Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 61

 

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /Ханбогд сумаас онлайнаар/

          Шүүгдэгч Б.М

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Б.М т холбогдох 1829000000063 тоот эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.                  

               Б.М  нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын Билгэх баг, Хоргил гэх газар Д.Ц ын амь насыг хохироож, Т.Д ыг 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Галба овгийн Б.М т холбогдох эрүүгийн 1829000000063 тоот 2 хавтаст хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Боржигон Галба овгийн Б.М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны харьяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Амгалан эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болохоор хуульд заасан ба харин зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй юм. Иймд хэргийг бүрэн илрүүлэх хуулийн зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлэн, хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлэх зорилгоор шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, мөн ... 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан прокурорын тогтоолыг хөх өнгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэсэн атлаа 1 дүгээр хавтаст хэргийн 1, 2 дугаар талд авагдсан прокурорын тогтоолууд болон прокурорын яллах дүгнэлт нь хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдээгүй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна...” гээд хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

1.1. Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Б.М т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхдээ прокурорын саналыг харгалзаж товыг тогтоогоогүй, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зарласан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 1 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн,                   

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-12 дахь хэсгийн заалтууд нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах ажиллагаа, түүгээр хэлэлцэх асуудлыг зохицуулсан заалт байхад шүүгч захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь:” хэсэгт мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг шүүхийн санаачилгаар явуулж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн талаар дурдсан нь буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй,                                

1.3. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт: ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ....дараах асуудлыг “хянан хэлэлцэж” шийдвэр гаргана гэж заасан байхад хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр огт хэлэлцэгдээгүй асуудлын талаар өөрийн дүгнэлтийг хийж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шийдвэр гаргасан,   

1.4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд заасан журмаар прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн “санал, хүсэлт”-ээр яллагдагчид авсан цагдан хорих хугацааг сунгах эсэх хэлэлцүүлгийг явуулаагүй, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан атлаа цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан, хугацааг сунгасан шийдвэрт гомдол гаргах талаар танилцуулаагүй, энэ талаар шийдвэртээ тусгаагүй зэргээр яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг оролцогчдын эрхийг хууль бусаар хязгаарласан.                                  1.5. Шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах эсэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэж танилцуулж, мөн уг асуудлыг хэлэлцсэн атлаа шүүгчийн захирамжийн “удирдлага” болгосон хуулийн зүйл, заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цагдан хорих хугацааны талаархи заалт”-ыг бичээгүй тул хэлэлцсэн асуудлаараа хууль баримталсан шийдвэр гаргаагүй. 

2. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 2018/ШЗ/00014 дүгээр захирамжид дурдсан байдлын талаар

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:“....Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал “үргэлжилсэн нэг гэмт хэрэг" үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Прокуророос Б.М ыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хоргил гэх газарт иргэн Д.Ц , Т.Д  нартай маргаж, улмаар Д.Ц ыг 1 удаа буудаж алсан, Т.Д ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр 2 хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

 

Энэ нь яллагдагч Б.М ын нийгэмд аюултай үйлдлээ ухамсарлаж, нэг санаа бодлын хүрээнд, хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2 хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “нэг” гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлтэй тохирч байгаа.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох тухай” заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийг, зөвхөн нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байхыг шаардах тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Б.М ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд төрлийн буюу бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг байхад шүүх “зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй            шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй байна.                                                                                                          

2.2. Шүүх шийдвэртээ хавтаст хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлт, тогтоолууд нь стандартын дагуу хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдээгүй талаар дурьдсан байна.

Хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлт, тогтоолууд нь баримт бичгийн хэвлэмэл хуудаст бүрдлүүдийг байрлуулахад тавигдах стандарт, шаардлагыг хангаж гарсан.Төрийн сүлд дүрслэгдэгдсэн, хэвлэмэл хуудаснаас хэвлэлийн аргаар хуулбарлаж хэвлэсэн, үйлдсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажсан, өнгөн хувиас зөрүүгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл эх хувьтай нь тулгаж үзэх боломжтой баримт бичиг болно. Дээрх өнгөн хувиас хуулбарласан эрх зүйн хэлбэрүүд нь байгууллагын нөөц, бололцооноос шалтгаалан, хэвлэж байгаа хуудасны тоогоор хөх өнгөөр, хэвлэмэл хуудаст гаргах орчин үеийн стандарт, шаардлагад нийцээгүй боловч энэ нь хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт бичиг биш тул хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй ажиллагаа байна.

Түүнчлэн яллах дүгнэлт, тогтоолыг хэвлэмэл хуудаст хэвлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс нэмж хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь шалгах, хянах ажиллагаа биш тул шүүх хэрэгт хамааралгүй нөхцөл байдлаар хэргийг прокурорт буцаасан гэж үзэх үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул хууль зөрчиж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагааг хүчингүй болгох, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018/ШЭ/314 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу 1829000000063 тоот эрүүгийн хэргийн бүх ажиллагаа,  шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудалд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой эсэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна  гэж үзлээ.

1. Прокурорын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/06 тоот тогтоолоор 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 01-03 дугаар хуудас/

Энэ нь прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэхийг хянах үүргийн хүрээнд Б.М ыг хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш явуулсан мөрдөн байцаалтаар дээрх нөхцөл байдал нь хоёр, түүнээс олон хүнийг алахад чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж, яллагдагчийн үйлдэлд өмнө сонсгосон төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг өөрчилж, гэмт хэрэг үйлдэхээр завдах гэсэн хуулийн зүйл, хэсгийг журамлаж өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.

Гэтэл уг тогтоолын “Олсон нь” гэх хэсэгт “...яллагдагч Б.М  нь иргэн Б.Цэрэндолгорын амь насыг хохироож, Т.Д ын амь насыг хохироохоор завдан хоёр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон...” гэж гэмт хэрэг гарсан байдлыг бичсэн нь зөрүүтэй, ойлгомжгүй байна.  

Түүнчлэн прокурор нь яллах дүгнэлтдээ яллаж байгаа гэмт хэргийн агуулга, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, учруулсан хохирол зэргийг яллагдагч Б.М ыг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын Билгэх баг, Хоргил гэх газар Д.Ц ыг 1 удаа буудаж алсан, мөн цаг хугацаанд Т.Д ыг 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж, энэ гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчлэгдэхээр бичжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмын дагуу шүүх нь гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрхтэй, боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийг төгс үйлдсэн гэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид нийцүүлэн хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээгүй байна.

Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 32.10 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, яллах дүгнэлтийг үйлдэх эрх хэмжээ нь прокурорт олгогдсон тул шүүх хуульд нийцээгүй уг шийдвэрүүдийг Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцүүлж нөхөн гүйцэтгэх засаж, залруулан өөрчлөх эрх зүйн үндэслэлгүй юм.

 2. Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол, эсхүл өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тохиолдолд хэргийн оролцогч болон шүүхийн санаачилгаар явуулсан эсэхээс үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлийг журамлажээ.

Б.М т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч өөрийн санаачилгаар 10 дугаар сарын 26-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь хуульд нийцсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэх тул шүүх захирамждаа прокуророос гарах шийдвэрүүд хэвлэмэл хуудас дээр хэвлэгдээгүй тул төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу үйлдэж байхыг дурдсан нь мөн хуулийн 11.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга нь...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана гэсэнтэй нийцсэн байна.

Харин шүүгчийн захирамжид дурдсан энэ асуудал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болоогүй байх тул “шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан прокурорын шийдвэрүүд нь стандартын дагуу хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдээгүй талаар дурдсан, энэ нь хэвлэлийн аргаар хуулбарлаж хэвлэсэн, өнгөн хувиас зөрүүгүй, шаардлагатай гэж үзвэл эх хувьтай тулгах боломжтой, түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй нөхцөл байдлаар хэргийг прокурорт буцаасан үндэслэл болно” гэх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Иймд прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 Яллагдагч Б.М т шүүгчийн захирамжаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг прокурорт очтол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1 дэх хэсэг,    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЗ/314 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/09 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол яллагдагч Б.М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА