Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0127/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Я-н Г-т холбогдох эрүүгийн 2218000000127 дугаартай хэргийг 20... оны .... дугаар сарын ....-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Я-н Г /РД: ......./, 19... оны .... дугаар сарын .....-нд .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .... аймаг, ......, .... дугаар баг, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .... дугаар сарын .....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Г нь 20... оны .... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ..... .... дугаар баг ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Я.Г-н өгсөн: “...Б.Э.тэй 10 жил хамт амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Одоо тусдаа амьдарч байгаа. 20.. оны .... дугаар сарын ....-ны өдөр нохойгоо гэрт оруулснаас болоод эхнэртэйгээ маргалдсан. Манай тэр нохой их сахилгагүй нохой байгаа юм. 2 хүүхэд нохойноос айж уйлснаас бид хоёр маргалдсан. Цаашдаа 2 хүүхдээ өнчрүүлэхгүй хамт амьдрах бодолтой байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20... оны .....дугаар сарын .....-ны өдрийн “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ахуйн газны хошуу”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 03 дахь тал/

 

20.. оны .... дугаар сарын ......-ны өдрийн ахуйн газны хошуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/

 

Хохирогч Б.Э-н өгсөн: “...20... оны ..... сарын ....-нд охиноо сургуулиас нь аваад .... цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Манай нөхөр Я.Г хашаан дотроо 3 нохойгоо сул тавьчихсан нохойтойгоо тоглоод сууж байсан. Охин бид 2 гэртээ ороод охиныхоо хувцсыг солиод байж байтал Я.Г нохойныхоо идүүрийг барьчихсан, нохойгоо дагуулаад гэрт ороод ирсэн. Бага хүү нохойноос айгаад уйлсан. Намайг нохойгоо гэрээс гаргаач гэхэд тоохгүй суугаад байхаар нь хүүхдийн гутал аваад шидтэл оноогүй. Хэсэг хугацааны дараа Я.Г нохойгоо гаргачихаад ороод ирэхээр нь би “чи ингээд үгэнд ордоггүй шүү дээ, хүүхдүүд айлгачихлаа” гэж хэлтэл Я.Г “пизда минь би өөрийнхөө орон гэрт байна” гэж хэлээд миний толгой руу ахуйн жижиг газны хошуугаар нэг удаа цохиж гэмтээсэн. Мөн нүүр лүү гараараа цохисноос болоод зүүн хацар бага зэрэг хавдсан байна. Я.Г-г би газар унагаагаад нүүрээр нь гараараа тэвэрэхэд миний баруун гарны бугалга хэсгээс хазаж гэмтээсэн. Я.Г согтолтын өндөр зэрэгтэй байсан. Өөрийн хийж байгаа үйлдлээ бараг санахгүй болтлоо согтуу байсан. Я.Г байнга архи уудаг, архины хамааралтай хүн байгаа юм. Тухайн үед манай хоёр хүүхэд хажууд байсан. 20.. оны .... дугаар сарын ....-ны өдөр гэр бүлийн хэрүүл маргаанаас болж цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан учир шүүхээр орж 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дахь тал/

 

Гэрч Я.О-н өгсөн: “...Я.Г нь манай төрсөн дүү байгаа юм. Манай 2 айл нэг хашаанд амьдардаг. 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр Г “Я.Г согтуу ирчихээд эхнэр Б.Э-ээ толгойг газны хошуугаар цохиод хагалчихлаа” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Г.Т-н өгсөн: “...аав, ээжийн толгой руу газны хошуугаар цохиод хагалсан. Тэгэхэд нь ээжийн толгойноос цус гарсан. Манай аав, ээж хоёр нилээн хэдэн сарын өмнө хоорондоо муудалцаад цагдаад аавыг өгөөд явуулж байсан. Намайг болон дүүг аав, ээж хоёрын хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

20... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

.... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20.. оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай “Б.Э-н биед духны хуйханд шарх, тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, зүүн дал орчимд цус хуралт тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Э-н биед илэрсэн гэмтэл нь 20... оны .... дугаар сарын ....-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Шүүгдэгч Я.Г-н яллагдагчаар өгсөн: “...Би 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр эхнэр Б.Э-н эрх чөлөөнд халдаж цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 450,000 төгрөгний торгуулийн ялаар шийтгүүлсэн. Тухайн хэрэг гарснаас хойш би ямар нэгэн байдлаар эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж цохиж зодсон асуудал гаргахгүй байж байгаад 20... оны .... дугаар сарын ....-ны өдөр гэрт нохой оруулж хүүхдүүд айлгаж уйлууллаа гэж эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр Б.Э-н биед духны хуйханд шарх, тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, зүүн дал орчимд цус хуралт бүхий гэмтлүүдийг би учруулсан. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Я.Г нь 20... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ..... сумын ......дугаар баг ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь духны хуйханд шарх, тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, зүүн дал орчим цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Я.Г нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар дүгнэлт хэлээгүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Г нь 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр ...... аймгийн ..... сумын ..... дугаар баг ...... тоотод согтуугаар эхнэр Б.Э-тэй маргалдаж улмаар толгой руу нь ахуйн газны хошуугаар цохих, нүүр лүү нь гараараа цохих, гарын бугалга хэсгээс хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь духны хуйханд шарх, тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, зүүн дал орчим цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Я.Г-н хохирогч Б.Э-г зодсон үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Я.Г, хохирогч Б.Э нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Я.Г-н эхнэр Б.Э-н бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-н эрүүл мэндэд духны хуйханд шарх, тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, зүүн дал орчим цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Я.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Я.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал нь ..... аймгийн ...... сумын ..... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Г.М, Г.Т нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 56-57 дахь тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, уг ялыг ......... аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар ........ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 150,000 төгрөгийг биелүүлж, 300,000 төгрөгийн торгох ял биелэгдээгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Я.Г-т оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны ... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 300,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг газны хошууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Я-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-г 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Я.Г-т оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар ...... аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-т оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 300,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг газны хошууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР