| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00351/и |
| Дугаар | 380 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 380
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах Дөрвөлж ОНӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах 3679115 регистртэй, Ханан фитнесс клубэд холбогдох “ус, дулааны төлбөр болон алданги 14888151 / арван дөрвөн сая найман зуун наян найман мянга нэг зуун тавин нэг / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 09-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дөрвөлж ОНӨҮГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь тухайн байгууллагатай жил бүрийн 10-р сарын 01-ээс 05 дугаар сарын 01-ийг хүртэл дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан ажилладаг. Уг гэрээний заалтуудыг зөрчин хэрэглэгч нь үүргээ биелүүлэхгүй олон сар болж байгаа нь компанийн санхүү эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ талаар сар бүр албан бичиг тоот өгч, биечлэн уулзаж амлалт авч өр төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ авч ажилладаг ч төдийлэн үр дүнд хүрдэггүй. Төлөх ёстой дулааны төлбөрөө сар бүр дутуу төлж зарим сард төлөөгүйгээс болж хуримтлагддаг. Тус байгууллагын хувьд 2017 оны 05 дугаар сарын эцсийн байдлаар дулааны 10430136 төгрөгний үндсэн төлбөр, алданги 3911535 төгрөг, усны төлбөр 546480 төгрөг, нийт 14888151 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд тус мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ханан фитнесс клубын захирал О.Энхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дөрвөлж ОНӨҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Дөрвөлж ОНӨҮГ-ын нэхэмжилсэн дулааны төлбөр 10430136 төгрөг, алданги 3911535 төгрөг, усны төлбөр 546480 төгрөг, нийт 14888151 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дөрвөлж ОНӨҮГ нь хариуцагч Ханан фитнесс клубэд холбогдуулан ус, дулааны төлбөр болон алданги 14888151 / арван дөрвөн сая найман зуун наян найман мянга нэг зуун тавин нэг / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ханан фитнесс клубын захирал О.Энхбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 232391 төгрөгийн 50 хувь болох 116195 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 116195 төгрөгийг хариуцагч Ханан фитнесс клубээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Дөрвөлж ОНӨҮГ-т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дөрвөлж ОНӨҮГ-ын нэхэмжилсэн ус, дулааны төлбөр болон алданги 14888151 / арван дөрвөн сая найман зуун наян найман мянга нэг зуун тавин нэг / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ханан фитнесс клубын захирал О.Энхбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 232391 төгрөгийн 50 хувь болох 116195 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 116195 төгрөгийг хариуцагч Ханан фитнесс клубээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Дөрвөлж ОНӨҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ