Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 359

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Уулбаян сумын 1 дүгээр багийн харьяат одоо Мөнххаан сумын 5 дугаар баг Ширээгийн булаг гэдэг газарт оршин суух Орлой овогт Сумъяагийн Түмэннаст

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.25-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэжлэгч С.Түмэннаст, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Орлой овогт Сумъяагийн Түмэннаст шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1972 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 7 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр малчин болж мал маллаж байгаад 1975 онд цэрэгт явж цэргийн алба хааж ирээд малчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1981-1990  онуудад мал маллаж байхдаа авч байсан цалин хөлс бүрэн бөглөгдсөн дэвтэр байгаа боловч миний овог Сумъяаг давхарлаж бичснээс болоод болохгүй байгаа юм. Гэрч нар намайг 1972 оноос ажилласан гэдгийг 1982 он гэж андуурч буруу мэдүүлсэн байна. Би улсаас өгсөн 10 жил, 1981-1991 онуудад ажилласан жил, цэргийн 3-н жилээ нийлүүлээд бүрэн тэтгэврийн хэмжээнд хүрч байгаа тул миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Орлой  овогт Сумъяагийн Түмэннаст нь 1981-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Ган-Очирын шүүхэд өгсөн “ . . . С.Түмэннастын аав ээж нь малчин хүмүүс байсан. С.Түмэннаст 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин болж нэгдэл тартал мал малласан. Аав нь Жалхаа, ээж нь Сумъяа гэдэг хүмүүс байсан. Мал малласаар өдийг хүрсэн. Малчин байх хугацаандаа цэрэгт явсан. Бусад үед нь байнга мал маллаж байсан. Би Уулбаян сумын АДХГЗ-ын нарийн бичгийн дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга зэрэг ажлуудыг хийж байсан болохоор С.Түмэннастын ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч С.Санжаажавын шүүхэд өгсөн ” . . . С.Түмэннастын аав ээжтэй нь хамт нэг нутаг усанд мал маллаж байсан болохоор С.Түмэннастыг бага байхаас нь мэднэ. Насаараа л мал малласан. Уулбаян сумын Баян бригадад төлөг, эм хонь маллаж байсан. Манайхан нэг нутаг усанд Яргайт, Үүдэн гэдэг газруудад нутаглаж байсан юм. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1968-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Түмэннастын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Орлой овогт Сумъяагийн Түмэннастыг 1981-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Ж.Цагааны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Түмэннаст шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ