Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2014/0109

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 03 дугаар сарын 05 өдөр       дугаар 109            Улаанбаатар хот

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 490 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь заалтыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" 485 тоот тушаалыг хууль бусад тооцуулж, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 485 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 гэсэн заалт байх ёстой байсныг бичиг хэргийн, техникийн алдаа гаргаж, 26.1.1 гэж бичсэн байсан ба 1 хоногийн дараа буюу мэдсэн даруйдаа залруулсан болно.

“А т” ХХК-ийн өрийн тухайд: Татварын алба Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 29.1.11 -д заасны дагуу Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах ёстой. ТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд дээрх өдөр “А т’’ ХХК-ийн өрийг татварын өрийн программд шивсэн үйлдэл хийгдсэн байдаг боловч, ингэхдээ тэр шивж оруулсан өр нь Үндэсний татварын албаны 2011 оны жилийн эцсийн баталгаажсан өрийн үлдэгдлийн мэдээллийг хөдөлгөж, өрийн мэдээллийг 05 дугаар сарын 17-ныг хүртэл бүртгэлгүй, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байна. Тэгэхээр зөрчил гаргаснаас хойш 6 сар болоогүй /2013.5.17-ноос хойш/, зөрчил илрүүлснээс хойш 1 сар дотор хариуцлага тооцсон тул хуульд бүрэн нийцсэн байна.

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 76 дугаар тушаалаар баталсан “Монгол улсын татварын ажилтны ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шийдвэр гаргаж ажилласан нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 485 дугаартай 2 тушаалыг хүчингүй болгож, Н.Э-ыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Мэдээллийн боловсруулалт статистикийн тасгийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Н.Э-ын ажилгүй байсан 5 сарын цалинг Татварын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 490 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 485 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 гэсэн заалт байх ёстой байсныг бичиг хэргийн, техникийн алдаа гаргаж, 26.1.1 гэж бичсэн байсан ба 1 хоногийн дараа буюу мэдсэн даруйдаа залруулсан болно. Энэ нь нэхэмжлэгч Н.Э-ын гаргасан зөрчил Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулахаар зөрчил байсан гэдгээр нотлогдож нэхэмжлэгчийн дурдаж байгаагаар хүчингүй болгох үндэслэл болохгүй.

б. “А т” ХХК-ийн өрийн тухайд: Татварын алба Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 29.1.11-д заасны дагуу Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах ёстой. Татварын ерөнхий газрын бодлого хэрэгжүүлэгч газар, хэлтсээс заавал энэхүү актын биелэлтийн хангаж ажиллах чиглэл өгөх шаардлагагүй бөгөөд акт хүчин төгөлдөр болсон тохиолдолд тухайн татварын алба ямар ч саадгүйгээр актын биелэлтийн хангах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх ёстой.

в.     ТЕГ-ын даргын 485 дугаар тушаалд "... тус компанийн өрийг мэдээллийн баазад 2013 оны 05 сарын 17-ны өдөр өрийн программд шивж оруулахдаа мөн өдрөөр бус ...” гэсэн нь тушаалаа үгүйсгэж байна гэжээ. ТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд дээрх өдөр “А т” ХХК-ийн өрийг татварын өрийн программд шивсэн үйлдэл хийгдсэн байдаг боловч, ингэхдээ тэр шивж оруулсан өр нь Үндэсний татварын албаны 2011 оны жилийн эцсийн баталгаажсан өрийн үлдэгдлийн мэдээллийг хөдөлгөж, өөрөөр хэлбэл татварын баазруу хандаж мэдээлэл тодорхойлолт авахад 2011 онд өр үүсчихсэн байсан мэтээр хариу өгөхөөр шивэгдсэн байсныг хэлж байгаа болно. Харин зөрчил 2013 оны 5 дугаар сарын 17-нд үйлдэгдсэнийг нотолж байгаа болно.

2. Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайд хандсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хамт олны зүгээс гарт нь гэж хаягласан нэргүй гомдол ТЕГ-ын бичиг хэрэгт 2013 оны 5 сарын 28-нд бүртгэгдэж даргад танилцуулагдсанаар шалгалт хийх удирдамж гаргасан. Улмаар шалгалтыг 6 сарын 6-наас ажлын 2 өдөрт хийх явцад дээрх зөрчлүүд илэрсэн ба 1 дүгээрт: өрийн мэдээллийг 5 сарын 17-ныг хүртэл бүртгэлгүй татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон улмаар Хугацаа алдаж өр шивэхдээ урьд оны татварын албаны хэмжээний батлагдсан өрийн мэдээллийг хөдөлгөж шивсэн зэрэг зөрчил үйлдэгдсэн байна. Тэгэхээр зөрчил гаргаснаас хойш 6 сар болоогүй /2013.5.17- ноос хойш/, зөрчил илрүүлснээс хойш 1 сар дотор /удирдамжийн дагуу шалгалт хийж зөрчлийг 013.6.6-7-нд илрүүлсэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2013.6.27-нд гарсан/ хариуцлага тооцсон тул хуульд бүрэн нийцсэн байна.

3. Татварын ерөнхий газрын дарга Татварын ерөнхий хуулийн 27.6.3, 27.6.4, /27.6.7, 27.6.8/ заасан эрхтэй. ТЕГ-ын даргын 2009 оны 76 дугаар тушаалаар баталсан “Монгол улсын татварын ажилтны ёс зүйн дүрэм”, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шийдвэр гаргаж шалгасан нь хуульд нийцсэн юм.

Дээрх үндэслэлийг нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргаж мэдүүлсээр байтал шүүх татварын албаны тайлбарыг үл харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 490 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдлыг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй золгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй, шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулж, тодруулбал зохих нөхцөл байдлыг нягталж шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 485 дугаар тушаалаар “өрийн мэдээллийг бүртгэлгүйгээр татвараас зайлсхийх боломж олгосон, тайлангаар баталгаажсан онц их хэмжээний өрийг мэдээллийн баазаас арилгах үүрэг өгсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Э-ыг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

“Ж э Ю Г” ХХК-ийн онц их хэмжээний өрийг мэдээллийн баазаас арилгасан гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч нь “энэ мэдээллийг шивэх нь миний ажил үүрэг биш хэдий ч Хуулийн тасгийн даргыг орлож байсан Б.Ундрах байцаагч, мөн Татвар хураалтын тасгийн Ц.Б нар шүүгчийн захирамж гарсан тул мэдээллийн санд оруулж өгөөч гээд хуулийг тайлбарлаж өгсний дагуу мэдээллийг оруулсан”1 гэж, хариуцагч нь “өр хасах нь байцаагчийн биш, Эрсдэлийн удирдлага, мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүрэг, ... өрийг хасахад хэлтсийн даргын тушаал гарах ёстой талаар чиглэл өгч байсан гэж маргажээ.

Татварын бүртгэл, мэдээллийн сангийн дүрмийн 5.1.3.2, 5.1.3.5-д шүүхийн шийдвэрийн бүртгэлийг Хууль эрх зүйн ажил хариуцсан ажилтнууд, татварын өрийн бүртгэлийг татвар хураалтын ажил хариуцсан ажилтнууд хариуцахаар заасан байх ба өрийн бүртгэлийг хасахад хэлтсийн даргын тушаал гардаг эсэх талаар хэргийн оролцогчдоос зөрүүтэй тайлбар гарган маргаж байхаас гадна Татварын ерөнхий газрын Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд “Өрийн хасалт хийхийн тулд хэлтсийн даргын тушаал байх ёстой. Мэдээллийн баазаас хасах тухай тушаалын загварыг бүх татварын албадад хүргүүлсэн”[1] гэх тайлбар тусгагдсан байгаагаас үзвэл татварын өрийг ямар журмын дагуу хасдаг болон дээрх журмаас гадна энэ талаар зохицуулсан зүйл байгаа эсэхийг шүүх холбогдох газруудаас тайлбар, тодруулга авах замаар шалгах шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан татварын улсын байцаагч Б.Алтанхуягийн “Татварын хэлтсийн дарга, татвар хураалтын тасгийн дарга, Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн дарга нарын заавар, шаардлагын дагуу дээрх шийдвэрийг үндэслэн 2011 оны 11 дүгээр сард 274652400 төгрөгийг хүчингүй болгосон”[2], татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэгийн "... “Ж э Ю Г” ХХК-ийн өрийг хүчингүй болгоход хэлтсийн дарга Л.Нэргүй, хуульч Б.Батчимэг, МБСТ-ийн дарга Н.Э нар оролцсон” гэх тайлбартай[3] холбогдуулан Н.Э-д дээрх өрийг хасах талаар хүсэлт тавьж, хуулийг нь тайлбарлаж өгч мэдээллийн баазаас хасуулсан гэх Б.Ундрах, Ц.Б нарыг гэрчээр асууж, өрийг хасч буй этгээд хэний ямар мэдээлэл, баримт, тушаал зэргийг үндэслэн хасдаг талаар дотоод журам зэргийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

“А т” ХХК-ийн өрийн мэдээллийг бүртгээгүй гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч нь 2011 онд батлагдсан Татварын бүртгэл, мэдээллийн сангийн дүрмийн дагуу өрийг шивэх асуудлыг хуулийн хэлтэс хариуцдаг ба надад хуулийн тасгаас ямар ч материал өгөөгүй[4] гэх бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 102 дугаар тушаалаар бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөхөөс өмнө өрийг шивэх нь Эрсдэлийн удирдлага, мэдээллийн технологийн хэлтсийн даргын буюу нэхэмжлэгчийн үүрэг байсан[5] гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэрт “А т” ХХК-ийн өрийн бүртгэлтэй холбоотойгоор “... мэдээллийн санд мэдээллийг ямар албан тушаалтан оруулах эрхтэй, түүнийг хэрхэн зохицуулсан, зөрчсөн нь тодорхойгүй” гэж дүгнэсэн ба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн дүрмийн 5.1.3.4-т зааснаар Мэдээлэл, боловсруулалт, статистикийн ажил хариуцсан ажилтнуудын хувьд татварын орлогын бүртгэл, хөндлөнгийн болон бусад мэдээллийг хариуцах үүрэгтэй гэжээ.

Иймээс анхан шатны шүүх тухайн албаны бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөхөөс өмнө өрийн мэдээллийг бүртгэх үүргийг нэхэмжлэгч хариуцаж байсан эсэх, өрийн бүртгэлийг шивж оруулахад нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Хуулийн тасгаас материал өгөх журамтай эсэх болон “А т” ХХК-ийн өрийг хугацаа алдаж шивсэн нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас шалтгаалсан эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Татварын ерөнхий газрын дарга нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хамт олноос ирүүлсэн гэх мэдээллийн[6] дагуу 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийх удирдамж баталж, тус шалгалтаар[7] “Ж э Ю Г” ХХК болон “А т” ХХК-иудтай холбоотой дүгнэлт хийсэн байх ба уг шалгалтыг үндэслэн Татварын ерөнхий газрын Ёс зүйн хорооны 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Н.Э нарын хүмүүсийн талаар дүгнэлт гаргаж, уг хуралдаанд Н.Э нар оролцож, тайлбар[8] өгсөн байхад шүүх “зөрчлийн талаар зөрчил гаргагчид танилцуулж, түүний татгалзал, гомдлоо гаргах эрхээр хэрхэн хангасан нь нотлогдохгүй” байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Тиймээс ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, дээрх нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг ДУРДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.