Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Шүүгдэгч М.Мөнхтүвшингийн өмгөөлөгч Д.Энхбаяр /¹0-602/

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Мөнх-Оргилын хууль ёсны төлөөлөгч Д.Найдансүрэн

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч Ж.Дорж /¹0-828/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батхаан овогт Мөнхгэрэлтийн Мөнхтүвшин, Өөлд овогт Найдансүрэнгийн Мөнх-Оргил нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-209 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Батхаан овгийн Мөнхгэрэлийн Мөнхтүвшин /РД-УХ97022057/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ноён бэрс” ХХК-д мужаан ажилтай, 97 дугаар дунд сургуулийн оройн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 8-93А тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Найдансүрэнгийн Мөнх-Оргил /РД-ШУ98072910/

 

Холбогдсон хэргийн талаар: М.Мөнхтүвшин нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Үржихжаргал” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Мөнх-Оргилтой бүлэглэн насанд хүрээгүй иргэн Э.Мөнхсүлдийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

Насанд хүрээгүй яллагдагч Н.Мөнх-Оргил нь 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Үржихжаргал” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, М.Мөнхтүвшинтэй бүлэглэн насанд хүрээгүй иргэн Э.Мөнхсүлдийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Мөнхтүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 24 өдөр Мөнх-Оргил гэдэг найзтайгаа “Үржих-жаргал” хүнсний дэлгүүр орсон. Тэгээд байж байтал гаднаас 2 таньдаг хүүхэд орж ирээд юм яриад зогсож байтал хохирогч Мөнхсүлд гаднаас орж ирээд намайг мөрөөрөө түлхсэн. Тэгээд хохирогчтой маргалдаад нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Мөн гадаа гараад хохирогчийн малгайнаас нь дараад нэг удаа өшиглөсөн. Би өөрийн машиндаа суугаад явах гэтэл хохирогч Мөнхсүлд явуулахгүй байсан. Мөнх-Оргил хохирогчийг машинаас холдуулаад бид хоёр машинтайгаа явсан гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Мөнх-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Мөнхтүвшинтэй цуг хүсний дэлгүүрт байж байхад гаднаас таньдаг хоёр хүүхэд орж ирээд юм ярьсан. Тэгтэл гаднаас хохирогч Мөнхсүлд орж ирээд Мөнхтүвшинтэй маргалдсан. Мөнхтүвшин хохирогчийн нэг удаа цохисон. Би хохирогчийг малгайнаас чирээд гадагшаа гаргасан. Гадаа гараад хохирогчийг нэг удаа өшиглөсөн. Мөнхтүвшинтэй цуг машиндаа суугаад явах гэтэл хохирогч явуулахгүй байсан. Би буугаад хохирогчийг машинаас холдуулж машинтайгаа явсан гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхсүлдийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цаг 30 минутын үед би гурил авах гээд гэрийнхээ хажууд байдаг Үржихжаргал нэртэй хүнсний дэлгүүр рүү явсан. Үржихжаргал дэлгүүр рүү би ганцаараа орох үед дэлгүүрийн үүдний хэсэгт 2 залуу дэлгүүрийн хаалга таглаад цаашаа хараад зогсож байсан. Тэгэхээр нь би хажуу талаар нь гарах гэтэл тэр залуу намайг тохойгоороо мөр рүү цохисон. Тэгэхээр нь би та 2 одоо яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл намайг мөрөөрөө ёворсон өндөр нуруутай залуу татаж байсан тамхиа миний нүүр рүү шидсэн. Тэгээд намайг шууд малгайнаас доош нь дараад буланд шахаж байгаад миний нүүр ам руу тэр 2 залуу өшиглөсөн. Тэгээд хоёулаа нийлж байгаад миний куртикны малгайнаас татаад намайг чирээд гаргасан. Би юу ч харж чадаагүй. Тэр үед гадаа харанхуй байсан. Намайг татаж гаргаад дахин бас нэг булантай газар аваачаад куртикны малгайнаас доош нь дарж суулгаж байгаад дахин дээрээс дэвсэж хоёулаа зодсон.

Тэр үед манай ангийн хүүхэд Эрдэнэ-Очир тэнд явж байсан юм байна лээ. Тэгээд намайг зодуулж байхыг хараад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би - манайд очоод агааг дуудаад ир гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэ-Очир гүйгээд яваад өгсөн. Тэгтэл тэр 2 шууд намайг хаяал машинаа асаагаад хөдлөх гэхээр нь би машиных нь урд крыло дээр гараараа дараад явуулахгүй гэхэд намхан залуу нь бууж ирээд намайг татаж чирээд машиндаа суулгана гээд алаад хаячихъя гэж хэлсэн. Тэгээд би хойшоо ухрахад хоёулаа машиндаа суугаад зугтаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/

 

                 Гэрч О.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тэр өдөр Үржихжаргал нэртэй дэлгүүрт Эрдэнэ- Очир бид 2 зогсож байтал Мөнхтүвшин, Мөнх-Оргил хоёр орж ирсэн. Удалгүй Мөнхсүлд ганцаараа дэлгүүр рүү орох үед нь Мөнхтүвшин Мөнхсүлдийг мөрөөрөө ёвроод тамхины цогтой ишээ Мөнхсүлдийн уруулын дээд хэсэг рүү шидсэн. Тэгээд дараа нь нүүр рүү нь цохиод куртикных нь малгайнаас чирээд дэлгүүрээс гаргаж ирээд дахин хэд хэд цохисон. Би тэр хоёрыг салгах боль гээд салгахыг оролдсон боловч салахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

    

                 Насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэр өдөр би Золбаяр гэдэг найзтайгаа Үржихжаргал хүнсний дэлгүүрийн үүдэнд коридорт зогсож байсан. Тэгтэл зүс харж байсан хоёр залуу машин унаад хүрээд ирсэн /Мөнх-Оргил, Мөнхтүвшин/. Тэгээд тэр хоёр хүрч ирээд бид хоёртой уулзаад Золбаяртай сайн уу энэ тэр гээд яриад байсан. Тэгж байтал манай найз Мөнхсүлд ганцаараа дэлг/үр дотор ороод ирсэн. Тэгтэл өндөр банди буюу Мөнхтүвшин нь манай найз Мөнхсүлдийг яагаачгүй байхад мөрөөрөө түлхсэн. Тэгээд Мөнхсүлд мөрлүүлчихээд яагаад байгаа юм гэхэд эндөр залуу болох Мөнхтүвшин нь Мөнхсүлд рүү шууд татаж байсан тамхины ишээ шидчихсэн. Тэгээд Менхтүвшин Мөнх-Оргил хоёр нийлж байгаад дэлгүүрийн коридор дотор Мөнхсүлдийг зодсон. Тэгтэл Мөнхсүлд над руу орилоод манай ахыг дуудаад ир гэж хэлсэн. Мөнхсүлдийг тэр хоёр зодоод байхаар нь Золбаяр бид 2 салгах гэж оролдсон... гэх мэдүүлэг /хх-ийн 24 /

 

                 Яллагдагч М.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би Чингэлтэйд байдаг эгч Энхцэцэгийн гэр рүү ганцаараа явсан. Тэгээд Энхцэцэг намайг дэлгүүр яваад ир гэхээр нь би хашаанд нь байсан 49-52 УНТ улсын дугаартай Аксент маркийн машиныг нь унаж гараад доошоо Үржихжаргал нэртэй хүнсний дэлгүүр руу явсан. Дэлгүүр рүү явж байх замдаа хажуугийн гудамжинд Мөнх-Оргилтой тааралдсан. Тэгээд Мөнх-Оргилыг машиндаа суулгаад Үржихжаргал нэртэй хүнсний дэлгүүр руу орсон. Тэгээд Мөнх-Оргилыг дэлгүүр ороод ир гээд 5000 төгрөг өгсөн. Боов ундаа аваарай гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Оргил Үржихжаргал нэртэй хүнсний дэлгүүрээс гарч ирэхдээ Мөнхсүлдтэй маргалдаад зодолдоод гарч ирсэн. Тэгээд би гараад Мөнх-Оргилыг боль гэж салгаад машиндаа суулгаад дээшээ Мөнх-Оргилын гэр рүү явсан. Тэгээд Мөнх-Оргилыг гэрт нь буулгачихаад тэгээд би өөрөө эгчийнх рүүгээ яваад өгсөн. Тэгээд эгчийндээ байж байгаад 5 буудалд гэртээ ирээд унтаад өгсөн. Би Тамхи шидээгүй. Машинаасаа ч буугаагүй. Би өшиглөж зодоогүй. Мөнхсүлд, Мөнх-Оргилтой хэрэлдэж хоёр гурав цохилцсон. Ямар ч байсан зодолдсон би гараад салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48х/

 

                 Насанд хүрээгүй яллагдагч Н.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: “… 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз Мөнхтүвшинтэй хамт орой 21-22 цагийн үед Үржихжаргал нэртэй хүнсний дэлгүүрээс ундаа авхаар орсон. Тэгтэл намайг өдөж хоргоогоод байдаг хоёр гурван залуучуудын 2-той нь дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Тэгээд тэр хоёр залуутай юм яриад зогсож байтал гаднаас хохирогч залуу орж ирсэн. Тэгээд зогсож байхад тэр албаар мөрлөөд гарсан би юм яриагүй . Тэгтэл эргэж хараад чам шиг бандийг мэднэ ш дээ яагаад байгаа юм гэсэн. Тэгээд хэл амаар доромжоод байсан. Тэгхээр нь би тэр бандийг цохисон тэгээд зодоон эхэлсэн. Тэр залуу намайг боогоод хана руу шахах үед би куртикнийх нь малгайнаас таттал малгайн салчихсан. Тэгээд би тэр залууг татаж дэлгүүрийн үүдний тамбараас нь гарсан. Тэгээд гадаа зодолдоод байж байхад Мөнхтүвшин хараад машинаасаа бууж ирээд намайг салгаж авсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би тэр залуугийн эрүү рүү нь гараараа нэг удаа цохисон. Намайг хэл амаар доромжилоод байхаар нь миний уур хүрээд цохичихсон. Мөнхтүвшин оролцоогүй, намайг салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1636 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: Э.Мөнхсүлдийн биед хамрын ясны хугарал, дээд эрүүний 3 шүд хөдөлсөн, уруулын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мзндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх оны сарын -ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31х/

 

Шүүгдэгч М.Мөнхтүвшингийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-77х/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х, 51х, 60х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Мөнхтүвшин, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Мөнх-Оргил нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үржихжаргал” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, насанд хүрээгүй иргэн Э.Мөнхсүлдийг зодож бие махбодид нь хамрын ясны хугарал, дээд эрүүний 3 шүд хөдөлсөн, уруулын арьсны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 37х, 48х/, насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхсүлд /хх-ийн 18х/, гэрч О.Золбаярын /хх-ийн 22х/, насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэ-Очирын /хх-ийн 24х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 31х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Иймд М.Мөнхтүвшин, Н.Мөнх-Оргил нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхсүлдэд шүүгдэгч нараас гэм хорын хохиролд нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн /хх-ийн 79, 108х/, хохирогч нь: “цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-ийн 80, 108х/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                

Шүүгдэгч М.Мөнхтүвшин нь урьд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /хх-ийн 63-65х/ хэргийн ялтай байдлын хугацааг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг баримтлан түүний үйлдсэн эрүүгийн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Н.Мөнх-Оргил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэмт хорын хохирлоо арилгасан, хувийн байдал, насанд хүрээгүй /хх-ийн 9х/ зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй үзэж хойшлуулав.

М.Мөнхтүвшинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Батхаан овогт Мөнхгэрэлтийн Мөнхтүвшин, насанд хүрээгүй шүүгдэгч Өөлд овогт Найдансүрэнгийн Мөнх-Оргил нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар М.Мөнхтүвшинд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Н.Мөнх-Оргилд 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Мөнхтүвшиний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Н.Мөнх-Оргилын эдлэх ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. М.Мөнхтүвшин, Н.Мөнх-Оргил нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Мөнх-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэх үүргийг эцэг Д.Найдандоржид нь хариуцуулж, хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан М.Мөнхтүвшинд эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

                                              

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Мөнхтүвшин, Н.Мөнх-Оргил нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ