Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 99

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж,  тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                 

      Улсын яллагч                                       Л.Энхтайван

                        Шүүгдэгч А.Аманбекийн өмгөөлөгч    А.Ариунзаяа                   

                       Нарийн бичгийн дарга                         Б.Урангоо нар  оролцов.

 

               Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман бура овогт Анасагины Аманбекэд холбогдох 201618000198 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

            Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, ард казак, боловсролгүй, мэргэжил сантехникч, ам бүл 2, аав Анасагины хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, задгайд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл:

           - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн  2005 оны 02-р сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

           - Сүхбаатар дүүргийн  шүүхийн 2008 оны 10-р сарын 23-ны өдрийн 336 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179-р зүйлийн 179.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн,  хорих ялыг биечлэн эдэлж байгаад  2010 оны 01-р сарын 29-ний өдрийн 76 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 8 сар, 26 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, сулласан,

           - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2011 оны 12-р сарын 27-ны өдрийн 03 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар бүгд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад 2013 оны  04-р сарын 24-ний өдрийн  64 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хорих ялыг ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

          -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Найман бура овогт Анасагины Аманбек /РД: МЬ-82121715/

 

         Шүүгдэгч А.Аманбек нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 104 тоот Г.Мөнхцэцэгийн гэрт нэвтрэн орж гоёлын ээмэг, бөгж, 10 килограмм ямааны мах зэргийг хулгайлан Г.Мөнхцэцэгт 343.000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

      1. Шүүгдэгч А.Аманбекийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны  07-р сарын 13-нд сэжигтнээр өгсөн:  ...Сэжигтнээр тооцож байгаа хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би Салхитын амны “Далай ээж” дэлгүүрийн ойролцоо айлаас эд зүйл хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/,

      2. Шүүгдэгч А.Аманбекийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ өдөржингөө ганцаараа хийх зүйл байхгүй, архи ганцаараа ууж нилээн согтсон. Орой 20 цагийн орчим гэрээс гараад Салхитын амны “ Далай ээж” дэлгүүрийн ойролцоо байх хашаа байшин руу орж амбаарын хаалганы цоожийг татахад цүүгээр мултарч дотогш орсон. Би тухайн үед согтуу байсан учраас айлын орон дээр хэвтэж байгаад боссон. Том өрөөний хойморт нь байх тавиураас гоёлын ээмэг бөгж,  гал тогооны өрөөнөөс ууттай мах зэргийг аваад явсан. Гэртээ очоод удаагүй байхад цагдаагийн ажилтан ирээд намайг шалгахад би айлаас авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Замдаа ууттай махыг хаячихсан, хаана хаясан болохоо мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан учраас зарим үйл явдлыг санахгүй байна ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

       3. Шүүгдэгч А.Аманбекийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. Тухайн өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Салхитын ам” гэх газар танихгүй айлд орж эд зүйл хулгай хийсэн нь үнэн. Тухайн үед согтуу байсан болохоор хэнийд орсноо сайн мэдээгүй.  Архи уучихаар хулгай хийгээд байдаг муу зуршилтай болсон. Айлаас юм аваад гэртээ хариад унтчихсан байсан. Тэгээд сэрээд хаанаас авснаа мэдэхгүй хадгалаад байж байсан. 10 килограмм ямааны махны үнэ 48000 төгрөгийг аав маань өгсөн. Биеийн байдал болон сэтгэл зүйн талаас хорих, баривчлах ял шийтгэлүүд надад хүнд байдаг. Надад архины эмчилгээ хийлгэвэл би засарч чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. гэх  мэдүүлэг,

      4. Хохирогч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 14-ний өдөр өгсөн:  ...2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг орчим Төмөр замын 2-р 60 айлд төрсөн хүүхдийнхээ гэрт очиж зурагт үзээд гэртээ орой 00 цаг өнгөрөөгөөд ирэхэд гадаа хаалганы цоож мултраад цоож, даруулга 2 өөр газар байсан. Гэр лүү ороход гал тогооны өрөөний цагаан хөргөгчнөөс ямааны 10 кг цул мах, том өрөөнд зурагтны хажууд ил байсан шаргал өнгийн төмөр хайрцаг дотор байсан 5 хос ээмэг, 3 бөгж, 1 бугуйвч, 1 бугуйн цаг алдагдсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хулгай орсон талаар мэдэгдсэн. Чернилэн ягаан өнгийн шигтгээтэй, шар өнгийн хүрээтэй, эмэгтэй хүний гоёлын бөгж 1 ширхэг-30,000 төгрөг, гоёлын ягаан өнгийн шигтгээтэй 1 хос ээмэг-45,000 төгрөг, цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос-15,000 төгрөг, гараар хийсэн гоёлын сувдан ээмэг, эмэгтэй хүний нарийнхан алган хээтэй бөгж 1 ширхэг-35,000 төгрөг, эмэгтэй хүний цэнхэр чулуун шигтгээтэй мөнгөн бугуйвч-120,000 төгрөг, эмэгтэй хүний төмөр оосортой шигтгээтэй гоёлын бугуйн цаг-30,000 төгрөг, 10 кг ямааны мах-48,000 төгрөг, загасан хээтэй мөнгөн бөгж-35,000 төгрөг, шаргал өнгийн хүрээтэй сувдан чимэглэлтэй гоёлын 1 хос ээмэг-20,000 төгрөг, цагаан өнгийн шигтгээтэй гоёлын ээмэг-30,000 төгрөг буюу нийт 478,000 төгрөгний үнэ бүхий эд зүйл алдагдсан байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Алдагдсан эд зүйлс болох ээмэг, бөгж, бугуйвч, цаг зэргийг бүрэн бүтэн хүлээн авлаа. Би 10 кг ямааны махны 48,000 төгрөг нэхэмжилж байна.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р хуудас/,

       5.Хохирогч Г.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн хүсэлтэнд:

Г.Мөнхцэцэг миний бие шүүх хуралд суухгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. А.Аманбекийн ар гэрээс хохирол болох 48.000 төгрөгийг хүлээн авлаа. гэжээ.

       6.Гэрч Б.Анхбаярын  мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 31-ний өдөр өгсөн:  ...2016 оны 07 дугаар сарын 12-ны оройн 20 цагаас 2016 оны 07 дугаар сарын 13-ны 02 цаг хүртэлх хүртэлх хугацаанд Сүхбаатар сумын 3 дугаар баг эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 00 цаг 40 минутанд жижүүрийн шуурхай удирдлагын албанаас Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 104 тоотод оршин суух иргэн Г.Мөнхцэцэгийн гэрээс эд зүйл алдагдсан дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиход иргэн Г.Мөнхцэцэг гэртээ байсан бөгөөд хэргийн газрын үзлэгийг хамгаалж, дотогш гадны хэн нэгэн этгээд нэвтрүүлээгүй. Тухайн үед ойр хавьд биечилэн сурвалжлага хийхэд гудамжинд тааралдсан нэг танихгүй хүнээс “Аманбек явж байсан” тухай мэдээлэл авсны дагуу түүний амьдарч байгаа 8 дугаар баг ПСМКА-д амьдрах гэрт нь очиход гэрт нь байгаагүй, гэрийнхээ 00-д бие засаж байсан. Түүнтэй уулзахад согтууруулах ундаа нилээн хэрэглэсэн эхэндээ болсон явдлын талаар яриагүй бөгөөд хэсэг хугацааны дараа өөрийнхөө өмсөж явсан хувцасныхаа халааснаас ээмэг, бөгж, бугуйвч, цаг зэргийг гаргаж өгсөн. Ингээд эд зүйлсийг тоо ёсоор  хүлээлгэн өгсөн.  ... гэх мэдүүлэг, / хх-ийн 15-р хуудас/,

 

 

 

        7. “Ашид билгүүн” ХХ-ны Шинжээчийн дүгнэлтэнд:

         

              НЭР

             

         Ш

Зах зээлийн дундаж үнэ /төгрөг/   

 

          Тайлбар

Чернилэн ягаан өнгийн шигтгээтэй, шар өнгийн хүрээтэй, эмэгтэй хүний гоёлын бөгж

 

           1ш

    

 

                                  15000

 

Гоёлын ягаан өнгийн шигтгээтэй нэг хос ээмэг

            1Ш

 

 20,000

 

Цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг

    

1 Ш         

 

 50,000

 

Гараар хийсэн гоёлын сувдан ээмэг нэг хос

        

          1ш          

 

  10,000

 

Эмэгтэй хүний нарийнхан алган хээтэй мөнгөн бөгж

 

1ш           

 

   25,000

 

Эмэгтэй хүний цэнхэр чулуун шигтггээтэй мөнгөн бугуйвч

 

           1ш    

        

 

                                  100,000

 

Эмэгтэй хүний төмөр оосортой шигтгээтэй гоёлын бугуйвч

 

          1Ш

 

   20,000

 

Ямааны мах

         10КГ

        

   48,000

 

Загасан хээтэй мөнгөн бөгж

          1ш     

   

 

 25,0000

 

Шаргал өнгийн хүрээтэй сувдан чимэглэлтэй гоёлын нэг хос ээмэг

          1ш

       

                          15.000

 

Цагаан өнгийн шигтгээтэй гоёлын ээмэг

          1ш      

       

   

 15,000

 

       

                                      ДҮН

 

    

                            343,000

 

 

 

       Шүүгдэгч А.Аманбекийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 46-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 18-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 19-р ху, яллагдагчаар татах тогтоол, /хх 20-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 21-23-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-4-р ху/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх 5-7-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх 25-28-р хуАшид билгүүн” ХХК-ны шинжээчийн  үнэлгээ, /хх 35-р ху эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх 8-9-р ху шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, /хх 40-41–р ху/, шүүгдэгчийн урьд шийтгэгдэж байсан талаархи шийтгэх тогтоолын хуулбар, /хх 49-69, 81-90-р ху/, зэрэг болно.

 

         Шүүгдэгч  А.Аманбек нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 104 тоот Г.Мөнхцэцэгийн гэрт нэвтрэн орж гоёлын ээмэг, бөгж, 10 килограмм ямааны мах зэргийг хулгайлан Г.Мөнхцэцэгт 343.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч,  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн  үнэлгээ, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч А.Аманбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байгаа ба мөрдөн байцаалтын шатанд  хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгч А.Аманбекэд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.    

           Шүүгдэгч А.Аманбек нь энэ хэргийн улмаас 2016 оны 07-р сарын 13-наас 2016 оны 08-р сарын 30 хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсон хоногтой,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч А.Аманбек нь урьд нь 5 удаа шүүхээр шийтгүүлж ял шийтгэл авч байсан, хамгийн сүүлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж биечлэн эдлээд, суллагдсаны  дараа ялтай байх хугацаандаа 2016 оны 07-р сарын 13-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг согтуугаар үйлдсэнийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн  290.3,294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Найман бура овогт Анасаганы Аманбекийг мөн хуулийн  тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбекийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбекед оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Аманбек нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аманбекийн 2016 оны 07-р сарын 13-наас 2016 оны 08-р сарын 30 хүртэл цагдан хоригдсон нийт 48  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.     

6. Шүүгдэгч А.Аманбекед урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч болон  хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН