Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 355

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар баг Дэнжийн 13-25 тоотод оршин суух Ёндон овогт Дашийн Өлзиймэнд

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.25-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Өлзиймэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Бат-Очир нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Ёндон овогт Дашийн Өлзиймэнд шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга дарагдаагүй байгаа юм. Анх бол туулай малладаг байсан. Сүүлдээ хоньчин болсон. Иймд намайг 1988-1992 онуудад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Ёндон  овогт Дашийн Өлзиймэнд нь 1988 оноос 1992.08.01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Архивын тасгийн 2012.01.24-ний өдрийн 31/15, 2012.01.27-ны өдрийн 43/15 тоот архивын лавлагаанууд болон гэрч Ш.Цэцэгдэлгэрийн шүүхэд өгсөн “ . . . Д.Өлзиймэнд нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1988-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад 1987-1990 оныг хүртэл малчнаар ажилласан. Манайхан Авдарын гол, Дал цагаан айраг гэдэг газруудаар айл саахалт байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч  Д.Өлзийбүрэнгийн шүүхэд өгсөн ”. . . Д.Өлзиймэнд 1988 онд илгээлтээр хөдөө гарч Асгат сумын Соёмбо нэгдэлд туулай маллаж байсан. Дараа нь 1989 оноос 1994 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би Асгат сумын Соёмбо нэгдэлд 1978-1994 оныг хүртэл малчнаар ажилласан. Өлзиймэнд 1989 оноос манай туслах малчин болсон юм. Иймд би ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх  мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Өлзиймэндийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ёндон  овогт Дашийн Өлзиймэндийг 1988 оноос 1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Д.Өлзиймэндийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзиймэнд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ