Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2022/0153/Э |
Дугаар | 2022/ШЦТ/166 |
Огноо | 2022-04-28 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0153/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт А-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт А-ийн Б /РД: ....... /, ......... оны .... дугаар сарын .... -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , .......... ийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг, ............ дугаар брак байрны ..... тоотод оршин суух хаягтай. Урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн ....... оны ..... дугаар сарын ...... -ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ оны ..... дугаар сарын ... -ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 02 сарын хугацааг нэмж нэгтгэн 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ...... дугаар сарын ....... -ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .... дүгээр сарын .. -ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дугаар багт байрлах ...... дүгээр брак байрны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн мөр, гарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Өмнө мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг
Эрүүгийн 2218000000158 дугаартай хэргээс:
Хохирогч Б.У-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 08, 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: "...Өнөөдөр өөрийн нөхөр Б-ийн хамт гэр лүүгээ харих гээд ....... дүгээр брак байрны хажуу талд явж байтал нөхөр маань гэнэт хэрүүл хийхээр нь би “Дуугүй бай" гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй шууд намайг алгадаад үснээс зулгаагаад газар чирээд миний нүүр лүү өшиглөхөд нь би газар унасан. Намайг газар унахад миний үснээс дахиж зулгаагаад чирч байгаад айлын хашаа руу толгойгоор маань хоёр удаа мөргүүлсэн. Тэгээд би утсаа гаргаж ирээд ээж рүү залгаад ярих гэтэл миний утсыг булааж аваад хашаа руу савж шидээд эвдэлчихсэн. Тэгээд би босоод буцаж .... дугаар брак байр луу явж байхад урд талаас ээж, манай охин хоёр ирээд надтай уулзсан. Тэгээд би ээжийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Миний гар утас Самсунг А5 маркийн гар утас байсан. Гар утсандаа үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 8, 10 дахь тал/,
Гэрч Р.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр өөрийн зээ охин Ц болон түүний нөхөр Б нарын хамт 12 цаг өнгөрч байхад “Дархан” зах ороод чихэр жимс аваад буцаад охин У-ийн гэр лүү очих гээд явж байхад манай охин У гар утсаараа над руу залгаад “Ээж та хаана байгаа юм бэ” гэж асуухад нь “Танай гэр лүү явж байна” гэж хэлэхэд манай охин утсаа салгасан. Тэгээд би ... дугаар брак байрны урд ирэхэд манай охин У нөхөр Б-ийн хамт хоёулаа гараад ирсэн ба манай охины нүүр цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад Б манай охиныг зодож цохиод толгой, нүүр лүү нь өшиглөсөн гэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай “Б.У-ийн биед тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн мөр, гарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.У-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
А.Б-ийн яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө манай эхнэр гадуур эгчийнхээ гэрт хонож байгаад гэртээ ирлээ. Намаг тосоод авчих гэж хэлэхээр нь би түүнийг тосох гээд таксины буудал дээр очсон. Тэгээд эхнэртэйгээ уулзаад буцаад гэр лүүгээ явах замдаа бид хоёр хоорондоо маргалдаад би эхнэрийнхээ нүүр лүү алгадаж цохиход манай эхнэр газар уначхаад босоод ирэхээр нь гараараа түлхэхэд хашаа толгойгоороо мөргөж унаад хамраас нь цус гарсан. Тэгээд байж байтал манай хадам ээж, аав, охин гурав хашааны цаад булангаас гарч ирээд бид хоёр дээр ирээд юу болоод хоорондоо хэрэлдээд байгаа юм гэж хэлэхэд манай эхнэр намайг зодчихлоо цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Би эхнэрээ гараараа алгадаж нэг удаа нүүр лүү нь цохисон. Бас гараараа түлхэж хашаа мөргүүлсэн. Би тухайн өглөө эхнэрийнхээ найзын гэрт очиж 2 литрийн Боргио нэртэй пиво уусан бөгөөд бага зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч А.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч А.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн мөр, гарт цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч Б.У нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул
шүүгдэгч А.Б-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ийн Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн А.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР