Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0135/Э |
Дугаар | 2022/ШЦТ/145 |
Огноо | 2022-04-18 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0135/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт Б овогт Ц-ны Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ы Б /РД: ..... /, .. оны ... дугаар сарын ......-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , .......... хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг, ........... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн ........ оны. .... дүгээр сарын .... -ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 04 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ц.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр багийн .......... тоотод хамтран амьдрагч Ц.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, хөлд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлсэн: “Өмнө нь хэргт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218000000170 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 17, 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 03 угаар сарын 15-ны өдөр Дархан сумын ..... дүгээр баг, ............. тоотод хамтран амьдрагч Б-ын төрсөн дүү Ө-тай Соёрхол нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Ө бид хоёр архиа уучхаад байж байтал Б гаднаас ирнэ гэж хэлэлгүйгээр гэнэт ороод ирсэн. Тэгээд намайг дүү Ө-гаа хардаад гараараа толгой тархи, нүүр ам цээж, хөл, гар руу цохиж зодсон. Бараг 20 минут зодоон болсон. Б-ыг намайг зодож байхад Ө гараад явчихсан. Тэгээд намайг гэнэт зодохоо болиод хэсэг байж байгаад дахин нүүр, ам, бие рүү гараараа цохиж зодоод намайг гэрээсээ гаргахгүй явуулахгүй байлгаад байсан. Б өмнө нь намайг зодож байгаагүй. Анх удаа ийм асуудал гаргаж байна. Надад эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие цаашид Б-тай хамтран амьдрах бодолтой байгаа тул энэ хэрэгт гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,
Гэрч С.М-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед миний төрсөн дүү Д-ийн том хүү С залгаад ээж гаднаас зодуулсан байдалтай ороод ирлээ. Та гялс хүрээд ирээч гэж хэлсэн. С-ыг дагуулаад гэрт нь очиход Д хэвтэж байсан. ...Д-тай ярилцаад юу болсон талаар асуухад “Б хөдөөнөөс ажлаасаа ирсэн. Хамт архи ууж байгаад түүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б-аас асуусан чинь “Манай дүүтэй цуг манай гэрт архи ууж байхаар нь би зодсон” юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Миний дүү Б нь Д-тай сүүлийн 2-3 жил холбоотой байгаа. Миний мэдэхээр 2021 оны 05 дугаар сараас эхлэн архи уухгүй яваад байсан ч саяхнаас архи уугаад эхэлсэн. Архи уугаад л ийм хэл ам гарсан. Миний ойлгож, бусдаас сонссоноор бол Б нь Д-г хардсанаас болж архи уугаад зодсон юм байналээ. Урьд өмнө нь зодож байсан асуудлыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.С-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны орой 00 цагийн үед манай ээж гэртээ ганцаараа согтуу архи үнэртүүлчихсэн нүүр ам нь хөх няц болчихсон байдалтай орж ирсэн. Ээжээс юу болсон талаар асуухад юм хэлэхгүй чимээгүй байгаад байсан. Тэгээд орж ирээд удалгүй нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад байхаар нь би нөгөө хамтран амьдрагч гэж явдаг Б нь зодсон юм байна гэж бодсон. Мядагмаа эгч бид хоёр Баас юу болсон талаар асуусан чинь “Д өөр хүн амьтантай шалдан нүцгэн хэвтэж байхаар нь хардаад зодчихсон юм аа” гэж хэлсэн.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Гэрч Ц.Ө-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарн 15-ны өдөр Дархан суманд байдаг миний төрсөн ах болох Б-ын гэрт байж байтал 14 цагийн үед бэр эгч болох Д гэртээ орж ирэхдээ нэг шил архи аваад орж ирээд ууж байснаа унтаад өгсөн. Тэгсэн миний төрсөн ах болох Б миний гар утас руу залгаад надад хэлэхдээ “Бэр эгчээ битгий явуулаарай. Би Алтанбулаг сумаас гараад очиж байна” гэж хэлээд шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд бэр эгч Д-д уурлаад “Чи амьдралаа бодохгүй архи уулаа. Хүн ажил төрөл ихтэй байхад” гэж хэлээд уурлаад байхаар нь би гараад явсан. Сүүлд төрсөн ах Б-ыг эхнэрээ зодсон гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай “...Ц.Д-ийн биед тархи доргилт, нүүр, баруун гарын шуу, хөлөнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Д-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Ц.Б-ын яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дархан сумын ..... дүгээр баг, ....... тоотод гэртээ яваад орсон чинь орон дээр миний хамтран амьдрагч Д болон төрсөн дүү Ө нар нь архи уучихсан согтуу байдалтай бүсэлхийнээс доош хувцсаа тайлчихсан байдалтай хэвтэж байхаар нь ширээн дээр байсан архинаас өөртөө хийж уугаад Д дээр очиж “Чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд уурандаа нүүр ам руу нь цохисон. Тэр үед Ө надаас айгаад зугтаад явчихсан. Тэр орой би Д-г зодож хоноод унтаж байгаад маргааш үдээс хойш нь гэр лүү нь явуулсан. Би Д-г зодсон үйлдэлдээ гэмшиж байна. Буруугаа ухамсарлаж байна. бид хоёр хоёулаа амьдралаа алдсан учраас цаашид хамт амьдрах бодолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч Ц.Д нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Ц.Б-аас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ны Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР