| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00357/и |
| Дугаар | 381 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 381
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг Таван шарын 3 дугаар байрны 2 тоотод оршин суух Эмбээ овогт Чойжамцын Ургамалцэцэг
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ургамалцэцэг, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Эмбээ овогт Чойжамцын Ургамалцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний талийгаач нөхөр Г.Цогтсайхан Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчнаар 1986-1991 оныг дуустал ажиллаж байсан юм. Гэтэл сумын архив шатсан, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн юм. Миний хүүхэд нийгмийн халамжаас тэжээгчээ алдсны тэтгэмж авч байгаад 18 насанд хүрсэн гээд хасагдсан. Гэтэл нийгмийн даатгалын сангаас 19 нас хүртэл тэтгэмж авах боломжтой гэсэн тул эцгийнх нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон учир манай нөхөр Г.Цогтсайханы ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Чуу олон овогт Гунаажавын Цогтсайхан Эмбээ овогт Чойжамцын Ургамалцэцэг нар 1991.09.20-ны өдөр гэр бүл болсныг 1993.09.30-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. Г.Цогтсайхан нь 2008.04.29-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Г.Цогтсайхан 1986 оны 9 дүгээр сараас 1987 оны 4 сарыг хүртэл, 1991 оны 1 дүгээр саруудад Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.08.09-ний өдрийн 284/15 тоот лавлагаа болон гэрч З.Боргилын шүүхэд өгсөн “ . . . Г.Цогтсайхан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн туслах бригадад 1986-1991 оныг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан. Шүү татах, өвс хадлан бэлтгэх, аргал хөрзөн татах, зэрэг ажилд их явдаг байсан. Энэ хугацаанд 1987-1989 онд цэрэгт явсан. Бусад үед нь тасралтгүй ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, брокерын пүүст худалдагч, нярав зэрэг ажлуудыг 1986-1990 оныг хүртэл хийсэн. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч О.Лхагвасүрэнгийн шүүхэд өгсөн “. . . . Г.Цогтсайхан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1986 оноос нэгдэл тарах хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан. Бид 2 нэг дор хамт ажилладаг байсан. Барилгын туслах ажил хийх, шүү татах, өвс хадлан бэлтгэх, аргал хөрзөн татах, зэрэг ажилд их явдаг байсан. Г.Цогтсайхан 1987-1989 онд цэрэгт явсан. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1986-1991 он хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.
Харин тогтоогдсоноос бусад он жилүүдэд ажиллаж байсан талаарх хангалттай нотлох баримт ирүүлээгүй учир ажилласан гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрхи он жилүүдэд ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ч.Ургамалцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Талийгаач Чуу олон овогт Гунаажавын Цогтсайхан нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд туслах ажилчнаар 1986 оны 9 дүгээр сараас 1987 оны 4 сар хүртэл, 1991 оны 1 дүгээр саруудад тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Ч.Ургамалцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Ч.Ургамалцэцэг тогтоогдсоноос бусад он жилүүдэд ажиллаж байсан талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ургамалцэцэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ