Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00224

 

 

 

“Р...” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00526 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 809 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Р...” ХК

          Хариуцагч: “... Си” ХХК-д холбогдох

          56,950,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... Си ХХК-тай 2015-5-30-ны өдөр БНГ-05/02-09 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, хариуцагч нь манайхаас 2015-5-30-с 2015-7-10-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бид бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн. Харин ... Си ХХК бүтээгдэхүүний төлбөрөөс 37,920,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөрт 37,920,000 төгрөг, алдангид 14,599,200 төгрөг, нийт 52,519,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд 2015-7-22-ны өдөр үлдэгдэл тооцоог 37,920,000 төгрөг гэж нийлсэн, уг актад ... Си ХХК-ийн тамга дарагдсан. Компанийн нягтлан бодогч хэн байхаас үл шалтгаалаад хуулийн этгээдийн тамгыг төлөөлөх эрхтэй этгээд нь дарсан тул хүчинтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед тухайн хаягтаа байхгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж ... Си ХХК-ийн захирал Л.Ганхуягийг эрэн сурвалжлуулах шийдвэр 2017-9-21-ний өдөр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 56,950,200 төгрөг гэж нэмэгдүүлж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу 2015-7-20-ны дотор уг төлбөрийг бүрэн төлж барагдуулж өмчлөлдөө авсан. Тооцоо нийлсэн актад 2015-7-22-ны өдөр гэж байгаа боловч нотариат дээрээ 06 сарын 20 гэсэн байгаа тул хуурамч баримт юм. Энэ баримт дээр байгаа тоо 6-ийн тоо шиг харагдаж байна. Төлбөрөө бүрэн төлж байж бүтээгдэхүүнийг авна гэсэн тул төлбөрийг бүгдийг төлсөн. Тооцоо нийлсэн актад н.Солонго гэж гарын үсэг зурсан байдаг, н.Солонгийн тушаал байдаггүй. Тооцоо нийлсэн акт хаанаас гаргасныг мэдэхгүй байна. Гэрээний дагуу эхэлж 40,500,000 төгрөг, дараа нь 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн тул гэрээ нь дуусгавар болсон гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 183/ШШ2019/00526 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 56,950,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 442,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 442,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 809 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 4450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд “...59.950.200 төгрөгийг шаардсан ба гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь 56.950.000 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн гэтэл давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх боловч хариуцагчийн төлөх төлбөр дээр үндэслэлгүй мөнгө нэмсэн байх тул уг магадлал нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Р... ХК нь 2018-05-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, ... Си ХХК-иас нийт 56,950,200 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... 2015-05-30-ны өдрийн  БНГ-05/02-09 дугаар гэрээний дагуу 2015-05-30-ны өдрөөс 2015-07-10-ны өдрийн хооронд нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 37,920,000 төгрөг, алданги 18,960,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70.200 төгрөг авна...” гэжээ.    

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... актад 2015-7-22-ны өдөр гэж байгаа боловч нотариат 06 сарын 20 гэсэн байгаа уг баримт хуурамч байна... төлбөрөө бүрэн төлж байж бүтээгдэхүүнийг авна гэж тохирсон тул төлбөр төлөгдсөн... тооцоо нийлсэн акт хаанаас гаргасныг мэдэхгүй байна.. гэрээний дагуу нийт 60,500,000 төгрөг төлсөн...” гэж маргасан байна.

     Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

     Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Р... ХК бетон зуурмаг нийлүүлэх, ... Си ХХК нь худалдан авах талаар зохигч нар тохирч 2015-05-30-ны өдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, 2015-05-30-ны өдрөөс 2015-07-10-ны өдөр хүртэлх хугацаанд 660 м3 бүтээгдэхүүн нийлүүлэх,  төлбөрийг заасан нөхцөлөөр 2015-07-02-ны өдөр төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.

     Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

     Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзсэн нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

     Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

     Р... ХК “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” 2015-05-30-ны өдрийн гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнээс 37,920,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн нь тогтоогдсон тул шүүх уг мөнгийг ... Си ХХК-иас гаргуулсан нь зөв байна. 

     Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ.

    Талуудын хооронд байгуулагдсан “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” тухай 2015-05-30-ны өдрийн БНГ-05/02-09 дугаар гэрээний 4.5-д “...худалдан авагч уг гэрээнд тогтоосон журмын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2%-тай тэнцэх хэмжээний алданги төлнө...” гэж заажээ.  

    Иймд шүүх хариуцагчаас алдангид 18,960,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. 

  Түүнчлэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 7.8-д “шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах өмгөөлөгчийн болон бусад зардлыг буруутай тал хариуцах...”-р талууд тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-г зөрчөөгүй гэж үзлээ.

    Нэхэмжлэгч нь худалдан авсан барааны үнэ 37,920,000 төгрөг, алданги 18,960,000 төгрөг, бусад зардал 70,200 төгрөг, нийт 56,950,200 төгрөгийг хариуцагчаас шаардсан, уг мөнгийг шүүх гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байх тул “..нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс их мөнгө гаргуулсан..” гэх гомдол үндэслэлгүйгээс гадна баримтгүй байна.  

     Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлох үүргийг хариуцагч хүлээнэ. Шүүх зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэр гаргана. Иймд шүүх зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ. 

     Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. 

     Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00526 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 809 дүгээр магадлалыг   тус тус хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 252,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ