Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/618

 

 

 

 

 

 

 

   2022        04         26                                    2022/ШЦТ/618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,                           

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч А.О нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн 2206 00520 0934 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.О, 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, хойд эцэг нарын хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.О нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Их амны задгай тоот дахь иргэн Ж.Мийн байшинд насанд хүрээгүй буюу 14 настай Э.Мийг гар утсыг нь хулгайлсан гэж хардаж хөлөөрөө нуруунд нь 1 удаа, гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч А.О нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж.М /Ж.М/ ахын хаусыг түрээслэхээр хүмүүс ирсэн. Тэр хүмүүс тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд амарцгаасан байх. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө эрт 6-7 цагийн үед байшинд гал түлэх шаардлагатай байгаа эсэхийг шалгах гээд ороход байшин дулаан байсан. Тухайн үед том өрөөний шалан дээр нэг ах унтаж байхаар нь би “ахаа босоорой, орон дээр гарч унтаарай” гэхэд сэрэхгүй байсан тул дээд давхарт гарч нэг найзыг нь нөгөө газар унтаж байсан ахыг өргүүлэн орон дээр унтуулсан. Тэгээд би гараад явсан. Ж.М ах бид хоёр өдөр 12 цагийн үед байшин руу орж цэвэрлэгээ хийж байхад амрах гэж ирсэн хүмүүс сэрээд, нөгөө өглөө намайг ороход нэг давхарт газарт унтаж байсан ахын утас алга болсон гээд найзуудаа нэгжээд байсан. Тэгээд Ж.М бид хоёрын амьдардаг гэр, орныг бас нэгжсэн. Тэр үед Ж.М ах намайг дагуулж гараад “чм авсан юм уу” гэхээр нь айсандаа “би авсан, хаана тавьснаа санахгүй байна” гэхэд, Ж.М намайг 2 удаа алгадаж, хавсарч унагасан. Бас бөгс рүү өшиглөсөн. Тэгээд хашаан дотор болон байшингийн ойр орчмоор надаар хайлгаад байсан. Би гадаа бие засах газар унагасан байж магадгүй гэхэд бие засах газар луу оруулж хайлгасан. Утас нь олдохгүй болохоор утасны эзэн миний нуруу болон гэдэс рүү өшиглөөд газар унагаад байсан. Хамт явсан буржгар үстэй ах намайг татаж унагаасан. Намайг зодоод байхаар нь би утсыг чинь аваагүй шүү дээ гэхэд “ямар тоглоомтой бацаан бэ” гээд байсан. Тэгээд тэр хүмүүс хот руу буцсан. Ж.М ах намайг ээжийн танил эгчийнд хүргэж өгсөн. Тэр айлын эгч манай ах Энхмөнхийг дуудсан. Энхмөнх ах 19 цагийн үед ирээд аваад Ж.М ахын хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дэх тал/,

 

Гэрч М.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний төрсөн дүү Энхмаагийн Э.М нь төрөлхийн өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хэл ярианы бэрхшээлтэй, эмчийн хяналтад байдаггүй болохоос оюун ухааны хомсдолтой хүүхэд. Миний дүү Э.М нь тусгай сургалттай 63 дугаар сургуульд сурдаг бөгөөд хичээлийн амралтаараа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад айлын зуслангийн байшин галлах зэрэг ажил хийж мөнгө олдог. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр галлаж байсан байшинд амрахаар ирсэн 4 залуу гар утас алга болсноос болж миний дүүг зодсон байсан. Уг байшингийн эзэн гэх залуу миний дүүг ГССҮТ-д аваачиж үзүүлсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Э.Мийн хэвлий хэсгээр өвдөлт өгөхөөр нь бид нар ГССҮТ-д авч ирж шинжилгээ өгсөн ба доторх эрхтнүүд доргиж гэмтсэн байж болзошгүй, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэхээр нь тус эмнэлэгт хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дахь тал/,

 

Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар Э.Мийг цагдаа руу авч явахаар хөдөлж байхад Э.Мийн ах гэх хүн Дтэй утсаар яриад хохирлыг барагдуулахаар болсон тул буцаж байшинд орсон. Бид нар тэндээ хэсэг юм ярьж байхад Э.М бид нар дээр ирээд “миний утас нуусан газарт өөр гутлын мөр гарсан байна” гээд сонин зүйлс яриа байхаар нь миний уур хүрч түүний хувцасны мөр хэсгээс татахад, Э.М 2 хөл дээрээ сөхрөөд газар унахад, А.О түүний нуруу руу 1 удаа, гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөхөд Д салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1221 дугаартай: “...Дүгнэлт

  1. Э.Мийн биед хэвлийн урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт” /хх-ийн 39-40 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч Э.Мийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч А.О нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Их амны задгай тоот дахь иргэн Ж.Мийн байшинд насанд хүрээгүй буюу 14 настай Э.Мийг гар утсыг нь хулгайлсан гэж хардаж хөлөөрөө нуруунд нь 1 удаа, гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Мийн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Тэр үед Ж.М ах намайг дагуулж гараад “чм авсан юм уу” гэхээр нь айсандаа “би авсан, хаана тавьснаа санахгүй байна” гэхэд, Ж.М намайг 2 удаа алгадаж, хавсарч унагасан. Бас бөгс рүү өшиглөсөн. Тэгээд хашаан дотор болон байшингийн ойр орчмоор надаар хайлгаад байсан. Би гадаа бие засах газар унагасан байж магадгүй гэхэд бие засах газар луу оруулж хайлгасан. Утас нь олдохгүй болохоор утасны эзэн миний нуруу болон гэдэс рүү өшиглөөд газар унагаад байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Оыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй боловч А.О нь сайн дураараа 180.000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч А.О нь хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгч А.О нь сайн дураараа хохирол төлбөр төлсөн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А.Оыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас А.Оыг чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.О нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР