Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0141

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Д-ийн Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000170121 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О овогт Д-ийн Д /РД: ......... /, .......  оны .... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл . ... , ............... ийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .......  дугаар хороо ......... дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг устгасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан боловч ажлын хөлсний зөрүү болох 3,100,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Түүнийг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэв.

 

Эрүүгийн 2218000170121 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Ж-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч Ч.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч Б.З-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34 дэх тал/, Д.Д-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчид учирсан хохиролтой холбоотой баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Д-т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 05 дугаар сарын эхээр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих зорилгоор Б.Ж-ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын .......  дугаар баг ..... дугаар хороолол, Барилгачдын өргөн чөлөөний ......  тоотод байрлах 500 мкв газарт хийсэн цэвэр, бохир усны болон дулааны шугамыг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 6,591,250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Би Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020  оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаартай шийдвэрийн дагуу Дархан сумын ....  дугаар баг ..  дугаар хороолол Барилгачдын өргөн чөлөөний ..  дугаар гудамжны ...   тоот ....  гэх нэгж талбарын дугаартай 500 м2 амины орон сууцны зориулалттай газрыг өмчилж авсан. Уг газар нь цэвэр ус, дулаан бохирын шугамд холбогдсон, айл бүрийг тусгаарласан төмөр хашаатай, 3 айлын дунд нэг траншейны худагтай. Би уг газрыг 25 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сард очиж амжихгүй байж байгаад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр хашаандаа байшин барихаар очсон. Тэгэхэд гурван айлын дунд ашиглах зохион байгуулалттай цэвэр ус, дулаан болон бохирын шугам байрлах хэсгийг ухаж аваад ямар ч шугамгүй болгосон байсан. Тэгэхээр нь хажуу айлынхаа буюу уг шугамыг хамт эзэмшдэг З гэх хүнийг олж уулзаад асуухад сайн мэдэхгүй байна, намайг байхгүй хооронд эвдлээд хаячихсан байсан. Тэгээд хажуу талд нь нүх ухаад барилгын суурь хийж байхад нь очиж уулзаад энийг яагаад эвдлээд хаячихваа гэж асуухад хариуцаж байгаа Т  гэх хүн З-т хандан санаа зоволтгүй ээ. Би буцаагаад янзлаад өгнө гэж хэлсэн байсан. Манайх уг газартаа байшингаа барьж өөрсдөө орох гээд тухайн Т  гэх хүнийг хүлээлгүйгээр өөрсдөө засварлаж шинээр хийсэн. Түүний дараа Т гэх хүний утасны дугаарыг олж аваад ....... гэх дугаар руу залгаж ярихад өө тиймээ наад газар чинь миний газар байгаа юм, манай эхнэр жирэмсэн байгаа эхнэрээ төрүүлчхээд очноо, та нар санаа зоволтгүй хохирлыг чинь төлж өгнө байшингаа барьж бай гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ бүр гар утсаа авахаа больсон. Сүүлд энэ оны намар буюу 2021 оны 09 дүгээр сард Т гэх хүн ирж уулзаад одоо би бас барилгаа дуусгах гэж байна санаа зовохгүй байж байгаарай. Би энэ 7 хоногийн хагас сайн өдөр төлбөр тооцоог чинь хийж дуусгана гэж хэлсэн. Ингэж ярьснаас хойш огт холбоогүй алга болсон. Гар утсаа залгахаар ямар ч дугаараас залгасан авдаггүй юм. Тийм болохоор Цагдаагийн газарт хандсан. Би уг цэвэр ус, дулаан бохирын шугамыг хувь хүмүүсээр материалуудыг нь худалдаж аваад хийлгэсэн. Тухайн үеийн ажлын зургууд нь байгаа. Тэр хоолойг засварлахад 9,607,250 төгрөг болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Д ах надтай 2020 оны 04 дүгээр сард Фэйсбүүк атаар холбогдож бид 2020  оны 07 дугаар сард уулзсан. Намайг түүнтэй уулзахад надад хандсан надад үйлчилгээний газар байгаа. Хоёулаа хамтраад юм хийе. Чамд тийм боломж байгаа юу гэж асууж байсан. Тэгэхээр нь очиж үзье. Боломжтой юм байвал хамтраад хийе гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... дугаар хороололд байх нэг газар байсан. хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. тэгээд тэр газрыг үзээд төв зам дагуу болохоор нь боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд өндөр юм бол барьж болохгүй юм байна. Хоёулаа хоёр давхар барилга барьж боломж юм байна гэж ярилцсан. Тэгээд Д ах бид хоёр өөрсдөө харж байгаад нэрийг нь сайн санахгүй байна. нэг хүнээр барилгын зургаа зуруулж барилга барих ажил эхэлсэн. Тухайн ажлыг Д ах хариуцаад үлдсэн. Тэгээд тухайн оны өвөл тэр газар дээр гомдол ирээд байна гэж Д ах хэлсэн. Ойр орчмынх нь айлууд энд үйлчилгээний газар бариулахгүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-т хандан за ахаа тэгвэл бүр болчихъё гэж хэлсэн. ...Ж  гэх хүн надтай холбогдож уулзаад та нар цэвэр ус, дулаан бохирын шугамыг эвдэлсэн байна. Энэ чинь дундын өмч шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд за ойлголоо ахаа. Би нөгөө хамт ажиллаж байгаа хүнтэйгээ ярилцъя гэж хэлсэн. Ж  гэх хүнд учирсан хохирлыг Д ахтай ярилцана. Д ах төлөх ёстой гэж бодож байна. Тэр цэвэр ус, дулаан бохирын шугамыг яг авч байхад нь би бол байгаагүй. Харин дөнгөж ажил эхлээд газраа доошоо ухаж байхад нь л байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: ...Би Эрчим хүч инженерийн шугам сүлжээний байгууламжуудын үйл ажиллагаа болон хотын инженер шугам сүлжээний чиглэлээр бодлого боловсруулах Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Дархан сумын ......... дугаар хороололд иргэдэд газар олгохдоо газар эзэмших хүсэлт өгсөн хүмүүсээс сугалаа гаргасан. Нэг газар нь 24,999,000 төгрөгийн үнэтэйгээр баталсан. Уг  хороололд авсан газар нийт иргэдийн хөрөнгөөр шугам сүлжээ дулаан, цэвэр, бохир усыг татсан. Энэ нь 3-4 айлын дунд худаг хийх төвийн шугамд холбогдохоор зохион байгуулж татсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би Дархан-Уул аймгийн Засаг даргын ажлын албанаас 2018 онд Дархан сумын .... дугаар баг, ...... дугаар хороололд амины орон сууц барих зориулалттай иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий хашаалсан газрыг 25 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байсан. Манай хажуу айл буюу залгаа газарт Ж  гэх залуу байдаг бөгөөд гурван айлын дунд нэгдсэн төвтэй дундын өмчлөлийн инженерийн шугам сүлжээ байдаг. 2020 оны намар миний бие хөдөө ажлаар яваад ирсэн чинь манай дундын өмчлөлийн шугам сүлжээг Б  гэх залуу байшингийн суурь барихын тулд буулгаад эвдлээд нураасан байсан. Тэгэхээр нь Б  гэх хүндээр очиж шугам сүлжээг янзалж өг гэж хэлсэн чинь тэгнэ гэж хэлээд бүтэн жил сураггүй болсон. 2021 оны 05 дугаар сард Ж Б  бид гурав уулзаад яг тухайн газар дээр тухайн шугам сүлжээг янзлуулах талаар ярилцаад Жбайшингаа барихын тулд өөрөөсөө мөнгө гаргаад янзлууллаа шүү гэж хэлсэн чинь би мөнгийг нь төлнө ямар зардал мөнгө гарсан баримтыг нь бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар яваад 2-3 хоноод ирнэ эхнэр төрөх гэж байгаа гэж хэлсэн. Ж байшингаа барихын тулд тус дулааны шугам сүлжээг засахын тулд 9,600,000 төгрөг гаргасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: ...Инженер шугам сүлжээ буюу цэвэр ус, дулаан, бохирын төв шугам нь Аймгийн захирагчийн албаны мэдэлд байдаг. Харин уг газрыг худалдан авсан иргэдийн хашаанд байгаа буюу тухайн айл руу татагдсан шугам нь уг айлуудын өөрийнх нь өмч гэж явна. Уг газрыг анх  худалдан авахад нь худалдан авсан үнэд нь инженерийн шугам сүлжээ буюу цэвэр ус, дулаан, бохирын шугамын төлбөр багтсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ...Б.Ж-ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг ........  дугаар хороолол Барилгачдын өргөн чөлөөний ...... тоот 500м2 газарт угсарсан цэвэр ус, дулаан, бохирын шугамыг үл таних этгээд устгаж гэмтээсэн гэх хэрэгт 38 нарийн сантехникийн шугам хоолой, хаалт, изгон, муфь, бусад материалын зах зээлийн өнөөгийн  үнэ цэнийг тогтооход 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 6,591,250 /зургаан сая таван суун ерэн нэгэн мянган хоёр зуун тавь/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Б.Ж-д газар эзэмшүүлсэн тухай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 04501-2021/00536 дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

Д.Д-ийн яллагдагчаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Манай аавын дүүгийн хүүхдийнх нь хүүхэд болох Н.Б  гэх залуу байдаг. Би Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт цэвэр, бохир ус, дулааны сэлбэг бараа материал нийлүүлж төлбөрт нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ......  дугаар баг, ....  дугаар хороололд байрлах газрыг авсан. Тэгээд өөрийн дүү Б-д хандан би ийм газартай болсон. Хоёулаа энэ газар дээр хамтарч юм хийж гэдэг саналыг тавьсан. Тэгээд уг газар нь амины орон сууцны зориулалттай газар байсныг үйлчилгээний төв болгохоор зориулалтыг нь өөрчлүүлж байсан ба 0,5 га газрыг 161м2 газар нэмж сунгуулж байсан. Тэгээд Б  бид хоёр тухайн газарт үйлчилгээний хоёр давхар барилга барихаар болсон. Тэгээд манай ард талын айлын хүн манай дүү Б-тай уулзаж энд үйлчилгээний зориулалттай барилга бариулахгүй. Энд нэг ч үйлчилгээний зориулалттай газар байхгүй. Амины орон сууцны газар гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Б  бид хоёр дахин Газрын алба болон холбогдох хүмүүстэй нь уулзаж газраа буцаан амины орон сууцны зориулалттай болгосон. Тэгээд амины орон сууцны зориулалтаараа байгаа газарт одоо ямар барилга байгуулж бариагүй байгаа. Барих гэж байсан барилгын доод талдаа гражтай байхаар зохион байгуулалтыг хийж байсан. Тэгээд газраа ухаж гаргасан чинь дулаан, цэвэр, бохир усны шугам манай газарт ороод байсан. тэгэхээр нь би байршлыг нь өөрчлөх гэж авсан. Тэгээд дараа нь шинээр шугамуудыг нь суурилуулъя гэтэл мөнгөгүй болчхоод өдийг хүргэсэн. Хохирлыг яаралтай төлж барагдуулна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг устгах ойлголт нь өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг хэлнэ.  Устгах үйлдлийн улмаас эд хөрөнгийг засаж засварласан боловч анхны байдалд оруулж сэргээх бололцоогүй, аж ахуйн эргэлтээс бүрэн гарсан байдаг. Харин гэмтээх ойлголт нь эд зүйл, өмч хөрөнгийг анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан, ашигт байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хэлнэ. Гэвч дээрх гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн босголтын үед анхны байдалд нь эргүүлэн оруулж болдог ба гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, эзэмшигчид хохирол учирснаар гэмт хэрэг төгсдөг. Хохирогч нь эд хөрөнгөө засварлаж хэвийн байдалд нь оруулсан байх тул шүүгдэгч Д.Д-ийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шууд санаатай, эзэмшигчийн зөвшөөрөлгүй аваагүй дураараа үйлдлийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэгт хохирлыг хэмжээг тогтоохдоо устгагдсан, гэмтээсэн эд хөрөнгийн аж ахуйн ач холбогдол, үнэ өртөгийг харгалзан үзэх нь зүйтэй.

Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 9,607,250 төгрөгийг нэхэмжилсэн ба  хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэхэд хэрэгт 4,922,800 төгрөгийн нотлох баримт авагджээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр 6,591,250 төгрөгөөр тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Д нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 6,591,250 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх тул хохирлын зөрүү 3,016,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Д.Д-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д нь эрхэлсэн тодорхой ажилтай , хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О  овогт Д-ийн Д-ийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР