| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0602/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/616 |
| Огноо | 2022-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/616
2022 04 26 2022/ШЦТ/616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан эрүүгийн 2206 01393 1333 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Э, 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, *********** ажилтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ****************** тоотод байнга оршин суух хаягтай /одоо тус дүүргийн *************** суудаг/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр **************** орчимд байрлах нийтийн байрны гадна өөрийн хадам ээж Ч.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доторх салст, зүүн шуу, зүүн гуя, цээж, зүүн шилбэний цус хуралт, зүүн чих, эрүү, баруун гарын 5 хурууны зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Э нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
- Хохирогч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр *********** хүү Г.Т, Г.Т нарын хамт гэртээ байсан. Тэгтэл манай бэр Э.Э нь Т.Э, Т.Т гэх 2 ачийг маань дагуулаад хашаа давж орж ирж, манай гэрийн цонхыг балбаж, Г.Тг гараад ир гэж хашхирсан... Г.Тгэрээс гарч Э.Этай уулзаж машинд суутал машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Э.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би бэрийн байдаг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгий гудамжны “Пунтик” дэлгүүрийн орчимд байрлах Нийтийн байранд очоод хүү Г.Тгээ дагуулаад гэртээ харьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад 21 цаг 20 минутын орчимд дуудлага өгсөн. Манай хүү Г.Тгийн утас нь дуугарч, ач хүү Т.Э залгаад “Ааваа ээжийн утас холбогдохгүй байна” гэсэн. Тэгтэл бэр Э.Э нь 22 цаг 54 минутад “2 хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй, хайртай шүү, баяртай” гэсэн мессеж бичсэн. Бэр Э.Э руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Хүү бид хоёр бэр Э.Эгийн гэрт очиход 2 ач хүү маань гэртээ байж байсан. Г.Тнь хүүгийн утсаар Э.Э руу залгаж “хаана байна” гэтэл гэр лүү ороод ирсэн. Чи “яагаад намайг ингэж байгаа юм бэ” гэтэл “яадаг юм, би бичсэн юм” гэсэн. Тэгээд Э.Э, Г.Тнар маргалдаад байхаар нь би хүүгээ аваад явах гэтэл Э.Э миний араас зулгааж, шат руу түлхэж унагаасан. Манай хүүтэй хэрэлдээд байхаар нь би салгах гэтэл намайг багалзуурдаж, нүд рүү цохисон, үс зулгаасан. Баруун гарын чигчий хуруу хавантай, урагдалтай, баруун нүд рүү цохисон, үс зулгаасан, зүүн шанаа руу алгадсан, зүүн хөлийн шилбэ урагдалтай, цээж хөндүүр, нуруу хөндүүр, уруул урагдсан, толгой өвдсөн... Намайг машинд сууж байхад Э.Э нь машины эд анги эвдэх гээд байгаа юм шиг ийш тийшээ хараад байхаар нь “чи буу юм эвдэх гээд байна” гээд буланд шахахад “энэ таны хөрөнгө биз дээ, таны нэр дээр байдаг биз дээ” гээд агсам согтуу тавиад байхаар нь буланд шахаад байж байхад миний баруун нүд рүү гараа атгаж байгаад цохиод, зүүн шанаа руу алгадаад машинаас буусан. Э.Э машинаас буухаар нь би хойшоо савж унахад эргэж хараад миний хоолойноос багалзуурдаад цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 12 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний 3915 дугаартай: “Дүгнэлт
Шүүгдэгч Э.Эгийн зөрчлийн холбогдогчоор өгсөн: “...хадам ээж Энхтуяа ирээд над руу дайрч давшлаад байсан. Энхтуяаг мөрөөрөө түлхсэн, үснээс зулгаасан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,
Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Түвшинхүү гараад явахаар нь би араас нь гарахад хадам ээж Энхтуяа нь шатан дээр намайг хаагаад зогссон, би хадам ээжийг цаашаа түлхээд Түвшинхүүгийн араас явсан. Тухайн үед хадам ээж унаагүй бөгөөд би дор буугаад Түвшинхүүгийн хойноос хөөцөлдөөд, машин тойроод гүйж байхад хадам ээж дундуур орохоор нь би хадам ээжийн үснээс зулгаасан, гарыг хаалганд хавчуулаад бид хоёр барьцалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дахь тал/, шүүгдэгч Э.Эгийн өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 118 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Э.Эг 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгий орчимд байрлах нийтийн байрны гадна өөрийн хадам ээж Ч.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доторх салст, зүүн шуу, зүүн гуя, цээж, зүүн шилбэний цус хуралт, зүүн чих, эрүү, баруун гарын 5 хурууны зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Э нь хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Эг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР