Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/562

 

  2022       04         13                                   2022/ШЦТ/562

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч/Хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

Шүүгдэгч/Хохирогч Т.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г, Т.О нарт холбогдох эрүүгийн 2206 00000 0638 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. С.Г,

 

2. Т.О,

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Жамсран уулын .... тоотод хохирогч Т.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.О нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Жамсран уулын .... тоотод хохирогч С.Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, төмсөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний гадна булан, зүүн доод зовхи, уруул салст, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

 Эрүүгийн 2206 00000 0638 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр ажлынхаа Б, Б, Б, Г бид нар Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ын гэр лүү орсон, Буянбат ах 0.75 литрийн 1 архи авсан. Б ахын гэрээс гарах гэж байтал манай цахилгаанчин Г ах надад хандаж чи залуу хүн байж яах гэж слесарь хийдэг юм бэ, баас шээстэй зууралдаад арчаагүй юм бэ гэхээр нь би танд хамаагүй шүү гэж хэлсэн чинь миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон, тэгсэн Б ах бид хоёрыг салгаад би яг гарах гэж байтал дахиж намайг цохисон.Тэгэхээр нь би эргэж хараад нүүр хэсэгт нь цохичхоод Б ахын гэрээс гараад явсан. Тэгсэн араас дагаж ирээд намайг зодох гэж хөөгөөд чулуугаар шидэж зогс пизда минь чамайг ална гээд байсан. Би гүйсээр байгаад гэрийнхээ гудамжинд иртэл араас чулуу шидсэн. Тэр чулуу намайг оноогүй. Чулуу шидэхээр нь миний уур хүрээд өөдөөс нь очсон чинь намайг шууд цохиод бид хоёр зууралдаж зодолдож эхэлсэн. Тухайн үед би нүд, хөмсөг хэсэгт нь цохиод газарт унагаачихаад зугтаагаад явсан. Тэгээд гэртээ орж ирэхэд хоёр цагдаа гэрт орж ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Б-ын гэрт Б, Б, О бид нар уулзаж .... дугаар сургуулийн аваргыг тэмдэглэсэн. Бүгдээрээ хамт 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архинаас 1 шилийг, 0.75 литрийн “Чингис” нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан. Архи ууж дууссаны дараа О нь над руу шалтгаангүйгээр дайраад “Та бол том хүн гэхдээ би таниас айх юм уу” гэх мэтээр хэрүүл өдөөд, надтай барьцалдаж авсан. Тэгээд О Б-ын гэрээс нь гараад явсан. Би араас нь очоод “Чи намайг дээрэлхлээ” гэж хэлтэл надтай барьцалдаж аваад гараараа миний нүүр рүү цохиод байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг хаана цохиулж зодуулснаа санахгүй байна. Тухайн үед би зүс таних О-тэй маргалдсан. О намайг зодсон. Миний баруун чихнээс цус гарсан, зүүн нүд хавдсан, хамарнаас цус гарсан, хиймэл шүд хугарсан зэрэг гэмтэл ажиглагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч, хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Шидэт-Од нэртэй нүүр амны эмнэлэгт хандсан. Мөн толгойны зураг авахуулсан 120,000 төгрөг, хиймэл шүдийг 700,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Надад мөнгө байхгүй учир хийлгэж чадахгүй байна. Бодит хохирол гэвэл 820,000 төгрөг, сэтгэл санааны хохирлын мөнгө 1,300,000 төгрөг болно” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч, хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгээгүй. Толгойны зураг 130,000 төгрөгөөр  авахуулсан. Г ах надад 500,000 төгрөг өгвөл надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2002 дугаартай:

“...1. Т.О-ийн биед 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн  18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1953 дугаартай:

“...1. С.Г-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, уруулын салст, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал нь дангаараа болон бусад гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус тусдаа 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 41 дүгээр хуудас/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Жамсран уулын ... тоотод хохирогч Т.О-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон, тэгсэн Б ах бид хоёрыг салгаад би яг гарах гэж байтал дахиж намайг цохисон. ...миний уур хүрээд өөдөөс нь очсон чинь намайг шууд цохиод бид хоёр зууралдаж зодолдож эхэлсэн.” гэх мэдүүлгүүд,

 “Т.О-гийн биед 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн чамархайн хуйх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2002 дугаартай  дүгнэлт,

Шүүгдэгч Т.О нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Жамсран уулын ... тоотод хохирогч С.Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, төмсөг хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний гадна булан, зүүн доод зовхи, уруул салст, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-тэй маргалдсан. О намайг зодсон. Миний баруун чихнээс цус гарсан, зүүн нүд хавдсан, хамарнаас цус гарсан, хиймэл шүд хугарсан” гэх мэдүүлгүүд,

С.Г-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, баруун нүдний гадна булан, зүүн дээд зовхи, уруулын салст, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1953 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч С.Г, Т.О нарын биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Г, Т.О нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Т.О-ээс 128,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Г-д, шүүгдэгч С.Г-ээс 130,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.О-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.О, С.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох С.Г, Т.О нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Г, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Г, Т.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Г, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Г, Т.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Т.О-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г, Т.О нарт оногдуулсан торгох ялыг  10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Т.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Г, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г-ээс 130.000 төгрөгийг гаргуулж регистрийн РК89041011 дугаартай хохирогч Т.О-д,

шүүгдэгч Т.О-ээс 128.000 төгрөгийг гаргуулж регистрийн ЗЛ69052819 дугаартай хохирогч С.Г-д тус тус олгосугай.

 

8. Хохирогч Т.О, С.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох С.Г, Т.О нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА