Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

 

 

   2022          03          01                                       2022/ШЦТ/139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч З.Л нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

З.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21100 0000 1128 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны _ дугаар сарын _-ны өдөр _ аймгийн _ суманд төрсөн, 34 настай, Дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, _ ажилтай, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт _ дүүргийн _ дугаар хороо, _ байрны _ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Л (РД:_).

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч З.Л нь иргэн Б.П-д “хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь уг зээлээ хаана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг Б.М-д барьцаанд тавьж түүнээс 2021 оны 07 дугаар сарын 02, мөн сарын 08, 13-ны өдрүүдэд нийт 17.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тухайн мөнгийг мөрийтэй тоглоом тоглож, мөн хувийн хэрэгцээнд зарцуулж иргэн Б.М-д 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба Б.П нь “Ниссан Теана” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү-2222” хорооллын автомашины зогсоол дээр байсныг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч З.Л-с: Мэдүүлэг гаргахгүй “гэв.

 

Хохирогч Б.М мэдүүлэхдээ: Л нь П-той хамт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр над дээр ирсэн. Мөнгөний хэрэг болоод байна 8811-тэй дугаар байна барьцаанд тавиад мөнгө зээлээч гэхээр нь тэр дугаарыг нь шилжүүлж авах гэтэл шилжихгүй байсан. Тэгээд оронд нь машин барьцаанд өгсөн. Тэгээд мөнгийг нь өгөөд 14 хоногийн дотор буцааж өгнө гэхээр нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Солонгос улс руу яваад ирсэн. Мөнгө өгөхгүй удаагаад байхаар нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргасан. Л 2.700.000 төгрөг өгөхдөө хүү гэж хийсэн. Дараа нь 5.000.000 төгрөг, 500.000 төгрөг нийт 8.200.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 1128 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.М-н 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Би 2019 оноос хойш 9911, 8811 дугаарууд худалдаж аваад буцааж зардаг, заримдаа дугаар барьцаанд авдаг. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үл таних Л гэдэг хүн миний 9911_ дугаар луу 9903_ дугаараас залгаад танд 8811_ гэдэг дугаарыг барьцаанд тавья гэхээр нь 4 хувийн хүүтэй мөнгө зээлж болно гэж хэлсэн чинь зөвшөөрөөд хаана очиж уулзах уу гэхээр нь сар болгоны эхний тав хоногт дугаар шилждэггүй юм гэж хэлсэн чинь тэгвэл ахаа түр зуур машин барьцаанд тавьж болох уу гэж асуусан. Ямар маркийн автомашин гэж асуутал Харьер эсвэл Ниссан маркийн автомашин гэж хэлсэн. Ахаа маргааш очиж уулзаж болох уу гэхээр нь би зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Голден Будда” төв дээр ирж болно гэж хэлсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр надтай утсаар ярьсан Л үл таних П гэдэг залууг дагуулж ирээд бид хоёр _-д хамт ажилладаг, П ахын машины гэрчилгээ, түлхүүрийг хамт үлдээчихье удахгүй зээлээ бүтээгээд буцаагаад машинаа авна гэж Л надад хэлсэн. Би зөвшөөрч П-ийн Хаан банкны _ тоот данс руу өөрийн _ тоот данснаас 12,000,000 төгрөгийг шилжүүлээд _ УАК улсын дугаартай “Ниссан Теана” маркийн автомашиныг авч үлдсэн. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр П-ийн 8811_ дугаар луу залгаад дугаараа шилжүүлэх үү машинаа ав гэж хэлсэн чинь за ахаа автомашин байж байг удахгүй мөнгө нь бүтнэ гэж хэлээд дугаарыг шилжүүлээгүй. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Пийн _ тоот данс руу 3,200,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр _ төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгтэл намайг БНСУ-д байхад хүргэн Б.Т утсаар яриад аав Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хүннү 2222” хороололд байсан таны үлдээсэн “Ниссан Теана” маркийн автомашин байхгүй байна гэж хэлэхээр нь  П руу залгаад яагаад машинаа аваад явж байгаа юм бэ мөнгө өгөхгүй гэж ярьсан чинь машинаа аваагүй тэр машин чинь хаана байгааг мэдэхгүй байна гээд 10 гаруй хоног хэрүүл хийсэн. Миний Хаан банкны _ тоот данс руу 7,720,000 төгрөгийг П шилжүүлсэн. П, Л гэдэг 2 хүнээс үлдэгдэл 10,000,000 төгрөг юм уу эсвэл барьцаанд өгнө гэж байсан дугаар эсвэл автомашиныг авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

 

3. Гэрч М.Э 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Апекс дэлгүүрт худалдагч хийж байхад Б.М ах залгаад чи орлогын мөнгөнөөс _ тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Яах гэж байгаа талаар нь асуугаагүй надад ч юм хэлээгүй. Мөнгө шилжүүлээд хэлээрэй гэхээр нь за гээд өөрийнхөө _ тоот данснаас 3.200.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

 

4. Гэрч Б.Т 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хадам аав, ээж хоёр БНСУ руу эмчилгээнд явахаар болоод надад _УАК улсын дугаартай автомашины түлхүүр бичиг баримт үлдээсэн. Машины эзэн мөнгө шилжүүлэх юм бол түлхүүр бичиг баримтыг нь өгөөрэй гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өглөө хадам аавын гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Сөүл рояал каунти” хотхоноос _ УАК улсын дугаартай автомашиныг барьж ирээд өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү-2222 хорооллын В2 давхрын автомашины зогсоол дээр байрлуулсан. Би тухайн үед Хөвсгөл аймаг руу явах болоод харуул хамгаалалттай газар байсан нь дээр гэж бодоод тэнд авчирсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр _ УАК улсын дугаартай автомашин зогсоол дээр байхгүй байсан. Тэгээд аавтай ярьсан чинь эзэн нь аваад явсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

 

5. Гэрч Б.П-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр _-д хамт ажилладаг Л ирээд та туслаач хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь зээлээ хаах гэсэн юм гэж хэлэхээр нь бэлэн мөнгө алга чамд туслахад хэцүү байна гэж хэлсэн чинь гар утасны дугаарыг чинь барьцаанд тавиад зээл авч болох уу гээд асуухаар нь болдог юм бол хурдан буцааж авч өгөөрэй гэж хэлсэн. Банк Бус Санхүүгийн Байгууллагаас асуутал сар бүрийн эхний 5 хоногт утасны дугаарын шилжилт хөдөлгөөн хаагдсан байдаг гэж хэлсэн. Тэгтэл Л “ахаа таны машиныг барьцаанд тавиад мөнгө авахаар нэг хүнтэй ярьчихлаа, та зөвшөөрөх юм бол” гэж хэлэхээр нь найдвартай, асуудалгүй биз гэж хэлтэл 7-10 хоногийн дараа танд банкны зээл бүтэхээр өгнө гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөнгө зээлүүлсэн М гэдэг хүн дээр очоод би ахынхаа машиныг барьцаанд тавиад мөнгө авах гэж байгаа юм, 7-10 хоногийн дотор буцааж өгнө гэж хэлсэн чинь зөвшөөрөөд миний машин, машины түлхүүр, гэрчилгээг барьцаанд аваад Хаан банкны _ тоот данс руу 12,000,000 төгрөг шилжүүлэхээр нь Лийн Хаан банкны _ тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.М 5062093575 тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг Л руу шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Л яриад ахаа нөгөө зээл бүтэх гээд байна. Би Хөвсгөл аймагт явж байна та яаралтай мөнгө зээлээч гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй, анх 12 сая төгрөг гэж хэлчхээд одоо дахиад мөнгө асуугаад байх юм хурдан тооцоогоо дуусгаад машин авч өгөөрэй, нийт мөнгө чинь 17 сая төгрөг болсон гэж хэлэхэд асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд Л М хоёр хоорондоо ярилцаад М миний хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би 1.800.000 төгрөгийг Л-ийн Хаан банкны данс руу шилжүүлээд Б.М-с нийт 17 сая төгрөг аваад тоог нь тэгшлээд үлдэгдэл 200.000 төгрөгийг М-н данс руу шилжүүлсэн. Ингээд М БНСУ-руу явсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр танихгүй хүн утсаар яриад та автомашинаа аваач ээ миний зогсоол дээр тавьсан байна. Би таны дугаарыг авто тээврийн төвөөс авлаа зогсоол чөлөөлж өг гэхээр нь хаана байгаа талаар асуухад Хүннү-2222 хорооллын авто зогсоол дээр байна гэхээр нь Ачилтын компаниар ачуулаад өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхт паласын хашаанд байрлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал),  

6. Гэрч П.Н-н 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Л гэдэг хүний царай төрхийг харж байгаагүй. Уулзаж байгаагүй. Миний хаан банкны _ тоот данс руу Л гэдэг хүн спорт тоглоомд бооцоо тавьж мөнгө шилжүүлдэг. Утган дээр нь тухайн мөнгө шилжүүлж байгаа хүн өөрийнхөө нэрийг бичээд, мөн бооцоо тавьж байгаа өөрийн ID дугаар гар утасныхаа дугаарыг бичдэг байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

 

7. Шүүгдэгч З.Л-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр П ахад  8811_ дугаараа барьцаанд тавиад өгөөч, орон сууцны зээл хаах гэж байгаа юм, мөнгө байвал өгөөч гэж хэлсэн чинь мөнгө байхгүй гэсэн. Тэгэхээр нь 8811_ дугаараа барьцаанд тавиад өгөөч 7 хоногийн дараа өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 8811_ дугаарыг М-д барьцаанд тавиад 17.000.000 төгрөг авах гэсэн боловч сарын эхний 5 хоногт дугаар шилждэггүй гэхээр нь П ахаас гуйгаад өөрийнх нь унаж байгаа _УАК улсын дугаартай “Ниссан Теана” маркийн автомашиныг Б.М-д барьцаанд үлдээгээд 12.000.000 төгрөг авсан. Дараа нь мөнгөний хэрэг гарахаар нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэмж 3.200.000 төгрөг авсан. Ингээд анх ярьснаараа 17.000.000 төгрөг болгоё гэж бодоод 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг аваад нийт 17.000.000 төгрөг болсон. Би авсан мөнгөө спорт тоглоом болох 1Х bet нэртэй олон улсын бооцоот тоглоомд 15.000.000 төгрөгийг бооцоонд тавиад, үлдсэн 2.000.000 төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан. Хохирогчид 7.780.000 төгрөгийг 2 хувааж өгөөд одоо 9.220.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал),

 

8. Хохирогч Б.М-ын Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 141 дэх тал), хохирогч Б.М-ын Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 142 дахь тал),

 

9. Гэрч Б.П-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 124-134 дэх тал),  гэрч Б.П-ийн Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 135-136 дахь тал), 

 

10. Гэрч М.Э Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 138 дахь тал), гэрч М.Э Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 139 дэх тал),

 

11. Гэрч П.Н-н Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 146-163 дахь тал), 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрч П.Н-н Хаан банкны _ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 164-165 дахь тал),

 

12. Шүүгдэгч З.Л-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 105-122 дахь тал), яллагдагч З.Л-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот дансны хуулганд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 70-104 дэх тал), 

 

             13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл (хавтаст хэргийн 61 дэх тал), _д З.Л нь ажилладаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 59 дэх тал) болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ “шүүгдэгч З.Л нь бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.М-д 17.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 17.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 8.220.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 8.780.000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч З.Л нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Голден Будда” гэх нэртэй газарт гар утасны дугаар барьцаалан хүүтэй мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.М-д хандаж, улмаар иргэн Б.П-ийн эзэмшлийн “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж зээл авч байна гэж итгэл үнэмшил төрүүлэн хуурч, удахгүй зээлээ бүтээгээд буцаагаад машинаа авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс:

- 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12,000,000 төгрөг,

- 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,200,000 төгрөг,

- 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 17.200.000 төгрөгийг Б.П-ийн Хаан банканд эзэмшдэг дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

- Хохирогч Б.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

 

- Гэрч М.Э-ы 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

 

- Гэрч Б.Т 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

 

- Гэрч Б.П-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал), 

 

- Гэрч П.Н-н 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

 

-Шүүгдэгч З.Л-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дахь тал),

 

- Хохирогч Б.М-ын Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 141 дэх тал), хохирогч Б.М-ын Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 142 дахь тал),

 

-Гэрч Б.П-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 124-134 дэх тал),  гэрч Б.П-ийн Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 135-136 дахь тал), 

 

- Гэрч М.Э Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 138 дахь тал), гэрч М.Э Хаан банкны _ тоот дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 139 дэх тал),

 

- Гэрч П.Н-н Хаан банкны _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 146-163 дахь тал), 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрч П.Н Хаан банкны _ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 164-165 дахь тал),

 

-Шүүгдэгч З.Л-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 105-122 дахь тал), яллагдагч З.Л-ийн Хаан банканд эзэмшдэг _ тоот дансны хуулганд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 70-104 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч З.Л нь мөрийтэй тоглоомын бооцоонд ашиглах зорилгоор хохирогч Б.М-аас “хүүтэй мөнгө зээлээд, зээл бүтэхээр удахгүй өгнө, иргэн Б.П-ийн эзэмшлийн _УАК улсын дугаартай “Ниссан Теана” маркийн автомашиныг барьцаанд тавьж зээл авъя, богино хугацаанд эргүүлэн төлнө гэж хэлж 17.200.000 төгрөгийг зээл нэрээр Б.П-ийн дансаар өөртөө  шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нөгөө талаар гэрч Б.П нь З.Л-ийн “хуучин байраа зараад жижиг байр авах гэсэн юм дундаас нь зөрүү гарахаар нь зээлээ хаах гэсэн юм” гэж худал хэлсэн үгэнд итгэж нөхцөл байдлыг мэдэлгүй тусламж хүссэн гэж ойлгон өөрийн автомашин болон гар утасны дугаарыг зээлийн барьцаанд тодорхой хугацаанд тавьж мөнгө зээлэхийг зөвшөөрсөн хэдий боловч зогсоол дээрээс өөрийн машиныг очиж авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан учир түүнд эд хөрөнгийн хохирол учраагүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч З.Л нь зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Б.М-аас шилжүүлсэн мөнгийг өөртөө хүлээн авсан нь бичгийн болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Дээрхээс нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь эргүүлэн төлөгдөх боломжгүйг буюу хөрөнгийг буцааж өгөх бодит баталгаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй гэдгээ мэдсээр байж хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, хүүтэй мөнгө зээлэх нэрээр халхавчилж дан ганцаар ашиг олох зорилгоор хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчоос хүүтэй зээлж авсан гэх мөнгөөр бооцоо тавьж мөрийтэй спорт тоглоом тоглосон болон өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Иймд шүүгдэгч З.Л нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан ойлгож мэдсээр байж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд залилах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийг тодорхой тусгаагүй, мөн хохирогчид учирсан хохирлын хэмжээ 17.200.000 төгрөгийг 17.000.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн зэргийг шүүх зөвтгөхөд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүгдэгч шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүгдэгч З.Л нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 17.200.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 7 дугаар сарын 31-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,720,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар, 2021 оны 12 дугаар сард бэлнээр шүүгдэгчийн эцгээс 500,000 төгрөгийг төлсөн, мөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч 1,500,000 төгрөгийг төлж, нийт хохирогчид 9.920.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс  7.280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгох үндэстэй байна.

 

Хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.П-оос шилжүүлсэн 2.720.000 төгрөгийг шилжүүлэхдээ утга дээр нь “Л хүү төлөлт гэж хийсэн” учраас зээлсэн үндсэн мөнгөнд оруулан тооцуулахгүй, зээлийн хүүд тооцно гэсэн мэдүүлгийг гаргасан.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан, нөгөө талаас шүүгдэгчийн хохирогч нарын хооронд иргэд хоорондын гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан тул “хүү” гэх мөнгө тооцох, тооцогдох үндэслэлгүй юм.

Иймээс 2.720.000 төгрөгийг шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлөгдөх хохирлын хэмжээнээс хасаж тооцон, төлөгдсөн хохирлын дүнд оруулан тооцох зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч З.Л шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч өөрийг өмгөөлж оролцохдоо “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх боловч “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч З.Л “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу мөрийтэй тоглоом тоглох зорилгоор бусдыг залилж хөрөнгийг нь шилжүүлэн авсан байдал, учруулсан хохирлын шинж чанар, хохирол төлөгдөөгүй, нөгөө талаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Л-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-г 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-д оногдуулсан 1 жил 6  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-с 7.280.000 (долоон сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч З.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН