| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00344/и |
| Дугаар | 365 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 365
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Дарьганга сумын 1 дүгээр багт оршин суух Чандмань овогт Дашдэндэвийн Буд
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.09-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Буд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Чандмань овогт Дашдэндэвийн Буд шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1978 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын 10-н жилийг төгсөөд ЗХУ-ын Украйнд ХАА-н ТМС-ийг төгсөж ирээд Төв аймгийн Цээл сумын Залуучууд САА-д тракторчноор 1980 оны 6 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж 3-н жилийн алба хааж ирээд 1983 оны 10 дугаар сараас ЭХГ-т түргэн тусламжийн автогражид галчаар 1984 оны 5 дугаар сарыг хүртэл ажилласан. 1984 оны 5 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг хүртэл Баруун-Урт хотын захиргааны хот тохижуулахад тракторчноор ажилласан. Иймд дээрх онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Чандмань овогт Дашдэндэвийн Буд нь 1979 оны 10 дугаар сараас 1980 оны 07 сарыг хүртэл Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” САА-д тракторын жолооч, 1983 оны 10 дугаар сарын 18-аас 1984 оны 5 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын Автогражийн уурын зууханд гачигараар, 1984 оны 11 дүгээр сараас 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хот тохижуулах тасагт тракторчнаар ажиллаж байсан болох нь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1983.10.14-ний өдрийн 112 тоот “томилох, шилжүүлэх тухай” тушаал, 1984.05.09-ний өдрийн 42 тоот ”Томилох шилжүүлэх тухай”, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1984.11.06-ны өдрийн 45 тоот “ Хариуцлагатай жижүүр томилох тухай” захирамжийн хавсралтын 9-д Д.Будын нэр бичигдсэн, 1985.04.30-ны өдрийн 23 тоот “Дежур томилох тухай” захирамжийн хавсралтын 10 дугаарт Будын нэр бичигдсэн, 1986.10.01-ны өдрийн 65 тоот “Ээлжийн амралт олгох тухай” захирамж, 1987.12.20-ны өдрийн 92 дугаартай “аж ахуйн тооллогын комисс томилох тухай, 1988.11.16-ны өдрийн 83 тоот Ээлжийн амралт олгох тухай” 1989.01.03-ны өдрийн 01 дугаартай ажилчдын “1989 оны ээлжийн амралтын хуваарь батлах” тухай захирамжийн хавсралтын 16 дугаарт “Будыг 03 дугаар сарын 01-ээс амруулах хуваарь гаргасан, 1990.01.12-ны өдрийн 02 дугаартай “Ажилчид ажлаас чөлөөлөх” тухай тушаалын хавсралтыг 10-д Будын нэр бичигдсэн, МХЗЭ-ийн №124796 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар болон гэрч Ш.Эрдэнээгийн шүүхэд өгсөн “ . . . Намайг 1984 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын АДХГЗ-ны хот тохижуулах тасагт ажилчнаар ирэхэд Д.Буд нь тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1989.08.25 хүртэл ажиллаж байгаад Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд сурахаар явсан. Намайг явахад Д.Буд ажиллаад л үлдсэн. Бид хамт ажиллаж байсан болохоор Д.Будын ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Г.Чулуунбаатарын шүүхэд өгсөн “. . . Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын АДХГЗ-ны хот тохижуулах тасагт Д.Буд нь тракторын жолоочоор 1983-1990 оныг хүртэл ажиллаж байсан. Хог ачих, хашаа суулгах зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо ч байгаа хүүхдийн тоглоомын талбайн хашааг хийж байсан. Би Мал эмнэлэгт жолоочоор 1982-1995 оныг хүртэл ажилласан. Бид 2 нэг нутгийнх болохоор бие биенээ сайн мэддэг, манай 2 гэр нэг дор байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.
Нэхэмжлэгч Д.Будын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чандмань овогт Дашдэндэвийн Будыг 1983 оны 10 дугаар сарын 18-аас 1984 оны 05 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын Автогражийн уурын зууханд гачигараар, 1984 оны 11 дүгээр сараас 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хот тохижуулах тасагт тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Д.Буд нь Төв аймгийн Цээл сумын Залуучууд САА-д 1979-1980 онуудад тракторын жолооч, 1990.01.01-ээс 1990 оны 05 дугаар сарыг хүртэл хот тохижуулахад тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан талаархи нотлох баримтуудаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Д.Будын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Буд нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ