Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 362

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:                                                                               

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 8 дугаар баг Гүн булаг гэдэг газарт оршин суух Баяр Ихт овогт Жамсрангийн Цэрэннадмид

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг  2017.08.04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэрэннадмид, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Баяр-Ихт овогт Жамсрангийн Цэрэннадмид шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1982-1989 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны трестэд ногоо ялгагч цэвэрлэгчээр ажиллаж байсан. Би бол тасралтгүй ажиллаж байсан юм. 6-н хүүхэд төрүүлсэн. 2 нь үрэгдэж одоо 4-н хүүхэд байгаа. Зарим жил хөдөө ногоон дээр ажиллаж байсан, гэхдээ цалин бол авдаг л байсан. 1983 онд бол ажиллаж л байсан, ажилд ороод ажлаас гарах хүртлээ тасралтгүй ажилласан нь үнэн. Иймд намайг 1982-1989 онуудад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Баяр Ихт овогт Жамсрангийн Цэрэннадмид нь 1982 оны 05 дугаар сараас 1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хотын худалдааны трестэд ногоо ялгагч цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017.06.23-ны өдрийн 241/15 тоот лавлагаа, 1988.10.04-ний өдөр шагнагдсан баярын бичгийн хуулбар болон гэрч Ш.Адъяагийн шүүхэд өгсөн “ . . . Намайг Сүхбаатар аймгийн Худалдааны трестийн ногооны зооринд ахлах няраваар ажиллаж байхад Ж.Цэрэннадмид нь 1982 онд ногооны зооринд цэвэрлэгчээр ажилд орж байсан. Түүнээс хойш 1989 оныг хүртэл тасралтгүй ногооны цэвэрлэгч, ногоо ялгагчийн ажлыг хийсэн. Бид хамт ажиллаж байсан болохоор Ж.Цэрэннадмидын ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтуяагийн  шүүхэд өгсөн “. . . Ж.Цэрэннадмид нь 1982-1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Худалдааны трестийн  ногооны зооринд цэвэрлэгч, ногоо ялгагчийн ажил хийж байсан. Би Сүхбаатар аймгийн Худалдааны трестийн ногооны зооринд 1982-1992 оныг хүртэл ногоо ялгагчаар ажилласан. Бид олон жил хамт ажилласан болохоор Ж.Цэрэннадмидын ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ж.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баяр Ихт овогт Жамсрангийн Цэрэннадмид нь 1982 оны 5 дугаар сараас 1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны трестэд ногооны зооринд цэвэрлэгч, ногоо ялгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнадмид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ш.ОЮУНГЭРЭЛ