Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0143

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Н-н А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Н-н А /РД: ........... /, ......  оны .......  дүгээр сарын .... -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , ..........-ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ....  дүгээр баг, ..........  байрны ....  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2022  оны 03 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ....  дүгээр баг ........байрны ... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А-ийг зодож эрүүл мэндэд нь баруун гарын 3 дугаар хуруунд цус хуралт, 2 нүдний доод зовхины салстад цус хуралт, хялгасан судсууд өргөссөн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.  Эхнэр бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. Эхнэр маань надаас хохирол нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2218000000176 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр  өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө найзуудтайгаа гадуур гараад гэртээ үүрээр халамцуу орж ирсэн. Өглөө нь А охиноо гэрээс аваад гараад явсан. Учир нь би шартаад бие маань жаахан муу байсан. тэгээд орой нь манай байрны ..... давхрын .... тоотод амьдардаг хадам ээж Н-н гэрт орж охиноо авсан. Энэ үед А ээжийнхээ гэрт согтуу унтаж байхаар нь би нөхрөө сэрээлгүй охиноо аваад гэр лүүгээ орсон. Тэгээд охиноо унтаад шөнө хаалга нүдээд онгойлгосон чинь А орж ирээд Охиноо авч явна. Би охинтойгоо унтах гээд байна. Яагаад чи хүүхэд авч явж байгаа юм гээд байсан. Тухайн үед Ааас маш их архи үнэртээд байхаар нь би А-т хандан Чамаас маш их архи үнэртээд байна. Согтуу байж хүүхэд авч явж яах гээд байгаа юм. Чи зүгээр ээжийнх рүүгээ орж унтаж амар гэж хэлсэн. Түүнээс болж бид хоёр маргалдсан. Би эхлээд А-ыг цохисон. Тэгээд нөхөр маань уурандаа намайг түлхэж унагаасан ба би түүн рүү гар хөлөөрөө цохих гэтэл миний дээр А гарчихсан нэг мэдсэн миний хоолой боогдсон. Тэгтэл хадам ээж орж ирээд А-ыг болиоч гэж болиулаад надад Миний охин яаж байна босоорой гэж хэлээд босгосон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Гэрч Г.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө намайг гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт унтаж байхад гэрийн хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би гайхаад босож хаалгаа онгойлготол манай байрны 4 давхарт амьдардаг А-ын эхнэр А  нэлээн сандарсан, уйлсан байдалтай манайд орж ирээд найздаа гар утсаа өгөөч утаснаас чинь цагдаа руу дуудлага өгье. Манай нөхөр намайг сая зодоод гэсэн билүү боогоод ч гэсэн билүү юм хэлсэн. Тэгээд би өөрийн утсаа А-т өгсөн. Тухайн үед А-ийн биед ил хэрэгдэх шарх гэмтэл байгаагүй бөгөөд өөрөө уйлсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Гэрч Д.Н-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын сүүлээр А охиноо манайд дагуулж орж ирээд ээж та манай эхнэрт бантан хийгээд өгөөч А найзуудтайгаа гадуур архи дарс ууж хэрэглээд өнгөрсөн шөнө үүрээр гэртээ согтуу орж ирсэн. Одоо шартаад босож чадахгүй байна гэхээр нь би чадахгүй өөрсдөө хийж идэцгээ гэж хэлсэн. Тухайн өдрийн орой А-ыг унтаж байхад 21 цагийн үед А орж ирээд охиноо аваад гэр рүүгээ ороо А эндээ унтаг гэж хэлээд охиноо аваад гарсан. А унтаж байгаад 00 цаг өнгөрч байхад сэрээд охиноо асуухаар нь би эхнэр чинь орж ирээд гэр рүүгээ дагуулаад орсон гэж хэлсэн. Тэгтэл А охиноо авчирна гээд гарсан. Удалгүй араас нь гартал коридорт А, А  нарын дуу чанга чанга сонсогдоод хоорондоо маргалдаад байгаа юм уу зодолдоод байгаа юм шиг сонсогдсон тул яваад очтол унтлагынхаа өрөөнд А гэрийн халаадтай газар хэвтсэн, А-ийн цээжин дээр нь А гарч суугаад А-ийн хоолойг халаадны захаар нь боосон байдалтай байхаар би А-ыг түлхэж цохиод чи эхнэрээ аллаа. Яаж байгаа юм. Эхнэрийнхээ дээрээс босооч чи гэж хэлээд А-ыг А-ийн дээрээс босгосон чинь А  газраас босоод  гэрээсээ гүйж гараад 5 давхарт байх найзынхаа гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 365 дугаартай ...Б.А-ийн биед баруун гарын 3-р хуруунд цус хуралт тогтоогдлоо. Б.А-ийн биед үзлэгээр 2 нүдний доод зовхины салстад цус хурсан, хялгасан судаснууд өргөссөн байдалтай байсан ба түр хугацааны амьсгал бүтэлтийн байдалд орсон байх боломжтойг харуулж байна. Б.А-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Н.А-ын яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эхнэр А  бид хоёр эхнэрийг архи дарс ууж 25-ны өдрийн үүрээр гэртээ орж ирсэн асуудлаас болж хоорондоо маргалдсан. ...Гэртээ ороод эхнэр рүү охиноо авъя гэтэл өгч явуулахгүй гээд байхаар нь бид хоёр маргаад А  над руу дайраад миний нүүр рүү цохиод элдвээр хараагаад гэрээс хөөсөн. Тэгэхээр нь уур хүрээд А-ийн хөдөлгөөнийг хорихоор түүний өмсөж явсан халаадаар боосон ба энэ үед гаднаас ээж орж ирээд биднийг салгасан. Тэгээд эхнэр маань босоод цагдаад дуудлага өгсөн. Би урьд өмнө эхнэрээ зодож байгаагүй. Гэм буруугаа ухамсарлаж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Н.А-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-н А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн Н.А-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР