Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Энхмандах |
Хэргийн индекс | 165/2022/0017/Э |
Дугаар | 2022/ШЦТ/35 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч, хохирогч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-н Д-н, Б овогт Б-ны Б нарт холбогдох эрүүгийн 1917001410081 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод байрлах “М Плазагийн Г салонд гоо сайханч ажилтай, ам бүл 4, охин, нөхрийн хамт Улаанбаатар хот, Б дүүргийн .......... дүгээр хороо ..... дүгээр гудамж ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Э-н Д /РД: /
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 26-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Г ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Г аймгийн С сумын дүгээр баг, Т тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ны Б /РД: ЕЙ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Э.Д-тэй маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1917001410081 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
3. Хохирогч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Удаан хугацаа өнгөрсөн болохоор хугацааг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр би найзаасаа утасныхаа мөнгийг авах гээд ажил дээр нь очсон. Сэт баарны гадаа гараад Б, Н нартай маргалдсан. Зарим зүйлийг сайн санахгүй байна гэв.
4. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 08 дугаар сарын 11-нд бид нар ажлаараа Хаялага дээр байж байгаад орой нь Сэт бааранд орж бүжиглэсэн. Би Хаялага дээр байхдаа 2 шил Боргио пиво уусан байсан. Ирээд бааранд ажлаараа ороод бүжиглэж байгаад тэкнээс 1 шил Сэнгүр пиво аваад гадаа гарсан. Намайг гарахад Д, А, Р нар байсан. Би пиво задлуулаад аваад гарсан байсан. Уумааргүй санагдаад савлаж байгаад хашлаганд нь цохиод хагалчихсан. Дий пүүз рүү үсэрсэн. Тухайн үед Д намайг цэвэрлэ гэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Дахиад цэвэрлэ гээд захирангуй хэлэхээр нь би хүн давхараа оёулахаараа ийм болчихдог юм уу гэж хэлэхэд Д намайг ирээд 2 удаа мангасдсан. Эргээд явах гэтэл ар дагзнаас татаад цементэн дээр ар дагзаар унагаасан. Тэгээд миний дээр гараад нилээн их цохисон. Цеметэн дээр хэвтэж байхад Н намайг явъя гээд бид 2 таксинд суугаад явсан гэв.
5. Хохирогч Э.Д, Б.Б нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:
Хохирогч Б.Б: Д эхэлж намайг үсдсэн. Би баарнаас барьж гарч ирсэн пивоо шидсэн чинь төмөрт оногдоод шил хагарсан. Д надад хандаад цэвэрлэ гэж хэлсэн. Юуг цэвэрлэ гэж хэлж байгаа нь тодохой бус байсан. Би өөдөөс нь чадахгүй гэж хэлсэн. Д надад хандаад цэвэрлэ гэж байна чамайг гээд дахиад хэлсэн. Би Д-ий өөдөөс харж байгаад хүн давхраа оёулахаараа ийм болчихдог юм уу Дөө гэж хэлсэн. Д миний өөдөөс дайраад байсан. Найз Р нь тэврээд зогссон. Д над руу ирээд нүүр лүү мангасдаад түлхэхээр нь би эргээд харсан чинь Н ах байхаар нь Н ахад хандаад энэ намайг зодно гэнээ гэж хэлсэн. Н ах ирээд харчихаад яваад өгсөн. Д намайг мангасдахаар нь би баар луу орох гээд эргээд алхаж байтал Д миний ар хэсгээс үсдээд газар цементэн дээр унагаасан. Д миний нүүр лүү нүд рүү цохиод байсан. Миний толгой дүүрээд байсан. Н найзыгаа очиж аваач гэсэн чинь А наад хоёрыгоо битгий хорь улам асаад байна гээд байсан. Н ирээд Д татаад дийлэхгүй болохоор нь үсдэж татаад салгасан гэсэн. Р Д салгаж аваад явсан. Н чи яагаад найз зодоод давраад байгаа юм бэ гэсэн чинь Д өөдөөс нь салаавч өгөөд та нарыг мэдэх ч гүй юм байна гэж хэлсэн гэсэн. Миний биед баруун гарын тохойн хэсэгт маажсан. Нуруун дээр зугаралт гэхээр зүйл үүссэн байсан. Зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн хөлний шилбэний ар талд хөхөрсөн байсан. Тархи хөдөлсөн байсан.
Хохирогч Э.Д: Б гар маажсан гэж хэлж байна. Би гелин хумстай учраас хүнийг маажих боломж байхгүй. Б намайг эхэлж үсдсэн. Б согтуу байсан учраас андуурч яриад байна. Б-ыг би түлхчихээд хажуугаар нь гарах гэтэл пизда минь гээд миний араас ирээд үсдсэн. Ныг явсан гэж яриад байна. Б бид хоёрыг зууралдаж байхад Н хараад зогсож байсан. Би Быг цохиж зодоогүй. Санаатай биед нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй биеэ хамгаалсан.
Хохирогч Б.Б: Н бид хоёр Д-г нийлж үсдээгүй. Д намайг зодож байхад Н ирж Д-ий үснээс татаж салгасан гэсэн. Н салгаагүй бол би энэнээс илүү гэмтэл авахыг үгүйсгэхгүй шүү дээ.
Хохирогч Э.Д: Н намайг үстэж салгасан гэдэг нь худлаа. Анхнаасаа Н энэ хоёр нийлж үсдсэн. Н нь Б-д хандаад наадахаа зодуулчихаач гээд байсан. Б намайг үстэнгүүт Н санаатайгаар нийлж үсдэж газар унагаасан байх. Н рүү салаавч гаргаж та нарыг мэдэх ч үгүй юм байна гэж хэлсэн нь худлаа. Р намайг татангуут салаад баар луу гүйгээд ороод явсан. Н цагдаа, Б нар согтуу байсан. Б болсон явдлыг худлаа мэдүүлэг өгөөд байна. Н цагдаатай дээр тааралдаад уулзсан чинь ах нь сайн мэдэхгүй байна, согтуу байсан. Ямар ч байсан 2 охин зууралдаад байсан, хурдан болоод өнгөрсөн, сүртэй зүйл болоогүй ш дээ гэж хэлж байсан. Надад учруулсан гэмтлүүдийг Б учруулсан. Би өөртөө гэмтэл учруулах боломжгүй.
Хохирогч Б.Б: Би мэдүүлгүүдээ үнэн зөвөөр өгсөн. Надад худал мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. Д надад энэ гэмтлийг учруулаагүй гээд байгаа нь сонин санагдаад байна. Би өөрөө гэмтэл учруулаад гараа маажаад нүдээ ясыг нь хугартал цохиод байж байх уу. Би Дөөд ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би болсон бүх зүйлээ өргөдөлдөө хүртэл үнэнээр бичсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас),
6. Гэрч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Сет бааранд барменаар ажилладаг юм. 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай найз Д Улаанбаатар хот руу явлаа гээд над дээр ирээд юм яриад сууж байсан. Мөн араас удаагүй Б, Н нар орж ирсэн. Б, Н нар нэг нэг цэвэр ус авсан. Тэр хоёр архи уусан байдалтай согтуу байсан. Б ярихдаа ажил дээрээ уусан гэж байсан. Б ТБЦентрт бармен хийдэг юм. Тэгээд 01 цагийн үед Д, А бид нар тамхи татахаар гарсан. Б, Н нар араас гарч ирсэн. Б гарч ирэхдээ шилтэй пиво барьсан гарч ирсэн. Н Б-д хандаад явъя гээд байхад чинь пиздаа чинь гэж хэлсэн чинь Б барьж явсан пивоо газар луу шидсэн. Тэр пиво нь Д-ий хөлийн хажууд унасан. Өмсөж явсан цагаан пүүзийг нь нил пиво болгосон. Тэгсэн Дөө уурлаад чи яаж байгаа юм бэ, энийг цэвэрлэ гэсэн. Тэгсэн Б чи давхраа оёулчихаад их зантай болчихжээ Д-өө гичий гэсэн. Дөө би чамайг танихгүй юм байна шүү гэж хэлсэн. Б цаана Н гэх залуутай уулзаад зогсоод байсан. Тэгснээ Наа энэ гичий намайг зодно гэнээ очоод уулз гээд байсан. Д-өө А бид нар баар луу орох гээд явж байхад Д-өө Б-ыг гараараа түлхсэн. Тэгтэл Б араас ирээд Д-өөг үсдээд бариад авсан. Д эргэж хараад Б-ыг үсдээд бариад авсан. Б газар унасан. Д Б нүүр хавьд гараараа нэг удаа цохисон. Д-өөг А бид хоёр салгаж аваад баар луу аваад орсон. Б нар гадаа үлдсэн. Би жоохон байж байгаад хүнээс тооцоо авах гээд баарнаас гарахад Б Д-г дуудаад гаргаад ир гээд байсан. Би буцаад орсон. Баараа хаагаад гараад ирэхэд Б яваад өгсөн байсан. Д үүрийн суудлаар Улаанбаатар хот руу явсан. Шүдээ үзүүлнэ гээд Улаанбаатар хот руу явсан...
...Д нь хүнтэй эвсэг харилцаатай, ер нь муу зан байхгүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Ямарваа нэгэн зүйлд хүлээцтэй ханддаг. Политехникийн коллежид нэг ангид сурч байгаа... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас),
7. Гэрч Я.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Сет бааранд дижи хийдэг юм. 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Манай найз Д Улаанбаатар хот явлаа гээд Р бид хоёртой уулзах гээд Сет бааранд ирсэн. Би цаана Дижи дээр суудаг болохоор дотор ямар хүмүүс орж ирсэн талаар анзаарч хараагүй. Нэг ажлынхаа завсраар гадаа гарч тамхи татахаар Д, Р нартай гарсан. Гадаа гараад байж байтал Н гарч ирээд тамхи асуугаад бид нартай тамхилсан. Араас нь Б шилтэй пиво бариад гарч ирсэн. Б Н-тэй юм яриад байсан. Б Дөө рүү муухай хараад байсан. Б барьж явсан шилтэй пиво Д-гийн хөл рүү шидсэн. Тэр пиво нь газар унаад хагарахдаа Д-гийн цагаан пүүзийг нь нил пиво болгосон. Дөө Б-д хандаад чи яаж байгаа юм бэ энийгээ цэвэрлэ гэсэн чинь Б чадахгүй, давхраа хийлгэчихээд их зантай болчихжээ гичий чинь гээд Д-г хараагаад байсан. Б Д хоёр жоохон маргалдаж байгаад цаашаа яваад Б, Н гэдэг ахыг дагуулж ирээд энэ гичий намайг зодно гэнээ, чи уулзаадахдаа гээд байсан. Б Д-д хандаад гичий минь нааш ир одоо уулзаадах гээд байсан. Д Б хажуугаар гарахдаа гараараа түлхсэн. Б Д-өөгийн араас үсдээд бариад авсан. Б Д-г нуруугаар нь хашлага дээр дарчихаад байсан. Б-ы найз Н мөн Д-ийг үснээс бариад авсан байхаар чи болиоч гэсэн чинь Нандинцэцэг үсийг нь тавьсан. Дөө Б нар дээр доороо зодолдоод эхэлсэн. Р бид хоёр Д-өөг салгаж аваад баар луу аваад орсон. Б нар гадаа үлдсэн...
...Д-ий хувьд даруунхан зантай. Хүнтэй муудалцаад байдаггүй. Нийтэч зантай. Уурлаж байхыг нь бараг хараагүй. Байнга инээгээд явж байдаг... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас),
8. Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би ТБЦентрт зөөгчөөр ажилладаг байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Хаялага нуур очиж байгаад орой 22 цагийн үед санагдаж байна. Чойрын төв орж ирээд Сет бааранд Б-ы хамт орсон. Б бид хоёр Сет бааранд ороод 2 ус нэг шилтэй пиво аваад суусан. Тэгээд Сет бааранд бүжиглэж байгаад би явахаар баарнаас түрүүлээд гарсан. Тэгээд баарны ертөнцийн зүгээр хаалганы хойд талд Сет баарны баруун хойд булан хэсэгт А, Р, одоо энэ Д-өө гэх зүс мэдэх охин нар зогсож байсан. Би тэр хэд дээр очоод А-той юм яриад зогсож байсан. Араас Б удаагүй гарч ирсэн. Би Б-д хандаад яачихдаг юм бэ, явъя гээд инээсэн. Б барьж гарч ирсэн пивоо газар унагаасан. Тэр пивоны шил нь хагарсан. Тухайн үед Д-өө миний баруун гар талд зогсож байсан. Б миний өөдөөс хараад зогсож байсан. Би баарны явган хашааны хойд талд хойшоо хараад хашаан дээр сууж байсан. Тэр пиво нь Д бид хоёрын гол хэсэгт газар унаад хагарсан. Тэгсэн Дөө Бд хандаад ууртай захирангуйгаар энийгээ цэвэрлэ гэж хэлсэн. Б Д-ий өөдөөс чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Дөө Б-ыг мангасдаад түлхсэн. Тухайн үед баарнаас Н гэдэг ах гарч ирсэн. Б Н ахад хандаад энэ намайг зодно гэнээ гэж хэлсэн. Н ах ирээд та нарын зодолддог нас бишээ гэр орондоо хариач гэж хэлсэн. Тэгтэл Дөө ахиад мангасдаад түлхсэн. Б явах гэтэл Дөө Б-ы үснээс барьж аваад Б-ыг дээш харуулж унагаагаад нүүр лүү нь цохиод байсан. Би А-д найзыгаа салгаач гэсэн наад хоёрыг зодолчуулчих гээд байхаар нь угаасаа муудалцаад байгаад байна гэж хэлсэн. Би Д-ий араас татсан дийлдэхгүй байсан. Би Д-д наадахаа тавиач, хүүхэд аллаа гэж хэлсэн. Р ирээд Д-өө боль гээд салгаж аваад баар луу явсан. Д-өө баар луу орох гэж байхдаа над руу салаавч гаргаад май, та нарыг мэдэхгүй юм байна шүү гэж хэлсэн. Б газар хэвтээд босохгүй байсан. Н ах байхгүй явсан байсан. Б-ыг миний найз бос гэсэн чинь толгой өвдөөд байна гээд босохгүй байсан. Б надад Д-өө найзынх нүд рүү цохисон юм шиг байсан. Нүд өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд Б-ыг босгож аваад Б-ыг замаараа гэрт нь хүргэж өгөөд би гэртээ орсон... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас),
9. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед би ээлжийн амралттай байсан юм. Тухайн өдөр Сет бааранд найз нарынхаа хамт сууж байгаад гадаа гараад утсаар яриад зогсож байтал жижиг биетэй нэг охин гүйж ирээд ахаа та намайг таньж байна уу ТБЦентрт ажилладаг байсан ш дээ гэж хэлсэн. Тухайн охиныг харж байгаагүй охин байсан. Би яасан ахын дүү гэсэн чинь та байж байгаач гэсэн. Гайхаад учрыг олоогүй байж байтал цаанаас нэг охин хүрээд ирсэн. Тэр жижиг биетэй охин гэнэт нэг охинтой зууралдаад газар унаад өгсөн. Тэгэхээр нь би салгах гээд очтол Сет баарны бармен Ц /Р/ гэдэг охин ирээд тэр хоёрыг салгасан. Би цаашаа баар луу буцаад орсон. Хэн нь дээр унасан, хэн нь доор унасан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор анзаарч хараагүй. Тухайн үед сүртэй зодоон болоогүй шиг санагдаж байна. Тэр хоёрыг хажууд нь байсан Ц хурдан салгасан. Юунаас болж маргалдаж муудалцсан талаар мэдэхгүй байна. Би эмэгтэй хүүхдүүд байж больцгоо гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Намайг баарнаас гарахад тэр хэд байхгүй байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас),
10. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай охин Б ТБЦентерт ажилладаг юм. Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сургууль дээр жижүүртэй байсан. Б ажлынхаа хүмүүстэй Хаялага нуур луу явлаа гэж хэлсэн. Би эрт ирээрэй гэж хэлсэн. Тэр шөнөдөө сургууль дээр жижүүртэй хоносон. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад гэртээ иртэл Б-ы зүүн нүд хөхөрсөн байхаар нь наад нүдээ яасан юм бэ гэсэн чинь надад хэлэхгүй юманд цохисон юм аа гээд байсан. Би Б-аас шалгааж байгаад асуусан чинь та уурлахгүй биз дээ, би таниас айгаад байна гэсэн. Би Б-ы дүү О-с эгчийнх нь талаар асуухад шөнө 00 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд толгой өвдөөд байна гээд байсан. Толгой дээрээ хүйтэн жин тавиад унтсан гэж хэлсэн. Тэгээд Баас шалгаасаар байгаад асуусан чинь Хаялага нуур дээр байж байгаад ирээд Сет бааранд ороод нэг пиво аваад уух гэсэн тэрийгээ барахгүй болохоор нь авч гараад асгах гэсэн гарнаас хальтраад газар унаад шил нь хагарсан. Пиво нь үсрээд хажууд нь байсан хүүхдийн гутал руу цацарсан гэсэн. Тэгээд тэр хүүхэдтэйгээ маргалдаж байгаад зодуулсан гэж хэлсэн. Б-ыг харахад зүүн нүд хавдаад хөхөрсөн, баруун гарын тохой хэсэгт маажуулсан. Нуруун дээрээ нидрэгдсэн гэхээр шарх байсан. Мөн толгойныхоо орой хэсэгт хуйх нь овойсон байсан. Б толгой өвдөөд байна гэж байсан. Тэгээд би Д-өө гэдэг хүүхдийнх нь ээж А-х нь утсыг олоод болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл А ямар сонин юм бэ, хүүхэдтэйгээ ярьчихаад эргээд таньтай холбогдъё гэж хэлсэн. Тэгээд байж байтал удаагүй А над руу залгаад танай хүүхэд өөрөө шал согтуу манай хүүхдийг доромжилсон юм байна гэхээр нь би давхраа оёулчихаад ийм болдог юм гэж хэлсэн гэсэн. Камерыг нь шалгуулмаар байна гэж хэлсэн. Би камерыг шалгахаар охинтойгоо очиж үзсэн. Камер нь эсрэг талдаа байдаг юм байна. Зодуулсан газар нь камер байхгүй юм байна лээ гэж хэлсэн. Д-ий ээж манай хүүхдийг буруутгаад байхаар нь хоёулаа учраа олохгүй юм байна, шийддэг газраар нь шийдүүлье гэж хэлээд утсаа салгасан. Д-н ээжтэй цагдаагаас гараад явж байгаад Онцгой байдлын хажууд тааралдсан. Азаа охин Д-ийн хамт ирээд таньтай уулзъя гэж хэлсэн. Би яасан гэж хэлсэн. Тэгтэл А та баар саваар хүүхдээ ажиллуулаад ийм болгосон юм байна даа гэж хэлээд манай хүүхдийг чи баар саваар ажиллаад ийм болсон юм байна ш дээ гээд загнаад байсан. Тэгэхээр би хажуунаас чи яагаад өөрөө хүүхэдгүй юм шиг миний охиныг ингэж доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Манай охин хажуунаас ээж явъя хуулийн байгууллага шийдээд өгөх байлгүй дээ гэсэн чинь чи угаасаа ингээд сурсан юм байна ш дээ гэж байсан. Би А хандаад чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ цагдаа руу явъя гэж хэлсэн чинь явахгүй байсан. А мөн надад хандаад хүүхэд цемент мөргүүлсэн гээд байсан зүгээр явж байна ш дээ, сүртэй нь аргагүй алах гэж байна гээд байсан гэхээр нь би өөдөөс нь юун зүгээр гэж энэ хүүхэд 2 удаа ухаан алдаж унасан байна гэж хэлсэн. А наад хүүхэд чинь юунаас болж унаад байгааг гаргаад ирээч гэж хэлсэн. Томографикийн зураг авахуул гэсэн, мөнгө төгрөгийн бололцоо байхгүй байна гэсэн чинь А хийнэ гэхээр салаад явсан. Манай хүүхэд худлаа ярихгүй, өөрийн буруу байсан ч үнэнээ хэлж байдаг...
...Бы хувьд дөлгөөхөн томоотой зантай. Хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Буруу зөрүү үг хэлэхгүй. Аав ээжийнхээ үгнээс гарахгүй. Шударга зантай. Яаран хүний түрүүнд дуугарахгүй, зуныхаа амралтаар төлбөрөө олох гээд ажил хийдэг. Ер нь аав ээждээ тус нэмэр ихтэй хүүхэд байгаа юм. Аль болохоор өөрийгөө болгох гээд байдаг. Хөдөлмөрч зантай хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас),
11. Гэрч А.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ангийн хүүхдүүд болох Э, Л нар хамт гадуур явж байсан. Тэгтэл шөнө цагийг нь нарийн сайн санахгүй байна. 01-02 цагийн үед байх. Манай ангийн хүүхэд Б Э руу залгаад найз нь хүнд зодуулчихлаа толгой өвдөөд байна гэж ярьсан. Тухайн үед бид нар Б-ы гэртээ оройхон явж байсан болохоор гараад ир гэсэн. Б гэрээс гарч ирээд Сет баарны гадаа Р-гийн найзууд зодчихлоо, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд ямар хүнд зодуулсан талаар асуухаар Р-гийн гэрт очсон. Р-гийн гэр нь Сет баарны хашаанд байдаг юм. Р-гээс Б-ыг зодсон гэх охины дугаарыг аваад ярих гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Р-гээс шилтэй 10 ширхэг пиво аваад манай гэрт ирсэн. Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад Э хүргүүлэх гээд гарсан. Б-ы зүүн нүдний доод зовхи нь хөх туяа ороод хавдах шинжтэй болсон байсан. Э Б-ыг хүргэж өгчихөөд ирлээ гээд удаагүй манай гэрт ирсэн...
…Б-ы хувьд хүнтэй мэндтэй явдаг. Миний мэдэхээр элдэв янзын ааш зан байхгүй. Б-ы хувьд хөгжилтэй зантай. Б-тай нээх нийлээд байдаггүй болохоор нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас),
12. Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай ангийн хүүдүүд болох Х, Л нарын хамт гадуур явж байсан. Тэгтэл шөнө цагийг нь нарийн сайн санахгүй байна. 01 цаг өнгөрч байсан байх. Би ангийнхаа охин Б-ы утас руу дохисон. Б над руу эргүүлж залгахаар нь юу хийж байна гээд асуусан. Б Р-гийн найз охинд зодуулчихлаа, чи хаана байна гэхээр нь танай гэрийн хажууд ойрхон явж байна гэж хэлсэн. Б гараад очъё гээд гараад ирсэн. Р мөн манай ангийн хүүхэд байгаа юм. Тэгээд зодуулсан хүнийх нь утасны дугаарыг нь асуухаар Р-гийн гэрт очсон. Р-гийн гэр нь Сет баарны хашаанд байдаг юм. Р-гээс Б-ыг зодсон гэх охины утасны дугаарыг аваад ярих гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Р-гээс шилтэй 10 ширхэг пиво аваад Х-ны гэрт очсон. Б пиво уухгүй гээд толгойны эм уучихаад надаар гэртээ хүргүүлсэн...
…Би Б-тай ангийнхаа хүүхдүүдээс арай илүү уулзаж ярилцдаг. Б-ы хувьд хүнд их тусар хуу, нөхөрсөг зантай. 10 жилийн сургуульд байхад хичээлдээ хичээнгүй хүүхэд байсан. Хүнтэй маргалдаж муудалцаж байхыг харж байгагаүй. Зан аашийн хувьд эвсэг, нийтэч харилцаатай. Ер нь хөгжилтэй зантай... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас),
13. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 08 дугаар сарын 10-ны үед санагдаж байна. Намайг өрхийн эмнэлэгт уламжлалтын эмчээр ажиллаж байхад хүнд зодуулсан гэлүү нэг зүйл хэлээд надад үзүүлж байсан. Д-ий үзүүлсэн өдрийг нарийн сайн санахгүй байна. Би тухайн үед “Энх тус дэм” өрхийн эмнэлэгт ажиллаж байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа гарсан байгаа. Эмчийн үзлэгийн журнал дээр бүртгэгдсэн байгаа. Би танд хуулбарлаж өгье. Тухайн үед Д-ий тархи доргисон байсан. Мөн нэг талын гарын тохой нь шархалсан байсан. Одоо аль тохой гэдгийг нь санахгүй байна. Надаар толгойдоо бариа хийлгэсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас),
14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай дүгнэлтэд:
- Б.Б-ы биед тархи доргилт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний ухархай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. (1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас),
15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтэд:
- Э.Д-ий биед тархи доргилт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. (1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас),
16. Шүүгдэгч Б.Б-ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт (1 дүгээр хх-ийн 94-97 дугаар хуудас),
17. Шүүгдэгч Э.Д-ий эмчлүүлэгсдийн карт (1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас),
18. Шүүгдэгч Э.Д-ий гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас),
19. Шүүгдэгч Э.Д-ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас),
20. Шүүгдэгч Б.Б-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас),
21. Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехникийн коллежийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт (1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас),
22. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт (1 дүгээр хх-ийн 104-106 дугаар хуудас),
23. Шүүгдэгч Б.Б-ы 2010-2016 оны урамшууллын жагсаалт (1 дүгээр хх-ийн 108-115 дугаар хуудас),
24. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч В.Г-н 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20/78 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20/75 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” дууссан тухай тогтоолууд зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Д нь хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Д-тэй маргалдан түүнийг үсдэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Б.Р, Я.А, М.Н, Б.Н, Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Д-ий өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “...шүүгдэгч Э.Д-ий хувьд гэм буруугийн асуудлаар маргаж байгаа тул үүн дээр дүгнэлт хэлэх боломжгүй байна” гэх гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Э.Сайханаа гэм буруугийн шүүх хуралдаанд “...өмнөх шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэдийгээр хугацаа өнгөрсөн ч гэсэн энэ хоёр шүүгдэгчийн байр суурь өөрчлөгдөөгүй байна. Гэм буруугийн талаар хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа хохирогч Э.Д-тэй маргалдан түүнийг үсдэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Д, Б.Б нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Э.Д нь шүүх хуралдаанд хохирогчоор “...би Б-ы эрүүл мэндэд хохирол учруулаагүй. Биеэ хамгаалсан...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд хохирогчоор “...би Дийг зодоогүй...” гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ы мэдүүлэг, гэрч Б.Р, М.Н, Я.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 243 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б, Э.Д нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааг зөв зохистой хэрэглээгүй, шар айрагны шил хагалж улмаар Э.Д-тэй хэрүүл маргаан үүсгэснээс болж уг гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Э.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүх хуралдаанд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Д, Б.Б нарт эрүүгийн хариулага хүлээлгэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Д-ий өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоос давсан шийдвэр гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч Э.Сайханаа нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно" гэх агуулгатай байжээ. Харин одоо "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэх агуулгаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон материаллаг шинжтэй зохицуулалтуудаас гадна уг хугацааг хэрхэн тоолж, тооцох тухай процессын шинжтэй зохицуулалтууд холилдож тусгагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг шүүхээс буцааж хэрэглэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэх нь хуульд нийцэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" зарчим нь процессын хэм хэмжээний тухайд хэрэг хянагдаж буй цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг тайлбарлахад хамааралтай бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд дахь процессын шинэчлэгдсэн зохицуулалтыг өмнөхтэй нь өрсөлдүүлэн хэрэглэх тухай ойлголтыг агуулаагүй байх тул шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Д, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь гэм буруугийн асуудлаар маргасан тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нарыг уг хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь уг торгох ялыг эдэлсэн болох нь Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч В.Г-н 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20/78 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20/75 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолуудаар нотлогдож байна.
Гэтэл Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ДШМ/01 дугаартай магадлалаар Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор улсын төсөвт тушаасан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар улсын төсвөөс тус тус гаргуулж шүүгдэгч Э.Д, Б.Б нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-н Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ны Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нараас улсын төсөвт тус тус төлсөн 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Д, Б.Б нарт буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ