| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/00345/и |
| Дугаар | 367 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 367
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн 10-1001 тоотод оршин суух Амгайт овогт Бухын Бодьхүү
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2017.08.11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бодьхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Амгайт овогт Бухын Бодьхүү шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад 1983-1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хонь, хуц хариулж байсан. Халзан сумын Захиргааны байр шатаж миний хөдөлмөрийн дэвтэр устсан тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг 1983-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Амгайт овогт Бухын Бодьхүүг 1984 оны 03 дугаар сараас 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2016.08.16-ны өдрийн 200/15 тоот лавлагаа болон гэрч О.Цогтын шүүхэд өгсөн “ . . . Б.Бодьхүү нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан. Эднийх Шүүтээр нутагладаг байсан. Б.Бодьхүү нь насаараа л мал малласан. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1980-1995 оныг хүртэл тракторчноор ажилласан. Айлуудаар өвс тэжээл зөөгөөд явдаг байсан болохоор Б.Бодьхүүгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг, гэрч Ж.Сүхбаатарын шүүхэд өгсөн “. . . Б.Бодьхүү нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1983-1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Бодьхүү нь нөхөр Аюурзанын хамт хонь хариулдаг байсан. Б.Бодьхүү нь насаараа л мал малласан. Өөр ажил хийгээгүй хүн. 6-7 хүүхэд төрүүлсэн. Тухайн үед бол төрөөд л ажлаа хийдэг байсан. Одоогийнх шиг удаан амарч байгаагүй. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1979-1990 оныг хүртэл тракторчноор ажилласан. Айлуудаар өвс тэжээл зөөгөөд л явдаг байсан болохоор Б.Бодьхүүгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна. Харин 1983 оноос эхлэн ажиллаж байсан гэж нөхөр Аюурзаныхаа хөдөлмөрийн дэвтрийг хавсарган ирүүлсэн байгаа боловч тэр үед гэр бүл болоогүй байсан байх тул энэ нотлох баримтаар ажиллаж байсан гэж үзэх боломгүй байна. Иймд 1983 онд ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах боломжтой болно.
Нэхэмжлэгч Б.Бодьхүү улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Амгайт овогт Бухын Бодьхүүг 1984 оны 03 дугаар сараас 1993 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан Б.Бодьхүүг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бодьхүү нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ