Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0139/Э |
Дугаар | 2022/ШЦТ/154 |
Огноо | 2022-04-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0139/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х.... овогт Н-н Б-д холбогдох эрүүгийн 2218000000150 дугаартай хэргийг 20.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.. овогт Н-н Б /РД: ...../, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., .... боловсролтой, ... мэргэжилтэй, ...., ам бүл ..., ...., ...., .... .... хамт .... аймаг, ... сум, ... баг .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Б-н өгсөн: ...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа. Улсын яллагчтай 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
20.. оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... ... аймгийн ... сумын ... багийн ... тоотод үзлэг хийв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-13 дахь тал/
20.. оны .. дугаар сарын ...-ний өдрийн “...хохирогч Б.Н-аас гаргаж өгсөн ногоон өнгийн иштэй хутга”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/
20... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “...хутганы нийт урт 19 см, үүнээс ишний хэсэг 9 см, ажлын хэсгийн урт 10 см тус тус хэмжээтэй байх бөгөөд 4 талт ирмэгтэй, дугуй хэлбэртэй иштэй, ажлын хэсэг дээрээ WEIDELI гэсэн бичигтэй байх бөгөөд ямар нэгэн содон шинж тэмдэг болон цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл үгүй” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Хохирогч Б.Н-ын өгсөн: “...Н.Б өмнө нь намайг цохиж зодож, миний эрх чөлөөнд халдаж байсан удаа байхгүй. Анх удаагаа л ийм зүйл болж байгаа юм. Тухайн үед Н.Б маш их согтолттой байсан учраас өөрийн ухаангүй намайг хутгалсан гэж бодож байгаа. Миний хэвлийн тус газарт нэг удаа хутгалж гэмтэл учруулсан түүнээс өөр ямар нэгэн гэмтэл, шарх байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Б.Т-н өгсөн: “...манай аав Н.Б нь ямар учраас ээжийг хутгалж гэмтээсэн талаар би мэдэхгүй байна. Өмнө нь архи дарс уусан ч гэсэн ээжтэй хэрүүл маргаан хийдэг болохоос хутга шөвөг барьж дайраад байдаггүй. Архи уухаараа л зан ааш нь өөрчлөгддөг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Гэрч Б.С-н өгсөн: “...ямар учраас хутга авч ээжийг хутгалж гэмтээсэн талаар би мэдэхгүй байна. Уг нь ийм үйлдэл огт гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
.... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны ... дугаар сарын ...-ний өдрийн 299 дугаартай Б.Н-ын биед хэвлийн хананд шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Б нь 20.. оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... багийн ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Н-ын хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн өмнө хананд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Н.Б-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Н.Б, хохирогч Б.Н нар нь эхнэр, нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Н.Б нь эхнэр Б.Н-ын бие махбодод халдаж хэвлий хэсэгт хутгалж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Н-ын“...гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х... овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөар болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР