| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00341/и |
| Дугаар | 360 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 360
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын 2 дугаар баг Сэхүүл гэдэг газарт оршин суух Халбагад овогт Хайдавын Уртнасан
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Халбагад овогт Хайдавын Уртнасан шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1978 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр малчин болж түүнээс хойш нэгдэл тарах хүртэл мал малласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Нэгдэл тарахаар өөрийн хариулж байсан малаа заримыг өөрөө авч заримыг нь хүмүүст хувьчлалд тараагаад хувийн малаа малласан. Нэгдэлд дандаа бог мал маллаж байсан. Би 5 хүүхэд төрүүлсэн, түүнээс 3 нь одоо байгаа. Иймд 1980-1989 онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Халбагад овогт Хайдавын Уртнасан нь 1980 оны 5 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.08.08-ны өдрийн 280/15, 2017.06.16-ны өдрийн 226/15, 2017.08.09-ний өдрийн 283/15 тоот лавлагаанууд болон гэрч З.Цэцгээгийн шүүхэд өгсөн “ . . . Х.Уртнасан бид хоёр 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд аав ээжээ даган малчин болсон. Би удалгүй аймагт ирж Хүнсний үйлдвэрт ажилчин болон. Уртнасангийнх манай аавынхтай айл саахалт байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэтуяагийн шүүхэд өгсөн “. . . Х.Уртнасан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр бригадад 1980-1990 оныг хүртэл тасралтгүй мал малласан. Х.Уртнасангийнх голдуу бог мал маллаж байсан. Цагаан худаг, Билүүт гэдэг газруудаар нутаглаж байсан. Би тус нэгдлийн Дэлгэр бригадад 1980-1990 оныг хүртэл малчнаар ажилласан. Уртнасангийнх манайтай айл саахалт байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.
Нэхэмжлэгч Х.Уртнасангийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Халбагад овогт Хайдавын Уртнасан нь 1980 оны 05 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Х.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Уртнасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ