Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0747

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

               Гомдол гаргагч: “Р” ХХК.

             Хариуцагч: ОӨГ-ын улсын байцаагч Д.Н.

        Гомдлын шаардлага: “ОӨГ-ын улсын байцаагч Д.Нын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Гомдол гаргагч “Р” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “Өмгөөллийн “И” ХХК нь ОӨГ-ын улсын байцаагч Д.Нт холбогдох оюуны өмчийн зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагч нарыг төлөөлж, хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

       “Р” ХХК нь Оросын Холбооны Улсын Хабаровск хотын “Хабаровский завод “Б ДВ” ХК-ийн үйлдвэрлэж буй базалит бүтээгдэхүүнийг 2018 оны эхэн үеэс ОХУ-аас импортлон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулж байна. Гэтэл “М” ХХК нь “Базалит” гэх барааны тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүнд хамаарах онцгой эрхийг 2007 оноос хойш эзэмшиж байгааг үндэслэн “Р” ХХК-иас базалит бүтээгдэхүүнийг борлуулж байгаа үйлдлийг эсэргүүцэж 2018 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Оюуны Өмчийн Газарт гомдол гаргасан. Тус газрын улсын байцаагч' Д.Н нь уг гомдлыг шийдвэрлэхдээ “Р” ХХК-ийн бүтээгдэхүүнийг битүүмжилсний зэрэгцээ 3 сая төгрөгийн торгууль ногдуулсан 1802000395 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ. Тэрээр ийнхүү  шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээр зөрчсөн тул гомдол гаргагч нарын зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

        Нэг. Шийтгэл оногдуулах шийдвэртээ “Р” ХХК нь “Базалит ” барааны тэмдгийн нэрээр чулуун хөвөнг зах зээлд борлуулж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь нотлогдож байна” гэжээ.

         ОХУ 1965 онд, Монгол Улс 1985 онд тус тус нэгдэн орж соёрхон баталсан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц (1883)-ийн 8 дугаар зүйл (Аж ахуйн нэгжийн нэр)-д “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална”, мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасны дагуу Парисын конвенцын гишүүн орон болох Монгол Улсад аж ахуйн байгууллагын нэрийг барааны тэмдгийн нэгэн адил хамгаалахаар зохицуулсан. “Р” ХХК-иас зах зээлд борлуулж байгаа базалит материалаар хийсэн чулуун хөвөнгийн үйлдвэрлэгч болох “Хабаровский завод “Б  ДВ” ХК нь хуучнаар ЗХУ-ын аж ахуйн нэгжийг бүртгэх холбогдох төрийн байгууллагад 1964 онд “Хабаровский завод “Стекловолокно” гэсэн нэрээр анх байгуулагдаж, 2002 оноос хойш Оросын Холбооны Улсад одооны нэрээр бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

        Хоёр. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу “М” ХК нь “Базалит” гэх барааны тэмдгийг өөрийн бараа, түүний сав, баглаа боодолд хэрэглээгүй, “Базалит” гэх барааны тэмдэг бүхий барааг худалдаанд гаргаагүй, уг барааны тэмдгийг интернэт, сурталчилгаанд ашиглаагүй нь баримтаар нотлогдож байгаа болно. “М” ХК нь “Базалит” нэрийг 2007 оны 11 дүгээр сарын 6-нд анхдагч огноог тогтоолгон барааны тэмдгээр бүртгүүлсэн боловч тус компанийн албан ёсны вебсайт (www.basaltwool.mn)-д оруулсан мэдээллээр бол сурталчилж, нийлүүлж буй бүтээгдэхүүн нь “Базалит” биш, харин Basaltwool” гэсэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй байна. Иймээс “М” ХК нь “Базалит” гэх барааны тэмдгийг бүртгүүлсэн хэдий ч эзэмшигчийн онцгой эрх үйлчлэхгүй бөгөөд “М” ХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 болон 12.3.5 дахь хэсэгт заасан онцгой эрхийг эдлэх үндэслэлгүй юм.

         Монгол Улс 1997 онд тус нэгдэн орж соёрхон баталсан Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн II хэсэг (“Оюуны өмчийн эрхийн байдал, хамрах хүрээ, ашиглалтад холбогдох хэм хэмжээ”)-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ” гэж заасан. Хэдий гомдол гаргагч болон холбогдогч  компаниуд ижил төрлийн чулуун хөвөн борлуулдаг боловч уг бараанд хэрэглэж буй “Базалит” ба “Ваsaltwool” нэрсүүд төсөөтэй биш, эрс ялгаатай байхаас гадна компани тус бүрийн борлуулж буй барааны баглаа боодол нь өөр өөр өнгө үзэмжтэй, бараа нь , ондоо гарал үүсэлтэй, өөр өөр борлуулж буй газартай тул хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэдэг нь огт үндэслэлгүй юм.

          Гурав. Улсын байцаагч Д.Ннь “М” ХХК-ийн гомдолтой 1 холбоотойгоор 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 1802000395 дугаартай зөрчлийн 1 хэрэг нээх тухай тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар холбогдогч “Р” ХХК-д мэдэгдэх үүрэг хүлээжээ. Гэтэл тэрээр холбогдогч “Р” ХХК-ид энэ талаар мэдэгдэл хүргүүлээгүй, тогтоолыг гардуулж өгөөгүй юм. Тогтоолыг гардуулж өгсөн талаар тэмдэглэл байхгүй нь зөрчлийн хэргийн материалаар  нотлогддог. Цаашид улсын байцаагч нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 385 ширхэг базалит чулуун хөвөн битүүмжилж, түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Р” ХХК-ийн Ерөнхий менежер Л.С-аас мэдүүлэг авсан зэрэг үйл ажиллагааг явуулсан атал түүнд мөн адил зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдээгүй, тогтоолыг гардуулж өгөөгүй байна (Л.Сонинбаярын мэдэгдлийг хавсаргав). Ийнхүү байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам болон Зөрчил шалган I шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

        Холбогдогч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11 -ний өдөр буюу Пүрэв гарагт дээрх тогтоолтой анх танилцаж, уг  баримтын 4 дахь хэсэгт заасны дагуу тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэдгийг  үндэслэн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  буюу Лхагва гарагт 17237 дугаар гомдол гаргасан. Үүнд “Р” ХХК-ийн үйл  ажиллагаа зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох  талаар дурдсан. Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь 2018  оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 2/187 тоот хариу мэдэгдэлд “... зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын 4 дэх хэсэгт заасан хугацаа (ажлын 5 хоног) өнгөрсөн тул танай  гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. Ийнхүү дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүйн зэрэгцээ хариуцагч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.16 дахь хэсэгт заасан Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын “хуулиар харьяалуулсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх” өөрийн чиг үүргийг биелүүлэх боломжтой1 байсаар байтал огт  үндэслэлгүйгээр уг чиг үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн юм.

        Иймд, “Р” ХХК-ийн “Базалит” нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд борлуулж буй үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийн шинжгүй байх тул 1802000395 дугаартай шийтгэл  оногдуулах шийдвэрийг болон бараа битүүмжилсэн үйл ажиллагааг хүчингүй болгож, “Р” ХХК-д холбогдуулж үүсгэсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь Оросын Холбооны Улсын Хабаровск хотын “Хабаровский завод “Б ДВ” ХК-ийн үйлдвэрлэж буй базалит бүтээгдэхүүнийг 2018 оны эхэн үеэс ОХУ-аас импортлон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулж байна. Гэтэл “М” ХХК нь “Базалит” гэх барааны тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүнд хамаарах онцгой эрхийг 2007 оноос хойш эзэмшиж байгааг үндэслэн “Р” ХХК-иас базалит бүтээгдэхүүнийг борлуулж байгаа үйлдлийг эсэргүүцэж 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны Өмчийн Газарт гомдол гаргасан. Тус газрын улсын байцаагч Д.Н нь уг гомдлыг шийдвэрлэхдээ “Р” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг битүүмжилсний зэрэгцээ 3 сая төгрөгийн торгууль оногдуулсан 1802000395 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ. Тэрээр ийнхүү шийдвэрлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээр зөрчсөн тул гомдол гаргагчийн зүгээс дараах 3 үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

         Нэгдүгээрт, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу улсын байцаагч нь зөрчлийн хэрэг нээсний дараа хохирогчийг тогтоох, хохирогчоос мэдүүлэх авах ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Д.Н нь зөрчлийн хэрэгт хамааралгүй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуулийг зөрчсөн байна. Учир нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг” гэж заасан. Үүний дагуу хавтаст хэргийн 81, 82 дугаар хуудсанд байгаа 6808 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг үндэслэн иргэн Л.Ань 2007 онд бүртгэгдсэн базалит гэх үг нь дээрээ бөөрөнхий дүрс бүхий хосолмол барааны тэмдгийн эзэмшигч байна. Нийтдээ Г.А 4 барааны тэмдгийг бүртгүүлсэн болохоор тусгайлан үзүүлэх маягаар тайлбарлана. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “Зөрчлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Иргэн Г.А-ын хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн бол түүнээс Оюуны өмчийн улсын байцаагч мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл улсын байцаагч нь “М” компаний нэр дээр зөрчлийн хэрэг нээж, тус компанийн захирлаас мэдүүлэг авсан нь хавтаст хэргийн 80,84, 89 дүгээр хуудсуудад авагдсан баримтуудаар нотлогдож байна. “М” компани нь уг барааны хосолмол тэмдгийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй. Бараа эзэмшигчийн онцгой эрх үүсээгүй байхад хуулийн этгээдийн нэр зөрчигдсөн гэж улсын байцаагчийн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Улсын байцаагчийн зөрчлийн хэрэгт хамааралгүй этгээдийг оролцогчоор тогтоосон, зөрчилд хамаарахгүй этгээдэд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд заасныг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2, 6.5.3-т заасныг зөрчсөн. Эдгээр заалтуудад мэдүүлэг гаргагчид ямар шаардлага тавигддаг,  мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол ямар шаардлага тавигдахыг тусгайлан заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4, 12.3.5 дахь хэсэгт шаардах эрхтэй эсэхийг заасан заалтуудыг зөрчсөн.

       Хоёрт, барааны тэмдгийн онцгой эрх үүссэн байж болох боловч онцгой эрх үйлчлэхэд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ёстой байдлыг шалгаагүй орхигдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс “Базалит” хосолмол барааны тэмдгийг Г.Ад онцгой эрх үүсдэг гэдгийг үгүйсгээгүй. Харин уг хосолмол тэмдэгийн хамаарал онцгой эрх бидний тохиолдолд үйлчлэхгүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Учир нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридийн хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг хамгаалуулах гэсэн бараа буюу үйлчилгээг заана, түүнчлэн бололцоотой бол Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрээр тогтоосон олон улсын ангиллын зохих ангилал буюу ангиллуудыг заана.” гэж заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.12-д “барааны тэмдгийн мэдүүлэг гаргахдаа барааны тэмдгийн жагсаалтыг хүсэлтэндээ хавсаргасан байх” гэж тус тус заасан. Энэхүү хосолмол тэмдэглэлийг барааны сав баглаа боодол дээр тусгасан байх ёстой байтал Г.А нь үүнийг ашигласан эсэх талаар хэргийн материалд нотлох баримт огт байхгүй. Улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн үндэслэлийг нотлох үүргийг биелүүлээгүй. “М” компанийн вэб сайтанд оруулсан мэдээллийн дагуу үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний бараа сав баглаа боодол дээр базалит барааны тэмдгийг ашиглаагүй. Харин базалит барааны тэмдгийг оруулсан байсан. Бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг Г.Ат зогсоохыг шаардах эрхгүй. Гуравдагч этгээдийн хариу тайлбарт дурдсанаар бүртгэгдсэн барааны тэмдэгт төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэдэг нь үндэслэлгүй. Бидний тохиолдолд эцсийн хэрэглэгч нь “М” компанийн барааг худалдан авах боломжтой. Нөгөө талаас “базалит” гэх бараагаар авах боломжтой байгаа юм. Барааны нэр огт төсөөгүй байна. Хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан тайлбар үндэслэлгүй.

         Гуравт, “Р” компанийн ашиглаж буй базалит гэдэг үгийн хувьд Г.А-д барааны тэмдгийг онцгой эрх үүсээгүй атал улсын байцаагч онцгой эрх үүссэн мэтээр дүгнэж шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг гэх мэтээр дангаар эсвэл хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно. Нэхэмжлэгч үгийг дангаар хэрэглэсэн. 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г.А гэх үг бөөрөнхий тэмдэг үсэглэлийн хамт барааны тэмдгээр бүртгүүлсэн нь нотлогдож байгаа юм. Базалит гэдэг үгийг дангаар бүртгүүлэхийг Оюуны өмчийн газарт сүүлд хүсэлтээ өгсөн байдаг.

       Оюуны өмчийн газрын улсын байцаагч нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэл оногдуулах үед А-ын хүсэлтэнд хараахан бүртгэгдээгүй шүүлтэнд байсан талаар хавтас хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан мэдээллээр баталгаажиж байна. Улмаар Базалит барааны тэмдгийн талаар онцгой эрх үүсээгүй нь нотлогдож байхад улсын байцаагч үүссэн мэтээр дүгнэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байдал нь хуулийг зөрчсөн. Д.Н-ын шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Б ДВ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б,  “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Х нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч Д.Нби дараах тайлбарыг гаргаж байна.

        “М” ХК-ийн ерөнхий захирал Л.А нь Монгол Улсын шадар сайдын 2007 оны 120 дугаар тушаалаар олгосон 6808 дугаартай “Базалит” барааны тэмдгийн гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эзэмшиж, гэрчилгээний хүчинтэй хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 жилээр сунгуулсан байна. Тус компанийн эзэмшдэг “Базалит" барааны тэмдгийн нэрээр “Р” ХХК-нь “Базалит” чулуун хөвөнг зах зээлд борлуулсан нь Барааны тэмдэг,газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь газар дээрх шалгалт, өргөдөлд авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон тул 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэлийн оногдуулж зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг битүүмжилж, 3 сая төгрөгийн торгууль оногдуулсан болно.

         Нэг. Нэхэмжлэгч “Р” ХХК-иас зах зээлд борлуулж байгаа “Базалит” чулуун хөвөнгийн үйлдвэрлэгч “Хабаровский завод “Б ДВ” ХК-нь Монгол Улс 1985 онд нэгдэн орсон Парисын конвенцод “аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу хамгаалагдана гэжээ.

         Парисын конвенцийн 8 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн нэгжийн нэр тус конвенцод нэгдэн орсон холбооны гишүүн бүх оронд хамгаалагдах асуудал нь аж ахуйн нэгжийн нэртэй холбоотой харилцааг зохицуулсан болно. “Хабаровский завод Б ДВ” ХК аж ахуйн нэгжийн нэр болон уг аж ахуйн нэгжийн нэрэнд “Базалит” гэж үг орсон нь “Базалит” барааны тэмдэгтэй холбоотой зөрчлийн хэрэгт хамааралгүй байна.

          Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг “барааны тэмдэг” гэж заасны дагуу “М” ХК-нь “Базалит” барааны тэмдгийг Монгол Улсад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад тус барааны тэмдэгтэй үг үсгийн зөрүүгүй, бичигдэх, уншигдах байдлын хувьд ялгагдах шинжгүй “Базалит” чулуун хөвөнг “Р” ХХК оруулж ирж зах зээлд борлуулсан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4 дэх хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

       Хоёр. “М” ХК-нь “Базалит” барааны тэмдгийг бүртгүүлсэн хэдий ч эзэмшигчийн онцгой эрх үйлчлэхгүй бөгөөд “М” ХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 болон 12.3.5 дахь хэсэгт заасан онцгой эрхийг эдлэх үндэслэлгүй гэжээ.

        Иргэн Л.А-д 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7428 бүртгэлийн дугаартай, 6808 дугаарын барааны тэмдгийн гэрчилгээг Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 120 дугаар тушаалаар “Базалит” барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг 10 жилийн хугацаатай олгосон байна.

       Гурав. Хяналтын улсын байцаагч Д.Н нь “М” ХК-ийн гомдолтой холбоотойгоор 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1802000395 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар холбогдогч “Р” ХХК-д мэдэгдээгүй, ерөнхий менежер Л.С-аас мэдүүлэг авсан боловч зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх журам болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.

         Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч Д.Н би “М” ХХК-ийн захирал Л.А-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан “Базалит” барааны тэмдгийг ашиглах зөвшөөрлийг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжид олгоогүй болно. Гэтэл “Базалит” нэртэй чулуун хөвөн зах зээлд борлуулагдаж байгаа нь хэрэглэгчийг төөрөлдүүлэх, манай бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж болзошгүй байх ба Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг зөрчиж байна гэх гомдол, мэдээллийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг нийслэлийн хяналтын прокурорт танилцуулсны дагуу хяналтын прокурор 1802000395 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Р” ХХК-ийн агуулахад 385ш зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг битүүмжилж “Р” ХХК-ийн ерөнхий менежер Л.С-т /РД:ЧС62062301/ өөрийгөө танилцуулж, албаны үнэмлэх, зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг танилцуулж, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл 18 цаг 10 минутад үйлдэж, гарын үсэг зуруулсан. “Р” ХХК-ийн ерөнхий менежер Л.С-аас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюуны өмчийн газрын 408 тоот өрөөнд 11 цаг 25 минутад мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан болно “Р” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “И Эл Си” ХХН-ийн өмгөөлөгч Б.Б, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжаргал, өмгөөлөгч Т.Х  нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссан тухай хэргийн материалыг холбогдогчийн өмгөөлөгч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан.

        “М” ХК-ийн ерөнхий захирал Л.А-ын эзэмшдэг, “Базалит” барааны тэмдэгтэй ялгагдах шинжгүй, барааны тэмдгийн ангиллын хувьд адил “Базалит” чулуун хөвөнг “Р” ХХК оруулж ирж зах зээлд худалдан борлуулсан үйлдэл нь холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон. Холбогдогч “Р” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг битүүмжилж, 3 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан болно.

       Иймд 1802000395 дугаартай зөрчлийн хэрэгт хийсэн хяналт, шалгалтын ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй, нийцэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М” компанийн захирал Г.А нь 2007 оны 11 дүгээр сарын 06-ны  өдөр анх Базалит барааны тэмдгийг гэрчилгээг авсан. Тус компанийн эзэмшдэг “Базалит” барааны тэмдгийн нэрээр “Р” ХХК нь Базалит чулуун хөвөнг зах зээлд борлуулсан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь газар дээрх шалгалт, өргөдөлд авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан болно.

        Нэхэмжлэгч “Р” ХХК-иас зах зээлд борлуулж байгаа “Базалит” чулуун хөвөнгийн үйлдвэрлэгч “Хабаровский завод “Б ДВ” ХК нь Монгол Улс 1985 онд нэгдэн орсон Парисын конвенцед “аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу хамгаалагдана гэжээ.

        Парисын конвенцийн 8 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн нэгжийн нэр тус конвенцэд нэгдэн орсон холбооны гишүүн бүх оронд хамгаалагдах асуудал нь аж ахуйн нэгжийн нэртэй холбоотой харилцааг зохицуулсан болно.

      “М” ХК нь “Базалит” барааны тэмдгийг бүртгүүлсэн хэдий ч эзэмшигчийн онцгой эрх үйлчлэхгүй бөгөөд “М” ХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4 болон 12.3.5 дахь хэсэгт заасан онцгой эрхийг эдлэх үндэслэлгүй” гэв.

       Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б миний бие “Р” ХХК, “Хабаровский завод “Б ДВ” ХК-ийн Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

       “М” ХК-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.А нь “БАЗАЛИТ” барааны тэмдгийг 2007.11.06 өдөр бүртгүүлж 6808 дугаартай гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа ба хугацааг 2017.11.06-ны өдөр дахин сунгуулж 2027.11.06 өдөр болгосон байгаа. Энэ хугацаанд Монгол улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж хуульчилснаар барааны эзэмшигчийн онцгой эрх хүчинтэй байгаа болно. Манай компани Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.3.4-т бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-т “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах" гэж заасныг үндэслэн “Р” ХХК-иас “БАЗАЛИТ” нэртэй чулуун хөвөнг нийлүүлэн, худалдаалж буй зөрчлийн тухай гомдол гаргасан болно. Энэхүү гомдлын дагуу Оюуны өмчийн улсын байцаагчийн Д.Н зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, арга хэмжээ авсан нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 1802000395 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “2007 оноос хойш Оюуны өмчийн газарт 4 барааны тэмдгийг бүртгүүлж баталгаажуулсан байдаг. Эдгээр бүгд нь “М” компанийн захирал Г.А-ын нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй. Энэ утгаараа оюуны өмчийн газарт гомдол гаргасан байдаг. Г.А  захирлаас миний эзэмшил дээр байдаг ашигладаг гэх албан бичгүүдийг хүргүүлсэн байдаг. Барааны тэмдгийг 2007 оноос хойш эзэмшиж байгаа юм. Харин нэхэмжлэл гаргаж байгаа компаниуд бол тухайн барааны тэмдгийг олон улсын бүртгэлийн дагуу бүртгүүлсэн бүртгэл бол байхгүй. Аж үйлдвэрийн нэр байдлаар хамгаалж явж байгаа юм. Базалит нэрээр бараа үйлдвэрлээд Орос улсад зараагүй. Олон улсын жагсаалтын дагуу барилгын материалуудыг олон улсын бүртгэлийн дагуу барааны тэмдэг бүртгэсэн байдаг. Жагсаалтанд чулуун хөвөн барилгын материалын хувьд орохоор байгаа юм. Барилгын материалын хувьд манай барааны тэмдгийн хувьд чулуун хөвөн хүчинтэй байдаг.

       Оюуны өмчийн газраас шалгаж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.4 дэх хэсэгт заасан зөрчлүүдийг “Р” компани гаргасан. Нийлүүлсэн барааны тэмдгийг манай барааны тэмдэгтэй ижил байгаа юм. Нийтийн нэршил нь Монгол улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр болоод байгаа юм. Базалиттай төстэй нэрийг бүгдийг баталгаажуулсан байдаг. Нийтээр хүлээн зөвшөөрсөн байдлыг ашигласан гэх зөрчил гарч ирсэн.

          Хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах үндэслэл болсон. Манай компани базалит нэрээр чулуун хөвөн үйлдвэрлэдэггүй. Хэрэглэгчид бол төөрөгддөг асуудал байна. Базалит нэрээр өөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2018 оны 11 сард “Дэ Пакто” нэвтрүүлэгт орсон зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2015 оноос хойш “Р” компани чулуун хөвөн оруулж ирсэн. Гэтэл Базалит нэрээр 2018 оноос хойш гэнэт оруулж ирсэн байсан. Базальт гэдэг нэр нийтэд нилээн түгээмэл болсон. Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

        Гомдол гаргагч “Р” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Х ОӨГ-ын улсын байцаагч Д.Нын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

       Шүүх “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ОӨГ-ын улсын байцаагч Д.Нын 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

         Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс Оюуны өмчийн газрын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийтгэл оногдуулсан, “Базалит” хосолмол барааны тэмдгийг Л.А эзэмшиж онцгой эрх үүсэн гэдгийг үгүйсгээгүй ч бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэдэг үндэслэлгүй, гуравдагч этгээд “Базалит” барааны тэмдгийг үгийн хувьд дангаар нь 2018 онд хүсэлт гаргаж бүртгүүлсэн нь зөрчилтэй гэж, харин хариуцагч “Р” ХХК “Базалит” барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад тус барааны тэмдэгтэй үг үсгийн зөрүүгүй бичигдэх, уншигдах байдлын хувьд ялгах шинжгүй “Базалит” чулуун хөвөнг импортолж зах зээлд  борлуулсан нь үйлчлүүлэгчдийг төөрөгдөлд оруулсан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж тус тус маргаж байна.

             Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 120 дугаар тушаал болон 7428 бүртгэлийн  дугаартай, 6808 дугаарын барааны тэмдгийн гэрчилгээгээр “Базалит” барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг иргэн Л.А-д 10 жилийн хугацаатай олгосон байна.

           Энэхүү “Базалит” гэх барааны тэмдгийг үг, дугуй дүрсний хамт[1] анх 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдагч огноотойгоор үг дүрсний хосолмол байдлаар  бүртгэн баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “Р” ХХК-ийн импортолж борлуулдаг Базалит чулуун хөвөнгийн нэршил бичилт, хэрэглэгчдэд уншигдах байдлын хувьд адилхан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

         Өөрөөр хэлбэл гомдол гаргагч “Р” ХХК “М” ХХК-ийн ерөнхий захирал Л.А-ын эзэмшдэг “Базалит” барааны тэмдэгтэй ялгагдах шинжгүй, адилхан ангиллын нэршил бүхий чулуун хөвөнг импортлон борлуулж байгаа нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэв.

         Барааны  тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:”, 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;”, 13.1.2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;”, 13.1.3-д “барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;”, 13.1.4-д барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол;” гэж хуульчилжээ.

           Хариуцагч ОӨГ-ын улсын байцаагч Д.Н “М” ХХК-ийн захирлын гаргасан гомдол мэдээллийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1802000395  тоот зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэж, прокурорт танилцуулж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна

       Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар холбогдогч тухайн үед гомдол гаргаагүй атлаа энэ үндэслэлээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

           Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг барааны тэмдэг гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч “Р” ХХК “Базалит” нэртэй чулуун хөвөнг ОХУ-аас импортлон борлуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг, гомдол гаргагчийн болон холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна.

         Өөрөөр хэлбэл дээрх барааны тэмдгийг ашиглах эрх нь зөвхөн уг барааны тэмдгийг эзэмшигч “М” ХХК-ийн ерөнхий захирал Л.А-д хадгалагдаж байх тул гомдол гаргагч “Р” ХХК-ийг барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж, барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ ашигласан зөрчил үйлдсэн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

           Түүнчлэн гомдол гаргагч “Р” ХХК импортлон борлуулж байгаа базалит бүтээгдэхүүнээ Монгол Улс 1985 онд нэгдэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”[2]-ийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална.” гэж зааснаар хамгаалагдана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин конвенцийн энэхүү заалт нь аж ахуйн нэгжийн нэртэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд “Базалит” барааны тэмдэгтэй холбоотой зөрчлийн хэрэгт хамааралгүй байна. 

         Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “Р” ХХК “Базалит” барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийлгэж улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад Барааны  тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчин дээрх барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлж, үйлчилгээнд хэрэглэн, сурталчилгаанд ашиглаж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

       1.Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ОӨГ-ын улсын байцаагч Д.Нын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР

 

 


[1] Хэргийн 82 дугаар хуудас

[2] Төрийн мэдээлэл, 2006 он, тусгай дугаар 33 дугаар хуудас