Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 354

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Онгон сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Гончигийн Бат-Орших

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Бат-Очирыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Гончигийн Бат-Орших шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний би 1983-1986 онд Төв аймгийн Сэргэлэн сумын дивезьд цэргийн алба хааж 1986.11.01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 1994 онд орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. Ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг архиваас авсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, архивын лалвагаа олдоогүй байгаа тул намайг 1986.11.01-ний өдрөөс 1994 оныг дуустал Дорнод аймгийн гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Боржигон  овогт Гончигийн Бат-Орших нь 1986.11.01-ээс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл Дорнод аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн гал командад гал сөнөөгчөөр ажиллаж байсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2014.01.20-ны өдрин 02/142 тоот лавлагаа / ажилд томилогдсон тухай /, 1988, 1989 онуудад шагнагдсан диплом, баярын бичиг, цалингийн тодорхойлолт зэргээс гадна гэрч Д.Сайнбуянгийн шүүхэд өгсөн “ . . . Ахлах ахлагч Д.Сайнбуян би 1979 онд Дорнод аймгийн төв гал командад гал сөнөөгчөөр ажиллаж байхад Гончигийн Бат-Орших нь 1986 онд гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Бат-Орших нь 1992 онд Цахилгаан станцын галын постод бага даргаар томилогдон ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд 1996 онд орон тооны цомхтголоор ажлаас халагдсан юм. Одоо Сүхбаатар аймгийн Онгон суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамт мал малладаг. Г.Бат-Орших нь 1986-1994 оныг хүртэл тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг, гэрч Г.Нэргүйн шүүхэд өгсөн ” Би Дорнод аймгийн Төв гал командад 1977 онд гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Г.Бат-Орших бол 1986 онд гал сөнөөгчөөр ажилд ороод 1996 онд бүтэцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Г.Бат-Орших нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагатай, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, манай байгууллагын тэргүүний ажилтан байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

 

Харин 1991 оны 05 дугаар сараас 1994 оныг дуустал ажиллаж байсан талаар хангалттай нотлох баримт ирүүлээгүй учир ажилласан гэж үзэх боломжгүй байна. Иймд дээрхи он жилүүдэд ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч Г.Бат-Оршихийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Гончигийн Бат-Оршихийг 1986.11.01-ээс 1991 оны 5 дугаар сарыг хүртэл Дорнод аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн гал командад гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

 

2. Нэхэмжлэгч Г.Бат-Орших нь 1991 оны 05 дугаар сараас 1994 оныг дуустал ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Г.Бат-Оршихийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Бат-Орших нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ