Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0107 |
Огноо | 2014-02-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0107
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 02 дугаар сарын 27 өдөр дугаар 107 Улаанбаатар хот
М.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу М.О-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.О-ийн тэтгэврийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 10 дугаар сарын 13, 2012 оны 05 дугаар сарын 01-ээс тус тус шинэчлэн тогтоохдоо тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар хязгаарлаж буруу тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тэтгэврийг зөвтгөн тогтоох, 2007 оны 10 дугаар сарын 13-аас хойш үүссэн тэтгэврийн зөрүүг бодож олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын Их Хурлаас 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан "Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиар нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд "Шимтгэл ногдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ" тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм. 1998 оны 92 дугаар тогтоолоор Засгийн газраас нийгмийн даатгал төлөх сарын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр
тогтоож, 1998 оны 07 сарын 01-ээс мөрдүүлсэн. Мөн 2007 оны 109, 2012 оны 153 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Бид уг тогтоолууд болон түүнийг хэрэглэх аргачлалын дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийг шинэчлэн тогтоож олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч М.О-ийн тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлан тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.О-ийн тэтгэврийг зөвтгөн тогтоож олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “нэг. Зохигчдын хооронд үүссэн маргаанд холбогдох хуулийг Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэх үнэлж чадаагүй талаар: Нэхэмжлэгч М.О 1987-1991 онуудад ажилласан 5 жилийн дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврээ тогтоолгох үед үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын хуульд даатгуулагчийн / шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тусгаагүй байсан юм. Энэ зохицуулалтад 1996 оны 01 сарын 22-ны өдөр баталсан "Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулиар шимтгэл ноогдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр тогтоохоор заасан. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш буюу 2007 онд нэхэмжлэгч тэтгэврээ тогтоолгосон учир хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2007 оны хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй.
Энэ нөхцөл байдал, нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийн агуулга, хүчин чадлын талаар шүүх эрх зүйн зөв үнэлэлт өгч чадаагүйгээс М.О-ийн тэтгэвэр тогтоолгох үед хүчингүй болсон хуулийг хэрэглээгүй нь буруу гэх дүгнэлттэй мөн чанарын хувьд адил дүгнэлт хийж, нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу боллоо.
Өмнө нь түүний нөхөр М.М мөн л иймэрхүү үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал Захиргааны хэргийн шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг дахин давтсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүчингүй болгосон хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн боломжгүйг шүүх анхаарсангүй. Нэгэнт үйлчилгээ нь дууссан хуулийн зохицуулалтыг сэргээх эрх зүйн боломж 1996 оны Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, даатгуулагчийн шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно гэсэн 32 дугаар зүйл, Засгийн газрын 1998, 2007, 2012 оны тогтоолуудад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсан ч М.О-ийн тэтгэвэр тогтоолгосон хэмжээг шууд өсгөх үндэслэл болохгүй юм. Ямарваа өөр нөхцөлөөр тэтгэврийн дээд хязгаарыг өөрчлөх үндэслэлийг хуульчлан тогтоогоогүй болохыг шүүх хуульд нийцүүлэн тайлбарлан дүгнэлт хийгээгүй байна.
Шүүхийн шийдвэр гаргах болсон үндэслэлээс харвал 2007 оны хуулийн зорилго нь тэтгэврийг нэмэгдүүлэх зорилготой байжээ гэж дүгнээд тэтгэвэрт өөрчлөлт оруулж, зөвтгөн тогтоохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалд үүрэг болгожээ. Тэтгэвэр нэмэгдүүлэх гэсэн ойлголтын хязгааргүй гэж ойлгож хэрхэвч болохгүй юм.
Шүүх 2007 оны хуулиар тогтоосон дээд хязгаар гэдгийг тайлбарлан задаргааг хийж чадаагүйн дээр шүүхийн шийдвэр хэрхэн хэрэгжих арга ажиллагааг ч хуульд нийцүүлэн зааж өгсөнгүй. Мөн өөрчлөх болсон үндэслэлийг хууль хэрэглээний хүрээнд ч тодорхойлсонгүй.
Хоёр. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг мөрдөн шалгах зарчмыг үндэслэн цуглуулах, нягтлан үзэх харьцуулан судлах бүрэн эрхээ хэрэгжүүлсэнгүй. Энэ нь 1987- 1991 онд ажиллаж байсан "М" хоршоо," “М О" компани ямар ажил, үйлдвэрлэл эрхлээд өндөр цалингийн шимтгэл төлж байсныг шалгаж үзээгүйгээс хуульд нийцсэн бодит, шударга, нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг гаргаж чадаагүй гэж үзнэ.
Учир нь зах зээлийн эдийн засгийн харилцааны хэвшил тогтоогүй, ороо бусгаа үед "М" хоршоо, "М О" компани тийм их орлого олж, өндөр цалин хөлс авч байсан гэх баримтыг нягтлан үзэх шаардлагыг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Ялангуяа ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсныг татварын байгууллагын архиваас холбогдох баримтыг судлан үзэх бүрэн эрх нь шүүхэд байсныг хэрэгжүүлсэнгүй. Иймд зөвхөн шимтгэл төлсөн гэх баримтыг шууд нотлох баримт болгосон нь учир дутагдалтай болжээ.
Нотлох баримтын үнэлгээний гол шаардлага бол харьцуулан судалж, үнэлэх ажиллагааг Захиргааны хэргийн шүүх огт хийгээгүй болно. Бидний олж авсан мэдээгээр түүний ажиллаж байсан компани 100 хүрэхгүй гахай тэжээж, түүнийгээ оросын цэргүүдэд буудуулснаар компанийн бүх орлого, олж байсан амьжиргааны эх үүсвэр нь үгүй болж хохирсон гэж нөхөр М. Магсар нь заргалдаж байсныг өндөр цалин авч байсан гэх үйл баримттай харьцуулан үзэхэд үнэхээр өдөр, шөнө шиг асуудлын зөрүү харагдаж байна. Тухайн үндэслэлээр зарга нь эхэлж, гахай алуулсны хохиролд нутаг буцах гэж байсан оросуудаас олон тооны орон сууц авахаар бичиг хийлгэж, улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас уг байраа нэхэж байр авах, дутуу байр өглөө гэж их хэмжээний мөнгийг үржүүлэн бодож нэхэх зэргээр олон жил хийсэн заргадаа өөгшин дадлагажсан мэдээлэл ч байна. Энэ нь М.О-ийн нэхэмжлэл бодит үнэн болох эсэхийг харьцуулан дүгнэх баримт болно.
Энэхүү нөхцөл байдлыг Захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах эрх хэмжээний хүрээнд нягтлан үзэж, бодит үнэнийг тогтоосон шударга шийдвэр гаргах нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, халамж авч байгаа олон зуун иргэдийн эрх ашигт хамааралтай асуудал гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч.энэхүү давж заалдах гомдлыг гаргалаа” гэжээ.
ХЯНАВАЛ:
Иргэн М.О-ээс 2007 онд нийгмийн даатгалын шимтгэл 20 жил төлсөн, 4 хүүхэд төрүүлж, өсгөснөөр эрх үүссэн гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 1987-1991 оны дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэх хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын байгууллага М.О-ийн шимтгэл төлсөн хугацааг 20 жилээр тооцон 2007 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс түүний өндөр насны тэтгэврийг тогтоожээ.
Харин түүний “Мал аж ахуйн малчдад” хоршоо, “М О” ББХК-иудад ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээр тооцуулах хүсэлтийг хүлээн авалгүй, Засгийн газраас тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр хязгаарлажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, мөн “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага ...-д хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох”-оор заасны дагуу тухайн багц хуулийг батлагдахаас өмнө хөдөлмөр эрхэлж байсан иргэд хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой болсноо
М.О нь тэтгэврээ тогтоолгохдоо өөрийн хөдөлмөрлөж байсан жилүүдээс 1987-1991 оныг сонгожээ. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд оруулсан өөрчлөлт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийн зэрэгцээ тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 92 дугаар тогтоолоор тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, улмаар 2005 оны 22 дугаар “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай”, 2007 оны 109 дүгээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай”, 2012 оны 153 дугаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолуудаар тухай бүр шинэчлэн тогтоож иржээ.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах”-аар заасан чиг үүргийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолыг баримталж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглэх журам, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлалын дагуу иргэн М.О-ийн тэтгэврийн хэмжээг тухай бүрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлэн шинэчлэн тогтоосон нь дурдсан хууль тогтоомжид нийцжээ.
Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Засгийн газарт даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээг тогтоох эрх олгосныг үгүйсгээгүй, харин Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн эрхийг тухайн тогтоолоор хязгаарлаж болохгүй гэсэн агуулгаар тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Нэхэмжлэгч М.О-ийн тухайд Засгийн газрын дээр дурдсан тогтоолууд хэрэгжсэнээс хойш буюу 2007 онд тэтгэврээ тогтоолгосон байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэд “Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож...”, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр тооцох” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургаадугаар зүйлийн 5/ дахь заалтад “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэснийг тус тус зөрчөөгүй байна” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “2007 оны 10 дугаар сарын 13-аас өдрөөс хойш үүссэн тэтгэврийн зөрүүг бодож олгох үүргийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсны зэрэгцээ / маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ийн “М.О-ийн тэтгэврийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 10 дугаар сарын 13, 2012 оны 05 дугаар сарын 01-ээс тус тус шинэчлэн тогтоохдоо тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар хязгаарлаж буруу тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тэтгэврийг зөвтгөн тогтоох, 2007 оны 10 дугаар сарын 13-наас хойш үүссэн тэтгэврийн зөрүүг бодож олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Ц.ЦОГТ Б.МӨНХТУЯА ' Д.БАТБААТАР |