Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2017/00079/и |
Дугаар | 383 |
Огноо | 2017-09-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 383
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1 Капитал хаусын 3 дугаар давхарт байрлах “Шунхлай говь” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Тээвэрчид”-ийн 5 тоотод байрлах “Дарьганга Өртөө” хоршоонд холбогдох
“Гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6 900 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ирүүлснийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнжав, хариуцагч “Дарьганга Өртөө” хоршоог төлөөлж дарга Ц.Болор, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэнжав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. “Дарьганга Өртөө” хоршоо нь 2016.03.18-ны өдөр Г/42 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба худалдан авагч талын захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн билээ. Бидний хооронд тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “Худалдан авагч нь худалдан авсан талоны үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь талоныг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна” гэсэн боловч хариуцагч “Дарьганга Өртөө” хоршоо нь гэрээний дагуу үүссэн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй биднийг хохироож байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Худалдагч нь худалдан авагчаас талоны үнийг шаардах эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “Худалдан авагч тал талоны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ... учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тохиролцсон.
Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Худалдагч нь худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлүүлэхийг шаардах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Худалдан авагч тал талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө”, тус зүйлийн 5.2 дахь хэсэгт “Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж заасан. Хариуцагч “Дарьганга Өртөө” хоршоо нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Г/42 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 6 900 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар алданги 7 939 750 төгрөгийг тус тус өнөөдрийг хүртэл төлөлгүй биднийг хохироосоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч тодорхой үр дүн гарсангүй. Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн үндсэн дүн 6 900 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооны дарга Ц.Болор шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн “Дарьганга Өртөө” хоршооноос “Шунхлай говь” ХХКомпанийн нэхэмжилсэн 2016 онд авсан шатахууны үнэ болох 6 900 000 төгрөгийг манай хоршооны жолооч нар тухайн үеийн дарга Дашням, нягтлан бодогч Жавзандулам нартай тооцоо нийлж өр авлагагүй болгосон. Гэтэл тухайн үед хоршооны дарга хийж байсан Ш.Дашням нь “тэр мөнгийг чинь би “Шунхлай” шатахуун түгээх станцад бэлнээр төлнө харин нягтлан бодогч Жавзандулам нь 1 200 000 төгрөгний талон бэлнээр авсан гэж ярьдаг. Иймээс дээрхи 6 900 000 төгрөгийн тооцоог манай хоршоо хариуцахгүй бөгөөд харин тухайн үеийн дарга хийж байсан Ш.Дашням, нягтлан бодогч Жавзандулам нараар төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Манай байгууллагын баримтуудад ийм хэмжээний түлш захиалсан акт харагдахгүй байгаа. Би бол тамга дарах эрхгүй. Гүйцэтгэх захирлын гарын үсэг зурж тамга дардаг. Дашням 6 дугаар сард сонгуульд өрсөлдөнө гэж яваад сүүлд ирсэн. Би албан тоот хийж “Шунхлай говь” ХХКомпанид аваачиж өгсөн. Өмнөх гэрээгээ дуусгавар болгож 2017 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн дахин гэрээ хийе гэсэн. Намайг очих үед ийм өглөг байгаа гэж хэлээгүй. Гэтэл сүүлд үлдэгдэл мөнгө байна гэж гаргаж ирсэн. Энэ мөнгөний асуудлыг яагаад 1 сар гаруйн дараа гаргаж байгаа юм бэ? 6 900 000 төгрөгийг яагаад мартсан юм бэ? Шатахууны талон зээлээр авна гэж гэрээ хийсэн. Түүнээс биш шатахууны хангамжийн тооцоо хийнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүхэд гаргаж өгсөн баримтууд бүгд засвартай байгаа. Жавзандуламыг 2017 оны 7 дугаар сарын 31-нд ажлаас чөлөөлсөн гэдэг боловч 7 дугаар сарын эхнээс ажилдаа ирэхгүй алга болсон байдаг. Гэрээ цуцлах гэж байна, тооцоо нийлж байна гэж “Дарьганга Өртөө” хоршоо руу ярих ёстой байтал ажлаас чөлөөлөгдсөн хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нотлох баримтуудыг илэрхий алдаатай, хууль бус, хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж харагдаж байгаа. Тиймээс засвартай баримтуудыг шүүх үнэлэхгүй байхыг хүсч байна. Шинжээчийн дүгнэлт гарсан л бол шүүх үнэлнэ гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпани нь “Дарьганга Өртөө” хоршоонд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 6 900 000 төгрөг, алдангид 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Дарьганга Өртөө” хоршоо нь “2016 оны шатахууны үнэ болох 6 900 000 төгрөгийн тооцоог манай жолооч нар тухайн үеийн дарга байсан Ш.Дашням, нягтлан бодогч Ё.Жавзандулам нартай хийж дуусгасан, намайг тус компани дээр очиход энэ мөнгөний талаар хэлээгүй байж сүүлд буюу 1 сарын дараа энэ асуудлыг гаргаж ирсэн. Манай байгууллагын баримтуудад ийм хэмжээний түлш захиалсан акт харагдахгүй байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд засвартай, хууль бусаар, хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпани нь хариуцагч “Дарьганга Өртөө” хоршоотой 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах тухай г/42 тоот гэрээ байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд бичгээр байгуулахыг шаардсан хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч “Дарьганга Өртөө” хоршооноос гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх заалтад нийцжээ.
Хариуцагч нь “2016 оны шатахууны үнэ болох 6 900 000 төгрөгийн тооцоог манай жолооч нар тухайн үеийн дарга, нягтлан бодогч нартай хийж дуусгасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь “намайг тус компани дээр очиход энэ мөнгөний талаар хэлээгүй байж сүүлд буюу 1 сарын дараа энэ асуудлыг гаргаж ирж нэхэмжилж байгаад эргэлзэж байна. Манай байгууллагын баримтуудад ийм хэмжээний түлш захиалсан акт харагдахгүй байгаа” гэж маргаж байгаа боловч эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээд буюу нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг тул хариуцагчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпаниас шүүхэд эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагчтай 2016.8.02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт”, 2016.5.16-ны өдрийн “Мөнгөн талоны зарлагын баримт” зэргийн огноо, талоны дэвсгэртийн тоо ширхэг зэргийг засварласан байгаа хэдий ч огноо, мөнгөн дүн нь тохирсон, талуудын нягтлан бодогч нарын гарын үсэг, тэмдгээр баталгаажсан, тус баримтуудад хариуцагчийг төлөөлж зурсан гарын үсэг тухайн үед хариуцагч байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ё.Жавзандуламын гарын үсэг мөн гэдэг нь 2017.7.02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн г/42 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Худалдагч нь худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлүүлэхийг шаардах эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Худалдан авагч тал талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрийг хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө” гэж заажээ.
Гэрээний дээрх заалтууд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 дахь хэсэгт заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд алдангид 3 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн тооцоог гаргаж, үлдэгдэл төлбөр 6 900 000 төгрөг байгаа болохыг тогтоож, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан “тооцоо нийлсэн акт”, хариуцагч байгууллагын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 100 дугаартай “Шунхлай говь” ХХКомпанийн захиргаанд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул гэрээний үүргийн үндсэн төлбөрт 6 900 000 төгрөг, алданги 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөгийг хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооноос гаргуулж, нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн “Дарьганга Өртөө” хоршоонд нийлүүлсэн шатахууны тооцооны баримтанд тус хоршооны төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй, мөн нэхэмжлэгч байгууллагаас шатахууны үнийн үлдэгдлийг хариуцагчаас шаардаж байсан гэх 2016.8.30-ны өдрийн д/32, 2016.10.21-ний өдрийн д/35 албан бичгүүдийг хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжинд 180 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооноос гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 900 000 төгрөг, алданги 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 180 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжинд 180 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ