Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0025/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д-ийн А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118002480379 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн А /РД: ........... /, ........  оны .....  дугаар сарын ....... -ний өдөр .........  аймгийн ..........  суманд төрсөн, ..........  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , эцэг, эх, хүүхдүүдийн хамт ........ аймгийн .......... сумын .... дүгээр баг, .........  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .....  дугаар багийн ... дугаар брак байрны ..........  тоотод оршин суух иргэн Б.Б-ын Хаан банкны виза картнаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан 500,000 төгрөгийн хохирлыг ээжээсээ авч төлсөн.” гэв.

 

Эрүүгийн 2118002480379 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, Д.А-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, хохирогч Б.Б-ын Хаан банк дань дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 19-21 дэх тал/ зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.А-т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 04, 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг Магнолиа дэлгүүрийн хажуу талд Шинэ Дархан чигт явдаг автобусны ар талд явган хүний замаар явж байтал үл таних эмэгтэй гар утсаараа яриулаач гэхээр нь гар утсаараа яриулсан. Тэгээд тэр эмэгтэйтэй танилцаж хонох газаргүй гэхээр нь гэртээ дагуулж очсон. Тэр эмэгтэй манайд хоноод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын тамгын газар руу явах болоод хамт гарсан. Тэр эмэгтэй замаараа Их дэлгүүр ороод 1 давхраас гоо сайхны юм аваад өгөөч гэхээр нь би данснаасаа нүүрний тос, уруулын будаг зэрэг 70,000 гаран төгрөгийн эд зүйл авч өгсөн. Тэр эмэгтэй орой 18 цагийн үед найзтайгаа уулзана гээд гэрээс гарч яваад 23 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд өлсөөд байна гэхээр нь би дэлгүүр дагуулаад Дархан сумын 8 дугаар багт байрлах Магнолиа дэлгүүр рүү яваад 1кг бууж, кофе аваад буцаад гэртээ ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өглөө би ажил хөөцөлдөх гээд гэрээсээ гарч нөгөө эмэгтэй манайд үлдсэн. Намайг хоол хийж өгөхөд тэр эмэгтэй хоол идэхгүй байсан бөгөөд гоймон идмээр байна. Пиво ууя гэхээр нь хамт дэлгүүр гаръя гэсэн чинь Картаа өгчих гэхээр нь Хаан банкны ...............  дугаарын данстай картаа өгөөд нууц үгийг нь хэлээд гаргасан. Тэгсэн тэр эмэгтэй удалгүй дэлгүүрээс чанадаг гоймон, 1 том савтай пиво авч орж ирсэн. Бид хоёр унтахаасаа өмнө авчирсан пивыг нь уусан. Би тухайн үед 01 цагт унтсан бөгөөд тэр эмэгтэйг унтахгүй юм уу гэсэн чинь жаахан байж байгаад унтана гэж хэлсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед сэрэхэд нөгөө эмэгтэй байгаагүй бөгөөд миний данснаас 300,000 төгрөг, 200,000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь би Хаан банк руу залгаад виза картаа хаалгасан. ...Би хохирлын мөнгө болох 500,000 төгрөгийг хүлээн авсан тул надад гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 15 дахь тал/,

 

Хаан банк дахь Б.Б-ын эзэмшлийн ...............  тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

Д.А-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 08 дугаар сарын эхээр Булган аймгаас Дархан-Уул аймагт өөрийн найз Т-тай уулзах гэж ирсэн. Тэгээд найзтайгаа уулзаж чадаагүй. Сар өдрийг нь санахгүй байна. Дүүжин гүүний тэр хавьд явж байгаад нэг ахтай танилцаад хамт караокед орж 2 шил пиво уучхаад тэндээсээ гараад нэг кафед орж сууж байгаад нөгөө ахын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь нөгөө ах ажилдаа яваад би гэрт нь ганцаараа үлдсэн. Өдөр нь тэр ахыг ирэхээр нь хамт гадуур явж байгаад би 70,000 төгрөгөөр гоо сайхны бараа авахуулаад тэр ахын гэрт 2-3 хоног амьдарсан. 2021 оны 08 дугаар сарын 03-ны орой нөгөө ах ажилдаа явж ирээд бид хоёр цуг тэдний гэрийн ойролцоо байдаг дэлгүүр ороод 1 ширхэг гоймон, хоёр ширхэг пиво аваад гэрт нь орсон. Бид авсан пивоо уугаад байж байтал нөгөө ах согтоод унтчихсан. Тэгэхээр нь тэр ахын Хаан банкны виза картыг аваад гэрээс нь гарч Дарханы нэг дэлгүүрийн хажуу талд байдаг АТМ-аас 500,000 төгрөгийг бэлнээр нь авч Орхон аймаг руу явсан. Тэндээ буудалд хоночхоод маргааш нь Булган аймаг руу явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сумын.  дугаар баг ......  дугаар брак байрны .......  тоотод оршин суух иргэн Б.Б-ын Хаан банкны виза картыг нууцаар хууль бусаар авч картаас нь нийт 500,000 төгрөг авч бусдад  бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах зорилгын улмаас үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 500,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/128 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгчийг эрэн сурвалжилж, Булган аймгаас шүүхэд авчирсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зардлыг шүүгдэгчээс тооцон гаргуулах боломжгүй байна. 

Харин Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь шүүгдэгч Д.А-ийн эрэн сурвалжлахад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т 01 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Днь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Д.А-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Д.А-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 07 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Булган аймгийн Булган сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-т холбогдох 2118002480379 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлж, шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б........ овогт Д......... ийн А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээ, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 07 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

 4. Шүүгдэгч Д.А-т шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Булган аймгийн Булган сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.А нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР