Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 379

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, нэхэмжлэгч Тэрэм овогт Дархийн Болортуяа, хариуцагч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Ловон овогт Борхүүгийн Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан Д.Болортуяагийн нэхэмжлэлтэй “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт холбогдох  гомдлыг 2017.07.24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болортуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, хариуцагчтай эвлэрч болох юм. Би тус театрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд дуучин, жүжигчин, туслах найруулагч, мөн 2013-2015 онуудад хичээллэж байсан Театрын дэргэдэх “Авьяас” сургалтын төвийн драмын ангийн багшаар ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа олон арван дууг мэргэжлийн түвшинд дуулж, 20-иод жүжгийн гол ба туслах дүрд тоглосноос 2 удаа олон улсын Гэгээн муза наадмын шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшиж, Гэгээн муза наадмаас Муурын байшин жүжгээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг анх удаа Сүхбаатар аймгаас хүртэж байсан юм. Манай байгууллага дээр аттестатчлал болж манай бүх хүмүүс хамрагдахад би 98%-тай өгч, хамгийн өндөр оноог авч байсан юм. Мөн бакалавртай жүжигчид хамрагдсан сургалтанд сууж гэрчилгээ авсан байгаа. Би 2015 онд туслах найруулагчийн албан тушаалд томилогдсноор 2015-2017 онд тавигдсан бүх уран бүтээлийн туслах найруулагчаар ажилласан юм. Гэтэл 2017.06.30-ны өдрийн шинээр томилогдсон дарга Б.Батсайхан нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй, мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч: Хөгжимт жүжгийн театрын дарга Б.Батсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй. Д.Болортуяа нь тус театрын ажлын байр / албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад тусгагдсан жүжигчин, найруулагч мэргэжилтэй байх, дипломын боловсролоос доошгүй боловсролтой байх шаардлагыг хангаагүй тул албан тушаалаас чөлөөлсөн. Хөгжимт жүжгийн театр бол мэргэжлийн урлагийн байгууллага ба энэ утгаараа туслах найруулагч нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй байхыг ажлын байрны тодорхойлолтын “мэргэжлийн албан хаагч, дипломын боловсролоос доошгүй боловсролтой байх, мэргэжлийн хувьд жүжигчин найруулагч байх гэж заасан байхад мэргэжлийн бус, ажлын байрны тодорхойлтод тавигдах шаардлага хангаагүй хүнийг туслах найруулагчаар авч ажиллуулж байсныг буруу гэж үзсэн. Энэ нь төрийн албаны хуульд заасан “төрийн алба мэргэжсэн байх”, “Төрийн албан тушаалд тавигдах шаардлага нь хуульд өөрөөр 

 

 

 

 

 

заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх шаардлагад ч нийцэхгүй байна. Хөгжимт жүжгийн театр нь төрийн соёлын байгууллагын хувьд соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах, соёлын ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн ажиллах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд төрийн албаны зарчим, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэргэжлийн бус ажилтныг чөлөөлснөө буруу гэж үзэхгүй байна. 

 

Мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн бус хүнээр удирдуулах нь зүйд нийцэхгүй, тэдгээрийг басамжилсан асуудал болох байхаа. Тэгээд ч мэргэжлийг нь эзэмшээгүй хүнийг мэргэшсэн гэж үзэх боломжгүй юм. Ажлаас чөлөөлсөн асуудал бол Д.Болортуяагийн хувь хүн, уран бүтээлчийн үйл ажиллагаатай огт холбоогүй, тус театрт олон жил ажилласан дадлага туршлагатай уран бүтээлч гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэгээн музагаас шагнал авсан гэж ярьж байгаа нь төрийн байгууллагын үнэлгээ биш. Тэр бол төрийн бус байгууллагаас олгодог шагнал юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болортуяа, Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Б.Батсайханд холбогдуулан  2017.06.30-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, театрын туслах найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл гаргуулахаар гомдол гаргажээ. 

 

 Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт туслах найруулагчаар ажиллаж байхад нь Тус театрийн дарга Б.Батсайхан 2017.06.30-ны өдөр Б/24 дугаартай тушаал гаргаж Д.Болортуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтын 3.1. В-ийн 1.1-д заасан боловсрол мэргэжлийн заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болортуяа, хариуцагч Б.Батсайханыг ажлаас мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж үзэж, тус театрт 19 дэх жилдээ ажиллаж байгаа, 100 гаруй зохиолын дуу, 20-иод жүжгийн гол болон туслах дүрд тоглосон, 2 удаа Олон улсын “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшиж, Муурын байшин жүжгээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал авч байсан, 2015 онд туслах найруулагчаар томилогдож 2015-2017 онд тавигдсан бүхий л уран бүтээл туслах найруулагчаар ажилласан юм. Иймд би өөрийгөө боловсрол мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэж үзэхгүй байгаа гэж маргажээ.

 

“Жаахан шарга” театрын дарга Б.Батсайхан нь тус театрын туслах найруулагч  Д.Болортуяаг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: Д.Болортуяаг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх “Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж хамтын хэлэлцээрт нийцсэн байна” гэсэн заалтыг баримтлажээ. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд ирүүлээгүй тул тэдгээрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

 

 

 

 

 

 

Мөн  сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээгээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримтласан нь буруу байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Д.Болортуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Ажилтан мэргэжил, ур чадварын . . . хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэл заасан боловч түүний ажил нь доголдож, чанаргүй бүтээл гаргасан болон уг албан тушаалд тавигдах бодит шаардлагаас хоцорч байгаа талаар нотлох баримт ирүүлээгүйгээс гадна ямар нэгэн байдлаар гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэснийг тогтоосон баримт байхгүй байгаа нөхцөлд ажилдаа тэнцэхгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Д.Болортуяа нь театрт 18 жил ажиллаж байгаа, түүний ажлын амжилтууд зэргээс харахад Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1” Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагад хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаал эрхлэх, мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Хөгжимт жүжгийн театрын туслах найруулагч нь заавал дээд боловсролтой байх талаар хуульд тусгайлан заагаагүй байхад дээд боловсролгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул Д.Болортуяаг Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын туслах найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан 50 хоногийн цалин 1343780 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. 

 

Харин хариуцагч “Жаахан шарга” Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамжинд 36480 / гучин зургаан мянга дөрвөн зуун ная / төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Болортуяаг Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын туслах найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 1343780 төгрөгийг Хөгжимт жүжгийн театраас гаргуулж нэхэмжлэгч Д.Болортуяад олгосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Болортуяагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг Сүхбаатар аймгийн Жаахан шарга” театрын ня-бо-д даалгасугай.

 

3. Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамжинд 36480 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Энэ шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба зохигчид  эс зөвшөөрвөл шийдвэрийг танилцуулсан буюу гардуулснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг хянан шийдвэрлэсэн тухай шатны шүүхэд ирүүлж болохыг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ