Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0108

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 02 дугаар сарын 27 өдөр       дугаар 108            Улаанбаатар хот

 “М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хаалттай хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 488 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газрын тосны газар, Уул, уурхайн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 8 сард зарласан хайгуулын Хэрлэн тохой-28 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн Газрын тосны газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1-16 тоот албан бичиг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 296 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үнэлгээний хорооны үнэлгээгээр “М” ХХК нь 1157.7 оноо авч, сонгон шалгаруулалтад 2 дугаар байр эзэлсэн бөгөөд сонгон шалгаруулах зөвлөлөөс Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлүүдэд Монгол Улсад ашигтай саналыг өгч, Үнэлгээний хэсгийн дүгнэлтээр хамгийн өндөр оноос авсан “Х В И” компанийг шалгаруулсан гэжээ.

Хариуцагч Уул уурхайн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х В И” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Засгийн газрын 1991 оны 5204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газраас гаргахаар зохицуулсан гэжээ.

Гуравдагч       этгээд “Х В И” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа\ “Х В И” ХХК-ийг шалгаруулсан нь хууль ёсны бөгөөд оролцогч бусад этгээдүүдийн эрх ашгийг хохироогоогүй үйл ажиллагаа болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр: Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: 1. Газрын тосны газраас 2011 оны 08 дугаар сард зарласан хайгуулын Хэрлэн тохой- XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт манай компани өрсөлдөхүйц сайн, үндэслэлтэй санал материалыг ирүүлсэн байхад шалгаруулалтад 2-р байр эзэлсэн гэж хасч, сонгон шалгаруулалт зарлахаас гуравхан сарын өмнө байгуулагдсан газрын тосны олборлолтын чиглэлээр ямар ч дадлага туршлагагүй “Г В И" ХХК-ийг сонгож илтэд өндөр үнэлгээ өгөн шалгаруулсан нь шударга бус үйлдэл болсон. Тодруулбал, манай компани нь 2011 онд 1 тэрбум 809 мянган төгрөгийн ашиг орлоготой байсан. Толгой компани болох "М г" ХХК-ийн жилийн орлого нь 110 тэрбум төгрөг, улсад 2,5 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Гэтэл Өөрийн өмчлөлийн оффисын байргүй /түрээсийн байранд байдаг/ “Г В И" ХХК-иас хөрөнгийн чадвараар дутуу гэж бага оноо өгсөн нь шударга биш байна. Мөн манай талаас Газрын тосны газарт битүүмжилсэн үнийн санал өгөхдөө байгаль орчныг нөхөн сэргээх зардалд 800.000 доллар төсөвлөсөн, харин “Г В И" компанийн битүүмжилсэн үнийн саналд байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр 620.000 доллар төсөвлөсөн байтал манай талд бага оноо өгсөн нь дотоодын хөрөнгө оруулалттай компаниа дэмжиж үнэн бодитойгоор үнэлгээ өгөхийн оронд гадаадын хөрөнгө оруулалттай компанийг илтэд дэмжсэн нь харагдаж байна. Хариуцагч тал талуудын битүүмжилсэн үнийн саналыг гол болгож үнэлгээ өгсөн гэх атлаа байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг тусад нь гаргаж өгсөн нь хууль журамд нийцэж байгаа гэдэг тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. "Г В И" компани нь 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 50/50 хэмжээтэй хөрөнгө эзэмших эрхтэй 2 гишүүнтэй компани юм. Үүсгэн байгуулагч нь Ш Ю П болон Л М М нар байна. Гэтэл Газрын тосны газар тус компанийн хөрөнгө оруулагч нь Х Ш ХХК болон С Ж Т ХАА-н машин механизмын ХХК хөрөнгө оруулагч гэж ойлгосон нь буруу юм. Аль ч улсын компанийн эрх зүйд компанийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчийн өмч, компанийн өмч тусдаа ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл Х Ш ХХК болон “Г В И" -ийн хувьцаа эзэмшигч Ш Ю П байх нь Т В И"-ийн хувьцаа эзэмшигч нь Х Ш ХХК гэж ойлгох нь буруу юм.

3. "Г В И" компани нь мэргэжлийн ажиллах хүчин байхгүй. Х Ш болон С Ж ХХК-ийн ажиллах хүчийг татан оролцуулна гэсэн байна. Харин манай “М” ХХК-ийн хувьд мэргэжлийн боловсон хүчин хангалттай. Ажилчид бүгд гэрээний үндсэн дээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл мэргэжлийн чадавхын үнэлгээг ямар учраас эрс ялгаатай тогтоосон нь ойлгомжгүй байна.

  1. Үйл ажиллагаанд ашиглахаар санал болгосон техник технологи, тоног төхөөрөмжийг үнэлэхдээ ямар аргачлалаар үнэлж, ямар шалгуур тавьсан нь тодорхой бус байна.
  2. “Г В И" компани нь 2 гишүүнтэй боловч сонгон шалгаруулалттай холбоотой бүх бичиг баримт, үйл ажиллагаанд Ш Ю дангаараа төлөөлдөг ба ийнхүү төлөөлөх эрх олгосон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт нөгөө гишүүн нь гарын үсэг зураагүй байдаг. “Г В И" компаниас сүүлд нэмж өгсөн материалд итгэмжлэл гэх Ш Ю-ийн төлөөлөх эрхийг баталгаажуулсан гэх Л М М хувьцаа эзэмшигчийн бичиг байдаг ба энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэл мөн эсэх нь эргэлзээтэй баримт байхад Газрын тосны газар зөвхөн Ш Ю-ийн гарын үсэгтэй бичиг баримтыг үндэслэж асуудлыг шийдвэрлэсэн, шүүх энэхүү асуудлыг анхаарч зохих дүгнэлтийг өгөөгүй хэргийг шийдсэн нь буруу гэж үзэж байна.
  3. 2011 оны 12 дугаар 23-ны өдрийн Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын 3 дугаар зүйлийн 3.3.5-д заасан бодлогыг энэ удаагийн тендерт илүү түвшний үзүүлэлт бүхий Дотоодын хөрөнгө оруулалттай компанийг илүүд үзэхгүй гадаадын хөрөнгө оруулалттай компанид эрх олгосон нь зөрчиж байна. Учир нь одоогийн байдлаар газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчдийг харахад зөвхөн 33 хувь нь л дотоодын хөрөнгө оруулалттай үлдсэн хувь нь гадаад, тэр дундаа 39 хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байгаа юм.

Дээр дурдсан нөхцөлүүд хэрэгт цугларсан нотлох баримтууд, Газрын тосны газрын сонгон шалгаруулалтын материалаас тодорхой байхад шүүх "...нотлох баримтууд нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбар үгүйсгэгдэж байна..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 488 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2011 оны 8 сард зарласан хайгуулын Хэрлэн тохой-28 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн Газрын тосны газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1-16 тоот албан бичиг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 296 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Газрын тосны газраас хайгуулын Хэрлэн тохой-ХХ\/111 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тосны үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж, “Х В И” ХХК-ийг шалгаруулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, “шударга бус үнэлсэн” хэмээн маргажээ.

Гэвч дараах нөхцөл байдал тодорхойгүйгээс шүүхээс уг маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

1. Газрын тосны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Газрын тосны газар нь Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулахыг хүсч, сонгон шалгаруулалтад оролцож, ялалт байгуулсан хуулийн этгээдтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар зохицуулжээ.

Гэтэл энэ тохиолдолд гэрээлэгч биш түүний туслан гүйцэтгэгч гэх “Ю К” ХХК-ийн баримтыг үндэслэн “Х В И” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

“Х В И” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хонгконг улсад үүсгэн байгуулагдсан байх бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдөр уг маргаан бүхий тендерийг зарлаж, сонгон шалгаруулалтын ажиллагаа эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл “Х В И” ХХК нь газрын тосны чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, туршлагагүй компани байхад түүний туслан гүйцэтгэгч гэдэг нь баттай тогтоогдоогүй “Ю К” ХХК-ийн туршлагыг харгалзаж, тендерийг үнэлсэн нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 8.1, 9.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Гуравдагч этгээд “Х В И” ХХК-ийг “Х Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш Ю, “С Ж Т” ХХК-ийн бүрэн эрх төлөөлөгч Л М нар үүсгэн байгуулсан, эдгээр компанийн хөрөнгө оруулалттай гэх боловч “Х Ш” XXК нь хайрга боловсруулах, чулуу бутлах, “С Ж Т” ХХК нь хөдөө, аж ахуйн машин механизмын үйлдвэр эрхэлдэг ба тендерийн баримт бичигт “Х В И” ХХК-ийн санхүүгийн тайланг ирүүлээгүй, ямар хэмжээний хөрөнгөтэй нь тодорхойгүй, зөвхөн хөрөнгө оруулагч гэх хоёр компанийн баримтыг ирүүлсэн байгаа нь тендерийг үнэлгээнд нөлөөлөхөөргүй, ач холбогдолгүй баримтууд юм.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах ёстой. Гэтэл туслан гүйцэтгэгч гэх “Ю К” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнг “Х В И” ХХК хэрхэн хариуцах, энэ компани нь санхүүгийн чадавхтай эсэх, байгаль орчинд яаж нөлөөлөх техник, төхөөрөмж хэрэглэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн “байгуулагдаад 3 сар болсон, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй компанийг шалгаруулсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 8.4 дэх хэсэгт “гэрээлэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд гэрээ хийсэн эсэх, тэдний харилцан хүлээх үүрэг” гэсэн туслах үзүүлэлтийг үнэлэхдээ хариуцагч нь холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, баталгаа нь бодитой эсэхийг нягтлах, нотлох, холбогдох байгууллагаас лавлагаа авах үүргээ биелүүлээгүй байна.

“Х В И” ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Ю К” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг1 байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон баримт хэрэгт авагджээ.

“Ю К” ХХК нь газрын тос, өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байх боловч “Х В И” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах нь тодорхойгүй, “Ю К” ХХК нь энэхүү тендерт оролцоогүй, Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа хэн нь ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй байна.

Тухайлбал энэхүү хоёр компанийн Хамтран ажиллах санамж бичигт “цооног өрөмдлөгийг зах зээлийн үнэ ханшаар тооцох, хэрэв нөхцөлд нийцэх бол хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулах” гэснээс үзэхэд зах зээлийн үнэ ханшийг тохирохгүй бол “Ю К” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллахгүй болох нь харагдаж байна.

Мөн “аливаа эрх үүрэг нь байгуулсан хамтын гэрээний заалтуудаар зохицуулагдана” гэж тусгасан боловч энэ хоёр хуулийн этгээд нь хамтын гэрээ байгуулаагүй, ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй байна.

3. Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 8.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээлэгч, туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадавхыг үнэлэхдээ холбогдох баримтыг дутуу бүрдүүлсэн, захиалагч нь захиалгад заасан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэдлэг туршлага, мэргэжлийн болон санхүүгийн чадвартай эсэхийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал “Х В И” ХХК-ийн дүрмийн сан нь 3 сая ам.доллар гэх боловч тус компанийн санхүүгийн чадавхыг харуулсан баримт байхгүй, зөвхөн үүсгэн байгуулагч “Х Ш” ХХК, “С Ж Т” ХХК-ийн санхүүгийн баримтыг хавсаргасан, тендерт оролцогч “Х В И” ХХК-ийн хөрөнгө оруулалт бодитой эсэхийг нотолсон баримтгүй байна.

Туслан гүйцэтгэгч гэх “Ю К” ХХК-ийг 14 иж бүрдэл бүхий тоног төхөөрөмжтэй, 230 ажилтан ажилладгаас 10 ахлах инженертэй, 23 инженертэй зэргээр танилцуулга[1] бичсэн байх боловч энэхүү баримтыг нотолсон зүйлгүй, зөвхөн өөрөө өөрийгөө тодорхойлсон, ашиглах техникийн үзүүлэлтийг 5000 метрт өрөмдөх чадвартай гэх боловч үүнийг нотолсон баримт маргаан бүхий тендерийн баримт бичигт байхгүй байна.

Газрын тосны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-д газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд эдийн засгийн өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчны зохист тэнцвэрийг алдагдуулахааргүй техник, технологи хэрэглэхээр тусгайлан зохицуулсан байх ба энэ тохиолдолд тендерт шалгарсан гэх компани ямар техник, төхөөрөмж ашиглах нь тодорхойгүй, тендерийн баримт бичигт байхгүй байна.

“Х В И” ХХК нь тендерийн баримт бичигт 3 хүний мэргэжил, ажилласан байдлыг тодорхойлж, хавсаргасан байх боловч энэ нь тус компанийн ажилчдын мэргэжил, туршлага, ажилласан байдлыг нотлох хангалттай үндэслэл болж чадахгүй.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 4.2 дахь хэсэгт зааснаар тендерийн хэл нь “монгол хэл, англи хэл” байхад тендерийн зарим баримтыг орчуулаагүй, хятад хэлээр ирүүлсэн байгаа нь тендерийн шаардлагад нийцэхгүй.

Шүүхийн “хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай” гэдэг нь дээр дурдсанаар “Ю К” ХХК нь туслан гүйцэтгэгч мөн эсэх, Газрын тосны газрын өмнө ямар үүрэг хүлээх, “Х В И” ХХК-ийн санхүүгийн чадавх, ажиллах хүчин, тоног төхөөрөмжийг дахин шалгаж, нягтлах замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, “шинээр акт гаргах” гэдэг нь хэрэв эдгээр нөхцөлүүд тогтоогдохгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгож, эсхүл “Х В И” ХХК шаардлагыг хангасан гэж үзвэл маргаан бүхий актын үйлчлэлийг сэргээсэн актыг гаргах учиртай.

Анхан шатны шүүхийн “Үнэлгээний хорооны бие дааж өгсөн үнэлгээнд шүүх хөндлөнгөөс дүгнэлт өгөх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй. Учир нь захиргааны байгууллага тендер шалгаруулахдаа холбогдох баримтыг дутуу бүрдүүлсэн, нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байх гул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёл-Эрдэнэ биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “албан ажлын уулзалттай” хэмээн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч энэхүү уулзалтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа тухай баримт байхгүй, хэнд хаяглагдсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт ирүүлсэн, улмаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь нотлогдоогүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 488 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тосны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4, 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гарах хүртэл Газрын тосны газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1-16 тоот албан бичиг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 296 тоот тушаалын биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.