Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0121/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Ж овогт С-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 06-ны хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж овогт С-ийн Б /РД: .............. /, ......... оны ......... дугаар сарын ...... -ны өдөр ....... аймгийн ..........  аймагт төрсөн, ......  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , .......... ийн хамт ....... аймгийн ........ сумын ......  дүгээр баг, ...... дугаар гудамжны .......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын .....  дугаар багийн ...... дугаар гудамжны ..... тоотод төрсөн ах С.Б-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.А  руу шилэн аяга шидэж эрүүл мэндэд нь баруун шанаа, дух, баруун  нүдний дээд зовхинд шархнууд, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-ийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000153 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-5 тоот/,

 

Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед гаднаас өөрийн төрсөн дүү Бы хамт согтуу орж ирсэн. Тэгэхээр нь тэр хоёрт аяганд ундаа хийж өгөөд тэр хоёр гэрийн хоймор суусан. Тэгж байтал манай нөхөр уйлаад эхлэхээр нь “Чи яагаад уйлаад байгаа юм” гэж асуутал “Манай гэрийн байдал, байгаа царайг хараач” гэхээр нь миний дургүй хүрээд Б-ийг “Чи гарч зайл” гэж хэлсэн чинь Б намайг гэрээсээ хөөлөө гэж хэлээд намайг гэрийн баруун талд угаалгын машинд хувцас угаагаад зогсож байхад ундаа ууж байсан аягаа над руу шидсэн. Тэр нь миний баруун хөмсөг байсан хэсгийг оноод хагарсан ба миний хацар зүсэгдсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Гэрч С.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  мэдүүлсэн: “...Манай хамгийн бага дүү 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аавыгаа нутаглуулсан газарт очих зорилгоор Увс аймгийн Улаангом сумаас Дархан-Уул аймагт ах С.Б-ын гэрт ирсэн байсан ба намайг хүрээд ир гэхээр нь 16 цагийн үед очсон. Тэгээд бид гурав Номгон сумаас Баяндавааны ар гэх газраас төрсөн дүү Батзоригийг очиж аваад хамтдаа аавыгаа нутаглуулсан газар дээр очсон. Тэнд нэг цаг гаран болоод буцаж С.Б-йн гэрт ирж хоол цай идэж уучхаад 0,75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд дүү Б бид хоёр манайд очиж хонохоор явсан. Ингээд 20 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ороход миний эхнэр А  нь гурван хүүхдийн хамт байсан. Би эхнэртээ “Дүү Увсаас ирлээ. Цай хоол хийгээд өг” гэж хэлтэл эхнэр маань шууд цай биш ундаа аягалж өгсөн. Тэгэхээр нь “Чи холоос ирсэн хүнд ундаа биш цай аягалж өгөөч” гэж хэлсэн чинь эхнэр надад зайл гэж хэлсэн. Тэгсэн чинь миний дүү Б өөрийг нь хэлж байна гэж ойлгоод ундаа ууж байсан аягаа эхнэрийн толгой руу шидсэн чинь манай эхнэр уурлаж орилж хашхираад дүү Б руу дайрахаар нь би дундуур нь ороод салгаад байж байтал Б гэрээс гараад явчихсан. Тухайн үед манай эхнэрийн толгойн баруун чамархай хэсэгт зүсэгдчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай “...Б.А-ийн биед баруун шанаа, дух, баруун нүдний дээд зовхинд шархнууд, зулгаралт тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. Уг шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

С.Б-ы яллагдагчаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний мэдүүлсэн: “...Би Увс аймгаас 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт өөрийн найзын хамт ирсэн. Дарханд ирээд өөрийн төрсөн ах нар болох С.Б , С.Б , С.Б нарын хамт аавыгаа нутаглуулсан газар дээр очоод орой 20 цагийн үед ирээд хамт Батзоригийн гэрт очсон. Б ахын гэрт ороод бид нар хоол цай идэж уучхаад 0,75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Архиа ууж дуусаад би Б ахынд хонохоор түүнтэй хамт гэрт нь очсон. Б ах бид хоёрыг гэрт нь ороход түүний эхнэр А гэртээ хувцсаа угаагаад байж байсан. Гэрт нь вино уудаг хундаганд ундаа хийж уугаад сууж байтал ах эгчид хандан “Гэр орноо өөд нь татаж чадахгүй байна” гээд уйлаад уурлаад хэрэлдээд байхаар нь би барьж байсан виноны хундагаа эгч рүү шидсэн. Шидсэн хундага эгчийн толгойг оносон толгойноос нь цус гараад эхэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Эгчийн толгойн баруун чамархай хэсэг зүсэгдэх шиг болсон.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч С.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А  нь шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэх үед гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлэхгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт С-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР