| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00330/и |
| Дугаар | 358 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 358
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 8 дугаар баг Сайн хашаат гэдэг газарт оршин суух Мөр овогт Жамбалсүрэнгийн Цагаан
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.07.19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэжлэгч Ж.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Бат-Очир нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Мөр овогт Жамбалсүрэнгийн Цагаан шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1972-1976 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэлгэр бригадад хонь маллаж байгаад цэрэгт явж цэргийн алба хааж ирээд дахин малаа малласан. 1980 онд адуу маллаад Мааньтад аваачиж тушааж байсан. 1982-1992 онд үхэр маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1979-1992 оныг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Мөр овогт Жамбалсүрэнгийн Цагааныг 1972 оноос 1976 оны 4 дүгээр сарыг хүртэл, 1979 оны 10 дугаар сараас 1992 оны 2 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.07.17-ны өдрийн 26/15 тоот архивын лавлагаа болон гэрч Ч.Гирагийн шүүхэд өгсөн “ . . . Ж.Цагаан нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1971-1992 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Би 1970-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.Цагаан үхэр, би адуу маллаж байсан. Булагууд, Тэрэмийн уулын наад доогуур нутаглаж байсан. Манайхан айл саахалт нэг нутаг усанд хар багаасаа л хамт өссөн улсууд болохоор Ж.Цагааны ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхцэцэгийн шүүхэд өгсөн “. . . Ж.Цагаан нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1972-1992 оныг хүртэл тасралтгүй мал малласан. Би бага наснаасаа аав ээжийнхээ хамт мал маллаж өссөн. Ж.Цагаан нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор Ж.Цагааны ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Цагааны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мөр овогт Жамбалсүрэнгийн Цагааныг 1972 оноос 1976 оны 4 дүгээр сарыг хүртэл, 1979 оны 10 дугаар сараас 1992 оны 2 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цагааны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цагаан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ