| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00331/и |
| Дугаар | 370 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 370
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг Тэжээлийн задгай грашид сахиул ажилтай Зээрднүүд овогт Дэлгэрцогтын Чулуунбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг Өлзийт хорооллын Бугат дэлгүүрийн арын 4 айлын орон сууцны 2 тоотод оршин суух Дашцэрэнгийн Баярмагнайд холбогдох “бярууны үнэ 1.750.000 / нэг сая долоон зуун тавин мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Баярмагнай нь 2016 оны 05-р сарын 13-ны өдөр аймгийн төвд 2 өдрийн туршид гуйж байгаад 5 (тав) бярууг 1 бүрийг нь 250000 (хоёр зуун тавь) төгрөгөөр тооцон 1250000 (нэг сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөр тооцон мөнгийг бэлнээр авч бяруунуудыг өөрөө авчирч өгөхөөр тохиролцон бичиг үйлдээд явсан боловч хугацаандаа өгөөгүй тул хойноос нь хөөцөлдөж явсаар 2017 оны 1-р сард уулзахад бярууг өгөөгүй бөгөөд мөнгийг 1500000 (нэг сая таван зуун мянга) болгож өгнө гээд өөрөө амалсан боловч мөн өгөлгүй байсаар 2017 оны 5 сард шүүхэд өгнө гэхээр 6 сарын 7-ны дотор 1750000 (нэг сая дооон зуун тавин мянга) болгож өгье одоо Эрдэнэцагаан яваад мал цуглуулж мөнгө болгоно гэж амласан боловч мөн л худал хэлсээр өдийг хүрлээ. Иймд Д.Баярмагнайгаас өөрөө өгнө гэж амласан (хүүг тооцон) 1750000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баярмагнай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 05-р сарын 13-нд Д.Чулуунбатаас 5 бярууг / нэг бярууг 250.000 төгрөгөөр / 1.250.000 төгрөгөөр авсан нь үнэн. Одоо хүү, алдангийн хамт 1.750.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунбат нь хариуцагч Д.Баярмагнайгаас “бярууны үнэ 1.750.000 / нэг сая долоон зуун тавин мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Баярмагнай нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Чулуунбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Баярмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 42.950 төгрөгийн тал хувь болох 21.475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Чулуунбатын нэхэмжилсэн бярууны үнэ 1.750.000 / нэг сая долоон зуун тавин мянга / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баярмагнай төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Чулуунбат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Баярмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлвөл зохих 42.950 төгрөгийн тал хувь болох 21.475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ