| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00327/и |
| Дугаар | 353 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 353
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг Хонгор гэх газар нутаглах Юмжир овогт Шархүүхэний Түвшинжаргал
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.18-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Бат-Очирыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Юмжир овогт Шархүүхэний Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Би 1986-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт нь 1 хүний гараар бөглөгдсөн байгаа гээд шүүхээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд миний 1986-1995 онуудад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Юмжир овогт Шархүүхэний Түвшинжаргал нь 1986 оны 2 дугаар сараас 1991.11.21-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991.11.21-ээс 1993.07.23-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993.07.28-аас 1995 оныг хүртэл тус сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.02.06-ны өдрийн 33/15 тоот лавлагаа болон гэрч Н.Долгорын шүүхэд өгсөн “ . . . Ш.Түвшинжаргал нь Уулбаян сумын хүн. 1985 онд манай сумын бэр болж ирээд Эх орны төлөө нэгдэлд 1986-1995 оныг дуустал малчнаар ажилласан. Хонь ямаа малладаг байгаад сүүлдээ тэмээ хариулдаг болсон. Түвшинжаргалын нөхөр Батмөнх гэдэг хүн байдаг. Тасралтгүй мал маллаж байгаа. Бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтөрийн шүүхэд өгсөн ”Ш.Түвшинжаргал нь Уулбаян сумаас манай сумын Батмөнхтэй сууж 1985 онд ирсэн. Түвшинжаргалын нөхөр бид 2 нас чацуу улс. 1981 онд хамт цэрэгт явж байсан. Ш.Түвшинжаргал бол нөхрийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1986-1995 оныг дуустал мал маллаж байсан. Түвшинжаргалын ээжийг Шархүүхэн гэдэг. Би бага наснаасаа сургуулиас гарч нэгдэлд мал маллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ.” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ш.Түвшинжаргал нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Юмжир овогт Шархүүхэний Түвшинжаргал нь 1986 оны 2 дугаар сараас 1991.11.21-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991.11.21-ээс 1993.07.23-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993.07.28-аас 1995 оныг хүртэл тус сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Ш.Түвшинжаргалыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Түвшинжаргал нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ