эхнэртээ агсам согтуу тавиад байдаг тухай бэр Н- надад байнга хэлдэг. Солонгос улс руу явж ирснээс 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр 1 удаа Н- утасдаад Б-од зодуулсан гэхээр нь очиж байсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б-ын хүү Энхтайван утсаар залгаад аав агсам тавиад ээжийг зодоод байна гэж хэлж байсан. Ингээд намайг очиход Н-гийн зүүн тал нь нэлээн хавдаж хөхөрсөн байсан. Б- архи уусан согтуу байсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэр Н- утсаар залгаад ээж би Б-оос саллаа, та надад битгий гомдоорой, урд шөнө агсам согтуу тавьж  зодож цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

  

 Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 6 оноо буюу “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хх-ийн 3-4/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 372 дугаартай “...Г.Н-гийн биед зүүн бугага, гуя, баруун бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн нүдний зовхины орчимд нэвчдэс тогтоогдлоо. Г.Н-гийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цус хуралтууд нь 2022 оны 03 дугаар сарын 27-нд үүссэн байх боломжтой. Г.Н-гийн биед илэрсэн зүүн нүдний зовхины орчмын эмзэглэл бүхий нэвчдэс нь 2-р зурган дээрх гэмтэлтэй тохирох ба тухайн үед нүүрний зүүн хэсгийг хамарсан цус хуралт нь аажмаар шимэгдсэнээс үлдсэн байх боломжтой байна. Г.Н-гийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Н-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 35-36/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас / хавтаст хэргийн 37-38/,   гэрэл зургууд / хавтаст хэргийн 39-40/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

О. Б-, хохирогч Г.Н- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б- нь эхнэрээ 3 удаа буюу байнга зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг, 2022 оны 03 дугаар сарын 27-ны орой эхнэр Г.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, гуя, баруун бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн нүдний зовхины орчимд нэвчдэс бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 11 дүгээр байрны 62 тоот хаягаас 500 метрээс гадагш гарч явахгүй байхаар хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.2 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай үндэслэл бүхий хүсэлтээ бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан тул зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Н- гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Ш- овогт О-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-од оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин сууж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 11 дүгээр байрны 62 тоот хаягаас 500 метрээс гадагш гарч явахгүй байх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжих хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3,  дахь хэсэгт зааснаар О.Б- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Б- нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх, ажилд орох зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД