Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 164

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0162/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О***, 
Хохирогч Б.Л***, 
Шүүгдэгч Р.М*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М***ад холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, Р.М*** /РД:*******, ********* төрсөн, ***** настай, эрэгтэй, *****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ********ийн хамт ***********тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.  
    
Шүүгдэгч Р.М*** нь 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******** тоотод оршин суух иргэн Б.Л***гийн байшингийн цоожтой амбаарын хаалгыг хөшиж онгойлгон бусдын агуулах саванд нэвтэрч 18 кг шар луувангийн үр хулгайлж 1080000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Р.М***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би хүнээс охиныхоо хичээл номонд хэрэглэх гэж 200000 төгрөг зээлчихсэн байсан. Тэгээд Б.Л*** луувангийн үрийг хулгайлж, 336000 төгрөгөөр зараад хүнд өгөх байсан өрөө төлж, үлдсэн мөнгөө хүүхдийнхээ хэрэгцээнд хэрэглэсэн. 
…хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, сүүлчийн удаа харж үзнэ үү.” гэх мэдүүлэг, 
-Хохирогч Б.Л***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 6-ны өглөө ногоо тарих газраа боловсруулах гэж яваад ирсэн чинь луувангийн үр байхгүй байсан учир цагдаад гомдол гаргасан. Одоо хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-12 дахь тал/, 
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 14-15 дахь тал/, 
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр, хурлын тэмдэглэл /хэргийн 18-19 дэх тал/, 

-Гэрч Д.О*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хүүхдийнхээ өвлийн хувцсыг эвхэж янзлаад хажуу талд байдаг амбаартаа оруулсан. Би амбаартаа ороод хүүхдийнхээ хувцсыг өлгөчихөөд тэгээд амбаараас гарахад луувангийн үр сэнгэнээд үнэртэхгүй болохоор нь нөхөр Б.Л*** голын хойно газар янзлаад байж байхаар нь утсаар нь залгаад “луувангийн үрийг чи аваад явсан юм уу?” гэж асуусан. Тэгэхэд нөхөр Б.Л*** “би луувангийн үр авч яваагүй” гэж хэлсэн. Тэр үед луувангийн үр алга болсон талаараа мэдсэн.”  гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,  
    
-Гэрч Л.О*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 15 цагийн орчим Дархан сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****** ” ХХК-ны шинэ зах дээр гадна лангуун дээр зогсож байхад 30 гаруй насны зүс таньдаг залуу хүрч ирээд “эгч ээ, шар луувангийн үр авах уу?” гэж хэлсэн. Би тэр залуугаас яагаад луувангийн үрээ зарах гэж байгаа талаар асуухад “би луувангаа тарих гэж байгаад больсон, надад мөнгө яаралтай хэрэг болоод байна” гэж хэлсэн. Би луувангийн үрээ 1 кг хэдэн төгрөгөөр худалдах талаар асуугаад “1 кг 20000 төгрөгөөр авна” гэхэд тэр залуу “та ядаж 1 кг 21000 төгрөгөөр аваач” гэсэн. Би луувангийн үрийг нь 1 кг 21000 төгрөгөөр авахаар тохироод газар дээр нь 170000 төгрөг тоолж өгсөн. Тэр залуугийн гар утасны дугаарыг тэмдэглэж аваад 2 цаг орчмын дараа гар утас руу нь залгаад үлдэгдэл 166000 төгрөгийг өгсөн. Би тэр залууд нийт 336000 төгрөгөөр 16 кг шар луувангийн үрийг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,     
    
-Гэрч Ж.Л*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би **** сумын тендэрт өөрийн эзэмшлийн *** ДАХ улсын дугаартай Сонота-6 маркийн цагаан өнгийн авто машинтай өдөр болгон ********* аймгийн хооронд хүн тээвэрлэдэг. Тухайн өдөр *******явдаг зогсоол дээр өөрийн машинтай зогсож байсан. Тухайн үед М*** нь миний урд талын машинд суух гэж байгаад хүн нь дүүрээд багтахаа болиод миний машинд суусан. Тэгээд М*** гэрээс очоод юм авна гэсэн. Би гэрийнхэн гадна очиход М*** гэрээсээ том цүнхтэй юм авч гарч ирээд миний багаажинд хийсэн. 
…тухайн үед М*** 5-6 настай гэмээр охинтой цуг явж байсан. Дархан-Уул аймгийн Шинэ захын үүдэнд байрлах автомашины зогсоол дээр буугаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/, 
-Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 26-28 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дэх тал/
-Хохирлын мөнгө төлсөн баримт /хэргийн 101 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Р.М*** нь 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ************ тоотод оршин суух иргэн Б.Л*** байшингийн цоожтой амбаарын хаалгыг хөшиж онгойлгон бусдын агуулах саванд нэвтэрч 18 кг шар луувангийн үр хулгайлж 1080000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр, хурлын тэмдэглэл /хэргийн 18-19 дэх тал/, гэрч Л.О*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би луувангийн үрийг нь 1 кг 21000 төгрөгөөр авахаар тохироод газар дээр нь 170000 төгрөг тоолж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/, гэрч Ж.Л*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тухайн өдөр ******* аймаг руу явдаг зогсоол дээр өөрийн машинтай зогсож байсан. Тухайн үед М*** нь миний урд талын машинд суух гэж байгаад хүн нь дүүрээд багтахаа болиод миний машинд суусан. Тэгээд М*** гэрээс очоод юм авна гэсэн. Би гэрийнхэн гадна очиход М*** гэрээсээ том цүнхтэй юм авч гарч ирээд миний багаажинд хийсэн. Би юу авч яваа талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Р.М***ыг агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1080000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Хохирогч Б.Л*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Р.М***аас хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг өгсөн, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хэргийн 101 дэх тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.

    Шүүгдэгч Р.М***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 43 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Р.М*** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Р.М***ын эзэмшлийн мечта маркийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.М*** нь энэ хэргийн улмаас 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1.Р.М***ыг агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 1080000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Р.М***ад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Р.М***ад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Р.М***ын энэ хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Р.М*** нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Р.М***ын эзэмшлийн мечта маркийн цагаан өнгийн хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Р.М***ад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Р.М***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн тасагт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Р.М***ад мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.М***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
     
    10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.М***ад бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ