Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

     2022        04          18                                   2022/ШЦТ/93

 

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч О.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2236000310062 дугаартай, 178/2022/0082/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод “*******” зочид буудалд зохион байгуулагч ажилтай, ам бүл-2, найз охины хамт Нийслэлийн ******* дүүргийн 2 дугаар хороо, 1-17 дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  О.******* нь  Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах “Х club” бааранд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн ...Ц.ын биед зүүн талын нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт,зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт, доод эрүүний баруун талын 2 дугаар шүд 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 11-12-р хуудас/

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой найзуудтайгаа “Хclub бааранд архи пиво ууж байгаад манай хоёр найз тамхи татахаар гарсан. Тэр хоёр орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарах гээд шатаар бууж байтал нэг танихгүй залуу миний хажуугаар өнгөрөхдөө гэнэт миний нүүр хэсэгт гараараа цохисон.Миний толгой эргэж унасан. Нэг мэдэхэд эмнэлгийн 103 өрөөнд сэрсэн...гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/

Гэрч Д.Жамцоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би хажуу талын ширээнд сууж байсан 2 залуутай хамт гарч тамхи татчихаад эргээд ороод ирсэн чинь Ц. ухаан алдсан байдалтай ширээ дэрлээд сууж байсан. Тухайн үед баар хаах цаг болоод 2цагдаа ирсэн байсан тул би тэр хоёр цагдаа дээр очиж хэлчихээд Ц.ыг аваад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

Гэрч Т.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2 цагдаа ирээд камер шүүнэ гэхээр нь би камер шүүлгээд байж байтал хийн утаа, гэрэл унтраасан байсан болохоор юу ч харагдахгүй байсан.Д.Номидчимэд, манай зөөгч Б. хоёр баарнаас гарч байгаа хүмүүсийн дүрсийг харж байгаад хар өнгийн цамцтай залууг “ энэ мөн байна” гэж цагдаа нарт зааж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Сонгууль гэх залуу “ би явлаа” гээд гарч явсны дараа ширээн дээр нь сууж байсан залуу найзынхаа араас шатаар бууж байтал өөдөөс нь хар цамцтай, үсээ хажуу тийш самнасан өндөр залуу шүргэлцээд өнгөрөх шиг болсон.Тэгтэл урдаас нь гарч ирсэн залуу шатаар бууж байсан залуугийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгтэл цохиулсан залуу нь шат түшээд доош унасан. Тэгээд босч ирэхгүй болохоор нь би нэг ахад хэлээд түшиж босгоод ширээн дээр нь суулгасан.Тэр залуугийн хамарнаас цус гарч байсан...гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц. гэх залуу шатаар бууж байхад нь О.******* гэх залуу хажуугаар нь зөрөхдөө мөрлөж нүүр лүү нь 2-3 удаа  цохиж, гэдэс элэг рүү нь дахиж цохих үед нь би очоод “ хөөе чи хүн аллаа шүү дээ” гэж хэлээд салгахад Ц. шатны бариул налаад унасан.Би баарны зөөгчийг дуудаад хоёулаа түшээд ширээн дээр нь суулгаад байж байтал цагдаа эмч нар ирээд Ц.ыг насилкан дээр тавиад аваад явсан.Би О.******* гэх  залууг өмссөн хувцас үсний засалтаар нь танина.Маргааш нь дахин О.*******тэй бааранд таарахад “ өчигдөр болсон зодооны талаар намайг зодсон гэж хэлэхгүй байхад болно. Хяналтын камерт бичигдээгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 39-42-р хуудас/

Хохирогч Ц.ын хохирогчоор дахин өгсөн ... Би О.******* гэх залуутай өмнө нь ярьж байгаагүй, зодооны дараа над руу залгаад хохирлоо барагдуулна гэж байснаа сүүлдээ шүүхээр орж шийдүүлнэ гэсэн.Хамгийн сүүлд надтай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр утсаар ярьсан. О.*******гийн найзууд нь зодооныг харж байсан Д. гэх залууд “ зодоон болсон талаар хараагүй гэж цагдаад хэлээрэй” гэж хэлсэн талаар Д. над руу чатаар бичсэн.Би тухайн залууг харвал танина... гэх мэдүүлэг / хэргийн 76-77-р хуудас/

Хохирогч Ц.аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 78-80-р хуудас/

Утасны чатны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 81-87-р хуудас/

Гэрч Б.гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /  хэргийн 88-91-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 92-98-р хуудас/

Иргэн Н.ын Самсунг А-51 маркийн гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 99-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.******* 3 дахь ширээн дээр, би 2 дахь ширээн дээр сууж байсан. О.******* ди жи рүү очиж харагдсан.Ая солиулсан эсэхийг мэдэхгүй. О.******* шатан дээр нэг залууг толгойноос нь өргөж байсан.Тэгтэл  нэг залуу ирээд О.******* цааш ди жи рүү явсан, өөр зүйл хараагүй.Намайг баарнаас гарахад О.******* найз охинтойгоо баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 109-р хуудас/

Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би ди жи дээр очиж ая солиулахаар шатаар гарах гэтэл булангийн ширээ хавиас хоёр согтуу залуу босч ирж байсан.Тэгтэл нэг хар хувцастай залуу нь намайг мөрлөчихөөд гараад гүйсэн.Би эргээд хартал цагаан хувцастай залуу шатан дээр унасан байсан.Би тэр залууд “ чи зүгээр үү” гээд хацар луу нь хоёр удаа нудраад хажуу талаар нь гарч ди жи рүү явсан.Ая солиулчихаад буцаад эргээд явж байтал нэг залуу намайг “ чи энэ цохисон хүнээ босгочихооч “ гэхээр нь “би цохиогүй”гэж хэлээд ширээ рүүгээ явсан... гэх мэдүүлэг / 62-63-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  О.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х club бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бааран дотор байх шатаар өгсөж явахад нь Ц. хажуугаар нь гарахдаа  мөрлөж өнгөрөх үед түүнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* нь “би Ц.ыг цохиогүй” гэж мэдүүлэг өгч маргаж байгаа боловч хохирогч Ц.ын мэдүүлэг, гэрч Б., Д. нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж, түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.ыг цохиж түүнд гэмтэл учруулчихаад уначихсан байхад нь босгоогүй, тусламж үзүүлээгүй байдал  нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж олон нийтийн газар буюу бааранд  хохирогч Ц.тай зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Гэмт хэрэг гарсны маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч О.******* тухайн бааранд дахин ирж гэрч Д.тэй уулзаж “өчигдөр болсон зодооны талаар намайг зодсон гэж хэлэхгүй байхад болно. Хяналтын камерт бичигдээгүй байна” гэж ярьсан нь Д.ийн хохирогч Ц. руу бичсэн чатны бичлэгээр тогтоогдож байх ба энэ нь шүүгдэгч О.*******гийн гэмт хэргээ нуун далдлах гэсэн оролдлого болохыг харуулж байна.

 

Иймд шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                                                    Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.ын биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Ц.аас хохирлын баримт ирүүлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчөөс 1200000 төгрөгний хохирлын тооцоог гаргаж хэрэгт хавсаргасан /хх-125-р/ боловч нотлох баримт байхгүй тул хохирогчийг хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

                                                Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүгдэгч О.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

                            Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

               Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 110-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.******* нь айлын ганц хүүхэд, аав нь нас барсан, ээж нь Канад улсад амьдардаг.Этүгэн дээд сургуульд эмчийн мэргэжлээр сурч байгаад чөлөө авч Канад улсад амьдарч байгаад 2020 оны 4 дүгээр сард Монголд ирээд зочид буудалд рестораны зохион байгуулагчаар ажиллаж байгаа.Сарын 1 сая төгрөгний цалинтай, зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу, биеэ даах чадвартай, суурь хүмүүжил сайтай хүн... гэх мэдүүлэг /хэргийн 66-р хуудас/ О.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

                   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч О.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1300000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 1300000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг CD-г хэрэгт хадгалах зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Гэмт хэргийн зйүчлэлийн хувьд зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч О.*******  энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй.Хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан хүмүүс нь хохирогч Ц.ын найзууд юм. Хохирогчийн хувьд яг хэнээр зодуулснаа таньж мэдэхгүй байдаг.Тиймээс О.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү,шүүхээс шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн санал болгосон 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний 1300000 төгрөгөөр торгох ялыг багасгаж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх санал тайлбар,

              Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохилдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүхээс: Шүүгдэгч О.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгийг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2236000310062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                      ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д мэдэгдсүгэй.

                   5.Эрүүгийн 2236000310062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

                6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяаллын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

                   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС