| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00329/и |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 345
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 305 тоотод оршин суух Орлой цагаан овогт Буржгарын Бүлтэн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.20-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бүлтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Орлой цагаан овогт Буржгарын Бүлтэн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1981-1984 онуудад Дорнод аймгийн ХАА-н техникумыг төгсөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр 1984-1988 оныг хүртэл ажиллаж байсан. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн конторт 1988.08.01-ээс 1994 оныг дуустал зочид буудлын жижүүрээр ажиллаж байсан. 1992 онд ажиллаж байсан газар хувьчлагдаж Жаахан шарга ББХК болж тэнд зочид буудалд жижүүр хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 1984-1988, 1988-1994 оныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Орлой цагаан овогт Буржгарын Бүлтэнг 1984.08.01-ээс 1985 оныг хүртэл, 1986 оны 9 дүгээр сараас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малын бага эмчээр, 1988.08.11-ээс Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт зочид буудлын жижүүрээр 1992.12.21-ныг хүртэл, 1992.12.21-ээс Жаахан шарга ББХК-нд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар болон аймгийн Архивын тасгийн 2017.05.03-ны өдрийн 165/15 тоот архивын лавлагаа, орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988.08.11-ний өдрийн 98 дугаартай “ Ажилд авах ба ажлаас чөлөөлөх” тухай тушаалын хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн конторын даргын 1992.12.21-ний өдрийн 108 тоот “Харьяалал өөрчлөх тухай”. . .Зочид буудлын үйлчилгээ нь аймгийн өмч хувьчлалын шийдвэрээр Жаахан шарга ББХК худалдан авсан тул ажилчдын орон тоогоор нь ажлын байрны хамт тус компаний мэдэлд харьяалуулсан” тушаалын хуулбар, аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017.05.22-ны өдрийн 1/208 тоот ОСНААК нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай тодорхойлолт зэргээс гадна гэрч Я.Сумъяагийн шүүхэд өгсөн “ . . . Бүлтэн бид хоёр 1981 онд Онгон сумын 10 жилийг цуг төгссөн. Б.Бүлтэн нь 1988.08.01-ээс Сүхбаатар аймгийн буудалд жижүүрээр 1994 оныг дуустал ажиллаж байсан. Өмнө нь Дарьганга суманд малын бага эмчээр ажиллаж байсан гэсэн. Би тэр үед Дарьгангад байгаагүй болохоор сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч М.Гомбо-Очирын “. . . Б.Бүлтэн 1982-1987 оныг хүртэл Дарьганга суманд малын бага эмчээр ажиллаж байсан. Намайг мал маллаж байхад ирж малд тарилга хийдэг байсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
Харин 1985, 1986 оны 9 дүгээр сараас бусад сарууд болон 1987, 1988 оны 8 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан талаар хангалттай нотлох баримт ирүүлээгүй учир ажилласан гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрхи он жилүүдэд ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Орлой цагаан овогт Бужгарын Бүлтэнг 1984.08.01-ээс 1985 оныг хүртэл, 1986 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд малын бага эмчээр, 1988.08.01-ээс Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт зочид буудлын жижүүрээр 1992.12.21-ийг хүртэл, 1992.12.21-ээс Жаахан шарга ББХК-д жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.Бүлтэн 1985, 1986 оны 9 дүгээр сараас бусад сарууд болон 1987, 1988 оны 8 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Б.Бүлтэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бүлтэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ